Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчтэй байгуулсан Монгол улсад 2050 онд ДАШТ-ийг зохиох тухай санамж бичгийг хэрэгжүүлэх үүднээс МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр сурагчдын дунд зохиогддог “Дуулиан-2020” тэмцээнийг энэ жилээс эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбоотой “Их Талын Дуулиан” ТББ хамтран явуулахаар болж байна. Хоёр талын төлөөлөл болсон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Их талын дуулиан ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хоёр тал ийнхүү хамтрах болсоноор хүүхэд залуус, өсвөр үеийнхэнд чиглэсэн олон уралдаан тэмцээн, үйл ажиллагааг явуулах юм.
Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус эрүүл чийрэг бие бялдартай өсч торних, нийтэч, багаар ажиллах чадвартай, эвсэг Монгол хүний хөгжлийн төлөө чиглэгдсэн тус тэмцээн нь хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болоод байгаа билээ. Сурагчдын дундах хурц, ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг, жил бүр тэсэн байж хүлээдэг “Дуулиан-2020” тэмцээний МХБХ болон “Их талын дуулиан” ТББ-ууд цаашид хамтран зохион байгуулж мөн МХБХ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтаж хүүхэд залуучуудын дунд зохиогддог “Grassroots”, футзалын уралдаан тэмцээн, шүүгчийн анхан шатны сургалт зэрэг арга хэмжээнүүдийг ч мөн хамтран зохион байгуулах боломжтой.
Цаашлаад 2020 онд МХБХ бид бүхэн хийсэн ажлаа дүгнэж улмаар “Дуулиан-2050” тэмцээнийг үргэлжлүүлэн зохиох болно.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn