Хэвлэл мэдээллийнхэнд зөвлөмж хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийнхэнд зөвлөмж хүргүүллээ

Хоёрдугаар сарын 21-нд “Олон улсын эх хэлний” өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг угтан “Нийтийн эх хэлний боловсролд хэвлэл мэдээллийн үүрэг” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зөвлөмж хүргүүллээ. Монгол Улс Монгол хэлний тухай хуулиа батлуулсан. Эрхзүйн орчноо боловсруулна гэдэг эх хэлээ алдаагүй, цэвэр хэрэглэхэд томоохон түлхэц болсон хэмээн хуралд оролцогчид онцолж байна. Гэхдээ цаашид нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг том орон зай эзэлнэ гэдгийг тодотгож байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, сэтгүүлчид нэн тэргүүнд монгол хэлний дүрмээ баримтлан, Монгол хэлний тухай хуулиа өдөр тутмын ажилдаа мөрдөн ажиллах нь нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна хэмээн тайлбарлаж байна. Энэ ч үүднээс Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Сэтгүүлзүйн эрдэмтэн доктор, салбарынхан хамтран хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд зөвлөмж хүргүүлж байна.

Зөвлөмжид:

  1. Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн гэх яриа ташаа ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан монгол хэлний зөв бичих дүрмийг баримтлан бичих

  2. Эх хэлнийхээ үгийн сангийн баялгаас цаг ямагт суралцаж, уран зөв найруулгаар бичиж, ярьж байх

  3. Цахим сүлжээгээр мэдээлэл түгээж буй албан ёсны сайтууд бичгийн хэлний хэм хэмжээг дагаж баримталж байх

  4. Нэгэнт  оноосон нэр томьёог даган баримталж, шинээр орж ирж буй харь хэлний үг, хэллэгийг аль болох эх хэлний үг, хэллэгээр зөв оноон нэрлэж, бичих

  5. Эх хэлний талаарх “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол хэлний тухай хууль”-ийг дагаж биелүүлэх

  6. Аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай бичиж, ард түмнээ соён гэгээрүүлэхэд үргэлж түүчээ болж байх гэсэн зургаан зөвлөмжийг хүргүүлж байгаа аж.

“Сэтгүүлч” дээд сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Ганхүү “Өдөр тутмын сонин хэвлэлийн хэл найруулгын асуудалд” сэдвээр судалгаа явуулж, илтгэл тавьсан юм. Тэрбээр сэтгүүлч Л.Болормаа, Цэвээнхэрлэн нарын сэтгүүлзүйн бүтээлийн хэл найруулга, баримтаа хэрхэн ашиглаж бичиж буйг өнөөгийн өдөр тутмын сонины сэтгүүлчдийн бүтээлтэй харьцуулан судалжээ. М.Ганхүү “Сэтгүүлч Л.Болормаа, Ц.Цэвээнхэрлэн нарын бүтээлийг судлахад баримтыг материалдаа шигтгэхдээ уран яруу хэлний олон төрлийг ашигладаг юм билээ. Харин сонины залуу сэтгүүлчдийн хувьд “Тэнд үйл явдал боллоо. Тийм асуудлыг шийдвэрлэлээ” гэх мэтчилэн хатуу бичдэг байдал ажиглагдсан. Тиймээс баримтыг материалдаа ашиглахдаа уран яруу хэлний төрлийг ашиглах аргад суралцах нь чухал гэх санааг илтгэлдээ тусгасан” гэв.

Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Ц.Батдоржийн хувьд “Телевизийн хэлэнд хийсэн найруулгын ажиглалт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Мэдээж телевизийн сэтгүүлчид аливаа газар дээрээс мэдээллийг ярианы хэлээр шууд дамжуулдаг. Тиймээс энэ явцад монгол хэлний найруулгын алдаа гаргах тохиолдол бий. Үүнээс гадна ярьж буй мэдээлэл нь дэлгэцэн дээрх баримттай зөрөх, үйл явдлын дараалал хоорондоо авцалдахгүй зэрэг дутагдал ажиглагдсан” гэсэн юм.

Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, дэд профессор О.Шинэбаярын хувьд “Хэвлэл мэдээллийн харь үгийн хэрэглээ” сэдвээр судалснаа илтгэлээ. Тэрбээр “Монгол хэлний тухай хуульд гадаад үг хэллэг, нэр томьёог утга дүйх үгээр монголчлон бичиж, хэрэглэх тухай заасан байдаг. Мэдээж жил ирэх тусам гадаад нэрс нэмэгдэж байна. Гэхдээ харь үг гэхээсээ илүү гадаад нэр томьёо орж ирж байна. Тиймээс гадаад нэр томьёог хэрхэн нэрлэх вэ, яаж хэрэглэх вэ гэдэг дээр нэгдсэн бодлого гаргаж ажиллах нь чухал” гэв.

Иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг цэгцлэх хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна. Нэгдүгээрт, хүүхдүүдэд багаас нь эх хэлний боловсролыг нэгдсэн, зохион байгуулалттайгаар олгох. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид мэдээлэл түгээхдээ эх хэлээрээ зөв бичиж, ярьж, Монгол хэлний тухай хуулиа мөрдөн ажиллах. Гуравдугаарт, харь хэлний үгийг хэрхэн ашиглах талаар нэгдсэн бодлоготой ажиллах гэсэн үндсэн санааг эрдэм шинжилгээний хурлын үеэр мэргэжилтнүүд онцолж байлаа.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж