Европын холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр /2020.10.12/ хуралдаж, ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн асуудалтай холбоотойгоор Оросын хэд хэдэн албан тушаалтнуудад хориг тавих санал гаргахаар бэлтгэж байгаа талаар мэдэгджээ. Уг саналд Франц болон Герман улсын Гадаад хэргийн сайд нар нэгдээд байгаа аж.
Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPCW) Навальныйгаас “Новичок” төрлийн химийн бодис илэрсэн гэх Герман, Швед болон Францын лабораторын шинжилгээний хариуг баталсан учир дээрх саналыг гаргах гэж байгаа гэнэ.
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар дээрх асуудлаас гадна Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн тогтворгүй байдал, Киргизэд болж буй үймээн самууны асуудал болон Армен, Азербайжаны хилийн маргаантай Уулын Карабахын бүс нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм байна.
Эх сурвалж: Radio Free Europe