Цэцийн дүгнэлтийг дүгнэх эрхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг дүгнэх эрхгүй гэв

Хууль зүйн байнгын хороо 16.30 цагт эхэлсэн. Тус байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх товтой байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар саналтай байна” гээд “Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн талаар цэцийн дүгнэлт гарчихсан юм байна. Тэр дүгнэлтийг хуулийн заалтаар тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр дүгнэлт гарсан бол тав хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн хуулийн заалттай юм байна лээ. Энэ асуудлыг нэг тийш болго. Сая чуулганы хэлэлцүүлгийг хараад сууж байхад хууль бус дүгнэлт гэсэн юм ярьчихсан сууж байх юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргачихсан бол тэр нь хууль ёсны, хууль бус гэж бид энд дүгнэхгүй шүү дээ. Бидний хийх ажил бол цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах эсэхийг хэлэлцэх ёстой. Хуулийн яс тав хоногийн хугацаа заачихсан байгаа юм чинь тав хоногт хэлэлцэх хэрэгтэй. Ээлжит бус чуулган зарлагдсанаас хойш өнөөдөр тав дахь өдрөө болж байна. хугацаа нь дуусч байна. албан ёсоор бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд гаргачихсан цэцийн дүгнэлтийг өнөөдөр хэн нэгэн хүн хууль ёсны мөн, биш гэж хэлэх эрх бидэнд байхгүй. УИХ-ын чуулганаар оруулаад хүлээж авах эсэхийг шийдэх хэрэгтэй. Ийм хэтэрхий дураараа авирласан үйл ажиллагаа УИХ-д байж таарахгүй. ҮХ-ийн хямрал руу төрийг түлхлээ. Би энэ цэцийн дүгнэлтийг хэлэлцэх саналыг оруулж байна. Та бүхэн ойлгоно байх гэж найдаж байна” хэмээсэн юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар ҮХЦ-д албан бичиг явуулсан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй хэмээн тайлбарласан юм.

Ийнхүү Ц.Нямдорж, Ж.Батзандан, Х.Тэмүүжин нар санал хэлсний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан эхний асуудлыг хэлэлцэж эхэллээ.  

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж