Арван эмэгтэйн нэг нь зодуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Арван эмэгтэйн нэг нь зодуулж байна

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 60 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд байна. Хүний хэрэгт хошуу дүрэхгүй гэсэн сэтгэлгээнд өөрчлөлт орж иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад өгдөг болсноор энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өсжээ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралт гэнэт нэмэгдээгүй. Хөрш айлд нь гарсан хэрүүл тэмцэл, хүүхдийн уйлах дууг сонссон ч тоолгүй өнгөрдөг байсан иргэд хуулийн байгууллагад ханддаг болсноор цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ийнхүү 60 хувиар өссөн дүн гарчээ.

Хүчирхийллийн гэмт хэрэг хувь хүний ухамсартай шууд холбоотой. Ухамсар дорой хүн эхнэр хүүхэд, гэр бүлийн хүмүүсээ дарамталж хүчирхийллийг үйлдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 30 хувь нь дээд боловсролтой, 30 хувь нь ажилгүй, үлдэж байгаа хэсэг нь нийгмийн дундаж давхаргын хүмүүс байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн жил 638 хүн эрүүл мэндээрээ, 12 хүн амь насаараа хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 57 хувь нь нийслэл хотод 43 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна. Хүчирхийллийн хэрэг сүүлийн жилүүдэд өссөн учир 2 жилийн өмнө цагдаагийн байгууллагын дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах түр байрыг ажиллуулж эхэлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус байранд 259 эмэгтэй, 529 хүүхэд, 5 эрэгтэй хүн түр оршин суужээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна ахмадууд өртөж байна. Өндөр настнуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг төрийн бус байгууллагууд хийжээ. Хүчирхийллийн улмаас 10 эмэгтэй хүн тутмын нэг нь зодуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход иргэдийн оролцоо чухал юм.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж