Цүнх баригчдыг бүү дэмж

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Цүнх баригчдыг бүү дэмж

Цүнх баригчдыг бүү дэмж

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч /ИХТ/-ийг тодруулах санал хураалт болоход ердөө гурав хоног үлдэж, сурталчилгаа дуусах шатандаа оров.

Нэр дэвшигчид сонгогчиддоо танигдахын тулд цас малтаж,  газар ухахаас бусдыг хийсээр 12 хоногийг ардаа хийгээд байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН ялагдал амсахгүйн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар нь онгоц хүлээлгэн орон нутагт ажиллаж яваа бол бол УИХ-ын гишүүд үндсэн ажлаа хийдүүлэн, сонгуулийн сурталчилгаа хийж явна.

Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч өрсөлдөж буй. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын 7062 мандатын төлөө 14388, дүүргийн 291 мандатад 696 нэр дэвшигч тус бүр өрсөлдөж байгаа юм.

Хамгийн ширүүн өрсөлдөөн нийслэл болон УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялсан аймгуудад  өрнөж буй.  Тухайлбал, Сүхбаатар аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх албатуудынхаа хамтаар очсон бол МИАТ компанийн захирал Д.Баттөр хүртэл дайчлагдан, ажилласан мэдээлэл бий. Үндсэндээ Сүхбаатар аймгийн угшилтай улстөрч болгоноо илгээжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд, П.Анужин, Ж.Чинбүрэн гээд хөвөрч буй.

Ирэх жилүүдэд Сүхбаатар аймагт төсвийн их мөнгө эргэж, бүтээн байгуулалт хийгдэхээр болсон нь эрх баригчдын шуналыг хөдөлгөж, УИХ-ын сонгуульд ялагдал амссан шигээ годройтохгүйн тулд хамаг хүчээ хаяж байна гэх.

Харин нийслэлийн 45 мандатын төлөө зургаан нам нэр дэвшигчээ сойж, мөн хоёр бие даагч өрсөлдөж буй бөгөөд эрх баригч нам мөн л Ардчилсан нам засаглаж буй Баянгол, Баянзүрх дүүрэгт илүүтэй анхаарал хандуулж ажиллаж байна. Ямар аргатайдаа л УИХ-ын гишүүн  Ж.Ганбаатар  тойргоосоо НИХТ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ боршуурыг тараан, үндсэн ажлаа хийдүүлж явах билээ.

Уг нь өнгөрсөн хугацаанд бодлого ялж, ажил хийдэг хүмүүсээ гаргаж ирсэн бол өнөөдөр Улаанбаатар хотын нүүр царай өөр,  энэ их түгжрэл, хөрсний бохирдлын ард гарчихсан суух боломж байв. Харамсалтай нь, нийслэлийн иргэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд долоон удаагийн сонголт хийхдээ нэг л удаа Ардчилсан намд итгэл үзүүлсэн бөгөөд 26 жилийн хугацаанд зөвхөн МАН засаглаж иржээ.

Харин 2012 оны сонгуульд Ардчилсан нам нийслэлд ялалт байгуулж, Э.Бат-Үүл хотын захирагчаар томилогдон ажилласан хугацаанд  Улаанбаатар хот нүүрээ угаасан хүүхэд шиг өнгө орж, цэмцийсэн.

Авто замуудыг өргөтгөж, гэр хорооллыг барилгажуулж, орц гарцуудыг нээн, иргэдэд цахимаар газар олгож, нийтийн тээврийг цахим төлбөрт шилжүүлж, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Харамсалтай нь, 2016 оны сонгуульд Ардчилсан нам ялагдсанаар эхлүүлсэн ажлууд нь унтарч, Сонгинохайрхан дүүргийг БНСУ-ын Ганнам дүүргийн жишгээр хөгжүүлэх төлөвлөгөө үгүй болж, хотын захиргаа Ханын материалд бус Нүхт рүү шилжсэн.

Эрх баригч нам өнгөрсөн жилээс эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшээр 220 мянган гэр хорооллын түлшний нийлүүлэлтийг хангаж байгаа ч иргэд угаартсан дуудлага тасрахгүй байна.

Хамгийн сүүлд буюу аравдугаар сарын 7-нд нийслэлд хоёр хүүхэд, нэг том хүн угаартаж амиа алдсан нь НИХТ-д нэр дэвшсэн хүмүүсийн хувьд анхаарах хамгийн чухал асуудал юм.

Угаартсан шалтгааныг албаныхан “Яндангаа буулгаж, өрхөө битүүлснээс угаарт цохиулж, амиа алдсан” хэмээн тайлбарлаж буй нь үнэн үү гэдэг эргэлзээг дагуулсаар буй.

Жилийн хугацаанд 20 шахам иргэн түлшинд хордож, амиа алдсан нь агаарын бохирдолтой тэмцэх ажил хэчнээн хүний аминд хүрэх вэ гэдэг айдас ч төрүүлэх болсон. Иймээс шинээр бүрдэх НИХТ-ийг сонгохдоо иргэд мөнгөнд бус хэн бодлого ярьж, шийдэл гарц санал болгож байна вэ гэдгийг бодолцож сонголтоо хийхгүй бол асуудал шийдэгдэхгүй гэдгийг анхаараарай.

Нийслэлчүүдийг авто замд амьдрахад хүргэж буй түгжрэлийг сааруулах дорвитой шийдлийг мөн хэрэгжүүлэхгүй бол өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод хэд, хэдэн удаагийн 0 зогсолт болсон. Тээврийн цагдаагийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зоригтой шийдэл хэрэгтэй байгааг сануулж ирсэн ч эрх баригчид гал унтраах төдий арга хэмжээ авч, аргацааж ирсэн нь өнөөдрийн байдалд хүргэсэн.

Иймээс нийслэлчүүд хэнийг дүүргээ төлөөлсөн НИХТ-өөр сонговол ачаа үүрч, ажиллаж чадах вэ гэдгийг сайн бодож, сонголт хийхгүй бол дарга дагаж намирагсдыг дэмжвэл дахиад дөрвөн жил түгжрэл, бөглөрөл дундаа амьдрах болно.

Том сургамж нь өнөөдрийн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. Хөгжлөөрөө нийслэлийн төвийн зургаан дүүргээсээ хамгийн хоцрогдсон нь болсон. Улс төрийн намууд ч энэ дүүрэгт өрсөлдөх нэр дэвшигчдийг  илгээхдээ ач холбогдол өгдөггүй, үндсэндээ сонголтгүй сонголтыг тулгасаар ирсэн нь өнөөдөр хүний хөгжлийн индексээсээ эхлээд голлох бүх үзүүлэлтээр сүүл мушгиад сууж буйг анхаараарай.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж