Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Булган аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.
Булган аймгийн Хялганат тосгоны оршин суугч Х.Батаа:
“…Олон малчны хүсэлтийн дагуу би танд нэг л зүйлийг хэлэх гэж ирлээ. Энэ их төвөгтэй асуудал. Гэхдээ төр зөв шийдэхгүй бол сүүлдээ ард түмэнд бүр их хүндрэл учруулж мэдэх хандлагатай, ийм асуудал байгаа юм. Юу вэ гэхээр, малчин, тариаланч хоёрын хооронд асар том зөрчил үүслээ. Яг өнөөдрийн байдлаар Хялганат тосгонд 100-200 толгой мал хашаандаа байна. Хэрэв малчин хүн малаа тариалангийн талбай руу оруулах юм бол орон нутгийн 5-7 хүнээс бүрдсэн нэр бүхий комисс хохирлыг нь тооцож, эрх бүхий албан тушаалтан торгууль, шийтгэл ногдуулдаг журамтай. Монгол Улсын хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо, өөрөө хангах нь маш чухал гэдгийг ойлгож байгаа. Үүний хажуугаар малын мах ч чухал байдаг.
Миний бодож байгаагаар өмч хувьчлалын үед сангийн аж ахуйнуудыг компаниудад хувьчлахдаа хэтэрхий олон мянган га газрыг өгчээ. Ийм учраас тэр газраа харж хамгаалах чадал нь хүрдэггүй, хашаа барьж, харуул тавьж чаддаггүй. Маш олон га газарт тариа тарьчихдаг, ингээд малчид ч хариуцлагатай байж чаддаггүй. Залуус, хүүхдүүд нь сургууль явчихаар малаа харж үлдсэн хоёр хөгшин малаа дийлэхгүй, адуу малаа тариалангийн талбай руу алдаж оруулдаг. Аль аль талдаа ийм зовлонтой, ийм хэцүү асуудлыг зөв шийдээсэй. Төр засгаас энэ асуудалд анхаарч олон талын бодлого, шийдвэр гаргаасай гэсэндээ олон хүний захиас даалгавраар энд хүрэлцэн ирж, Танд дамжуулж байна.”
Булган аймгийн өндөр настан Жамбалдорж:
“…Монгол Улсад ядуурал гэж байхгүй, харин залхуу хүн л ядуу байгаа юм. Олон удаа телевизээр харж байна. Таны олон аймагт очиж ажилласан тухай үзсэн. Ард түмэн ядуу байна, сүйд боллоо гээд яриад байх юм. Би гэхэд далан нас гарсан ахмад байна. Хувийн юм хийгээд, ажил амьдралаа өөд нь татаад, ганц тэтгэврийн мөнгө гэлгүй сайхан амьдралд хүрэх гээд л зүтгэж явна. Би боддог юм. Монгол Улсад архинд орсон, ядуурсан, залхуу, хойрго хүмүүс байна. Би жижиг компанийн захирал хүн л дээ. Жишээ татахад Булган аймагт өдрийн 30 мянган төгрөгөөр ажил хийлгэе гэхээр тэр ажлыг хийх хүн олдохгүй байна. Ядуу нь үнэн үү? Иргэн хүний хувьд манайд ядуурал байхгүй гэж боддог. Ядуу байна гэдэгтэй санал нийлдэггүй.”
Булган аймгийн иргэн Дагвадорж:
“…Манайд нэг хэцүү зүйл байгаа нь намчирхал. Сонгуулийн дараа олон тооны хүмүүсийг албан тушаалаас нь халдаг, ялсан нам нь өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг халж сольдог байдал газар авсан. Гэхдээ ажлаа хийж чадаж байгаа нь тухайн ажлыг хийх ёстой юм уу гэж би боддог. Энэ асуудлыг төр засаг, Төрийн тэргүүн анхааралдаа авах нь зүйтэй байх.
Аливаа үйл ажиллагаанд эрэмбэ, дэс дараалал гэж чухал юм бий. Улс оронд хамгийн их хэрэгтэй, тулгарсан асуудал юу вэ гэдгийг хамгийн түрүүнд бүх нийтээрээ, төрийн байгууллагууд ярилцаж, тэр ажилд олон түмний анхаарлыг хандуулах хэрэгтэй байна. Одоо хөдөө аж ахуйн салбарт анхаарал тавина гээд байгаа. Малын арьс шир үнэгүй хаягдаж байна шүү дээ. Ийм байж болохгүй. Тиймээс аймаг бүрт арьс шир, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийг барьж, зохион байгуулмаар байна. Энэ арьс ширийг үнэтэй болгомоор байна.”
Булган аймгийн иргэн Цогжав:
“…Төрийн албан хаагчид хэрээс хэтэрч байна. Хахууль дээд цэгтээ хүрлээ. Би 10-20 хоногийн өмнө Улаанбаатар хот руу яваад ирсэн. Манай ач зээ нар Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хүүхдээ төрүүлдэг. Нөхөр нь хагалгаанд орж буй эхнэрээ эмнэлэгт 2-3 хоног сахиж, хажууд нь байхын тулд 20 мянган төгрөг, таван литр айраг өгсөн гэнэ. Ийм байж болох уу? Энэ Улаанбаатарт болсон үйл явдал шүү. Эхнэр нь өвдөөд тариа хийлгэх гээд тариагаа аваад ирэхээр “цаг болоогүй” гээд хийдэггүй, дараа нь хийлгэх гэхээр “цагаасаа хэтэрчихсэн байна” гээд тариаг нь хийж өгөхгүй байна гэнэ. Энэ юу гэсэн үг вэ? Хахуулиа авах гэж байгаа юм уу? Учир нь тэндээ байна.”
Булган аймгийн иргэн Бямбасүрэн:
“…Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би залуу хүнийхээ хувьд орон нутгийнхаа хөгжил дэвшилд их санаа зовж явдаг. Орон нутагт, аймагтаа амьдрахад таатай, амгалан тайван байдаг. Гэвч хүний хөгжил тал дээр орон нутагт үнэхээр хоцрогдчихоод байна. Эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийг ярья. Зарим хүмүүс худлаа гээд байдаг. Гэхдээ яах аргагүй бидний авч байгаа мэдээллээр бид 21 дүгээр байранд жагсаж яваадаа харамсаж байна. Залуучууд болоод бусад ард иргэд орон нутагт тогтвор суурьшилтай амьдрахад орон нутгийн хөгжил үнэхээр чухал байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулахаас гадна уулзалтын үеэр давтамжтай хөндөгдсөн хөгжлийн шийдлүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж буй уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа малын арьс шир үнэгүйдэж байгаа тухай олон санал, хүсэлтийг иргэд хэлж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар хэлэхдээ, “Сүүлийн 30 жилд хөдөө аж ахуйн салбар ямар ч бодлогогүй, мартагдаж явж ирсэн гэдэгтэй бүгд санал нийлэх байх гэж бодож байна. 1960-аад оны сүүл, 1980-аад оны эхэн үе хүртэл бид аж үйлдвэрийн комбинаттай байсан. Гутал, арьс шир, ноос ноолуураа бүгдийг нь дотооддоо боловсруулдаг байсан. Өмнө нь байсан юмаа сэргээх талаар яриад байгаа юм.
Хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс шир боловсруулах үйлдвэрийг Дархан-Уул аймагт барих тухай төслийг санаачилж, энэ жилээс ажил хэрэг болж байна. Энэ зөвхөн Дарханы үйлдвэр биш ээ. Монгол орны 21 аймаг, 330 суманд салбар нь байгуулагдах үйлдвэр. Суманд анхан шатны, аймагт дараагийн шатны боловсруулалтыг хийж, Дархан арьс ширний цогцолборт бүрэн боловсруулаад бүтээгдэхүүнээ гаргах экспортын том үйлдвэр юм” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогтцэций сумаас Гашуунсухайтын боомтын чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, Зүүнбаянгаас зүүн зүгт Сүхбаатар, Дорнод чиглэлд бүтээн байгуулалтыг үргэлжлүүлбэл говийн бүс нутаг сэргэх, эдийн засаг 4-5 дахин тэлэх ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр “…Энэ бүтээн байгуулалтыг монгол залуучууд, монгол инженерүүд хийж байна. Түүхэндээ анх удаа бид ийм том бүтээн байгуулалтыг хийж байгаа. Би үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр, монголчууд ажил хийж чаддаггүй гэдэг яриа, ойлголтыг дуусгавар болгох ажлын эхлэлийг тавьж байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалтаар дамжуулан бид оюун санааны маш том өөрчлөлтийг авчирч байна” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган аймагт ажиллах үеэрээ Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиар зочилсон. Энэ үеэр сургуулийн удирдлагын зүгээс танилцуулсан шинэ спорт заал барих асуудлыг хэлсэн үгэндээ дурдаж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар залуу үеийн авьяас чадварыг нээж хөгжүүлэх, тэднийг дэмжих, тухайлбал спортоор хичээллэж буй сурагчдад амжилт гаргах боломж бололцоог нь бүрдүүлэхийн төлөө аймаг, сумын удирдлага идэвх санаачилга, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй гэсэн юм.
Эх сурвалж: president.mn
Холбоотой мэдээ