АНУ-д өнгөрсөн долоо хоногт сингапур иргэн тагнуул хийж, цуглуулсан мэдээллээ БНХАУ-ын засгийн газарт илгээдэг байсан гэх хэргээр баригдаж, 14 сар хоригдох ял сонсчээ.
Баригдсан иргэнийг Жун Вэй Ео хэмээдэг бөгөөд тэрбээр АНУ-ын төрд сэжиг төрүүлж байгаагүй азичуудыг элсүүлж, ажил олгодог БНХАУ-ын тагнуулын байгууллагын нарийн төвөгтэй заль мэхэнд орооцолдож, гарах гарцгүй болсноо хүлээжээ. Түүний цуглуулсан материалууд шууд БНХАУ-ын Засгийн газарт очдог байсан гэнэ.
Тэрбээр Диксон Ео гэдэг нэрээр ажиллаж, хөлсөнд нь ирдэг их хэмжээний мөнгөнд шунахаас гадна АНУ-ын дэлхийд эзлэх хүчирхэг байр суурийг сулруулах тал дээр БНХАУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байсан хэмээн прокурорууд үзэж байгаа гэнэ. Диксон Ео олон жилийн өмнөөс цэргийн нисэх онгоцны хөтөлбөр, Афганистан дахь америк цэргүүд нутаг буцах болсон тухай шийдвэр, зарим өндөр албан тушаалтнуудтай холбоотой шүүхийн шийдвэр зэрэг мэдээллүүдийг дамжуулж байсан хэмээн Хууль зүйн яам нь мэдээлжээ.
Ео өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баригдсан тул түүний 14 сар хорих ялын ихэнх нь өнгөрчихсөн гэсэн үг юм. Тиймээс тэрбээр удалгүй шоронгоос гарах бөгөөд тэр даруй албадан нутаг буцаах аж.
Ео Сингапурын их сургуульд докторант байсан бөгөөд 2015 онд Бээжинд улс төрийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьснаасаа хойш тагнуулын байгууллагад элсчээ. Түүнээс хойш Ео АНУ-д хуурамч компани байгуулж, ажлын зар тараах болсон байна. Улмаар зарын дагуу АНУ-ын цэргийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс түүнд анкетаа илгээдэг болжээ.
Прокурорууд түүнд эхлээд илүү хүнд ял оноохоор төлөвлөж байсан ч Ео АНУ-ын Засгийн газартай хамтарч ажиллан, чухал мэдээлэл хуваалцсан тул ялыг нь ийнхүү 14 сар болгон хөнгөлсөн гэнэ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ