Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу есдүгээр сарын 9-нд МИАТ компанийн ажилтай танилцаж, хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр /2020.10.12/ танилцууллаа.
ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч Т.Батцэцэг тусгай үүргийн онгоцны үнэ тарифт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан юм. Тэрбээр “МИАТ ТӨХК-ийн зүгээс ойрын зайн нислэгт хоол хүнс өгөхгүй байгаа хэрнээ бүх нислэгт хоолны зардлыг тусгасан байсан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэгийн зардалд 4.4 сая төгрөгийг тусгасан. Цар тахлын үед зар сурталчилгаа, ном хэвлэл, лоунжийн зардлыг бууруулснаар тийзийн үнэ тарифыг бууруулах боломжтой гэж үзэж байна” гэлээ.
МИАТ компанид 2020 он гарсаар 2009 өргөдөл гомдол иржээ. Эдгээрээс 1060 нь тийзээ буцаах, 949 нь үйлчилгээний талаар, 12 нь тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифтай холбоотой байсан бөгөөд долоо нь и-мэйлээр, тав нь утсаар ирсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр өмнө нь хэлж байв.
байв.
“Гарын авлага, бизнес лоунж бусад зардлыг танаж, тийзний үнийг бууруулах боломжтой”
Мөн тэрбээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК нь өнгөрөгч гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд нийт 11 чиглэлд 58 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдсэн. Ингэснээр нийт 17.445 иргэнээ татан авсан. Тусгай үүргийн нислэгийг үйлдэхдээ цар тахлаас өмнө үйлдэж байсан нислэгүүдэд өмнө нь мөрдөгдөж байсан тарифаараа үйлчилж, шинэ чиглэлүүдэд нислэгийн зардлаас хамаарч шинэ үнэ тарифыг тогтоосон. Тусгай үүргийн шинэ чиглэлд нэг талдаа зорчигч тээвэрлэх, нисэх буудлын газрын үйлчилгээний зардал, нислэгийн зөвшөөрөл авах, шатахууны зардал нь жирийн үеийнхээс өндөр үнээр гэрээлэх гэх мэт асуудлаас шалтгаалан зардал өндөр гарч байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь олон улсад хөрвөдөггүй валют учраас “МИАТ” компани зорчигчийн тарифыг ам.доллараар тогтоодог. Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 1-нээс 2020 оны наймдугаар сарын 1-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханшийг харьцуулж үзэхэд 6.5 хувиар өссөн дүнтэй байна.
Гэвч “МИАТ” компани энэ оны гурваас зургадугаар сарын хооронд нийт 10 чиглэлд 29 удаагийн тусгай нислэг үйлдсэн. Зардлыг нь авч үзвэл, шууд бус зардал болох ном гарын авлагын зардалд 753 мянгаас 3.4 сая төгрөг, бизнес лоунжийн зардалд 29-152 мянган төгрөг, бусад зардалд тогтмол 39 сая төгрөг тусгажээ. Жишээлбэл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэгийн шууд бус зардалд 242 мянган төгрөгийг зар сурталчилгаа, ном гарын авлагын зардалд 753 мянган төгрөг, бизнес лоунжид 72 мянган төгрөг, бусад зардалд 39 сая төгрөгийн зардал тусгаж байгаа нь нийт зардлын 16.3 хувийг эзэлж байна” гэдгийг хэлсэн юм.
“Мах 5-6 ченж дамжин, нэг кг тутамдаа 2000-3000 төгрөгөөр нэмэгдэж байна”
Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 154 дүгээр тогтоолыг үндэслэж, “Алтан тариа” компани импортолсон улаан буудайг гаалийн татвараас 602.9 сая төгрөгөөр, нэмүү өртгийн албан татвараас 130.3 сая төгрөг, “Өгөөж чихэр боов” компани эхний хагас жилд импортолсон ургамлын тос, гурилын татвараас 62.8. сая төгрөг, нэмүү өртгийн албан татвараас 130.3 сая төгрөг, “Сүү” хувьцаат компани 2019 онд аж ахуй нэгжийн албан татвараас 339.2 сая төгрөгийн тус тус хөнгөлөлт эдэлсэн. Эдгээр компаниуд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байдаг. Тэгсэн мөртлөө цар тахлын нөхцөлд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн.
Мөн мах хэрэглэгчийн гар дээр очихын өмнө 5-6 дамжлагыг дамжиж байна. Бүгд ченжүүдээр дамжин дор хаяж, нэг кг тутамд 2000-3000 төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл анхан шатнаас нэг кг мах 5000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч хэрэглэгчдийн гар дээр 8000-9000 төгрөгийн үнэтэй очиж байна. Улсын онцгой комисст энэ бүх мэдээллийг хүргэсэн. Одоо Улсын онцгой комиссоос шийдвэр гаргах ёстой” гэлээ.
Талхны үнэ 100-500 төгрөгөөр, сүү 100 төгрөгөөр нэмэгджээ
Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор “Сүү” хувьцаат компани, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, “Алтан тариа” зэрэг компаниудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Алтан тариа” компани тавдугаар сарын 31-ний өдрөөс гурилаа нэг кг тутамд төрлөөс нь хамаарч 50-100 төгрөг, “Талх чихэр” компани есдүгээр сарын 1-нээс 20 төрлийн талхны үнэд 100-500 төгрөг, “Өгөөж чихэр боов” компани наймдугаар сарын 17-ны өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 төрлийн бүтээгдэхүүнээ 50 төгрөгөөр, “Сүү” хувьцаат компани 100 төгрөгөөр нэмсэн байна.
Ломбардын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай танилцуулахад Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг гурван дүүргийн 21 аж ахуй нэгжийг шалгажээ. Үүнд, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид эмээл, хазаар, хэт хутга, хөөрөг, эртний эдлэл, гар утас, аппарат, компьютер зэрэг эд зүйлийг 40-50 хувиар үнэлдэг. Тухайн эд зүйлд 7-14 хоногийн хугацаанд хүү тооцож, хоног хэтэрвэл алдангийг 0.7-1 хувийг тооцдог ноцтой зөрчил илэрсэн. Мөн зээлийн хугацаа хэтэрвэл урьдчилан сануулж, хүлээлгийн хугацаа өгөх ёстой ч энэ үйлчилгээг дагаж мөрдөхгүй байна гэв.
А.СҮРЭН
А.СҮРЭН
Холбоотой мэдээ