Х.Мөнхбаатар арслан хүлцэл өчжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Х.Мөнхбаатар арслан хүлцэл өчжээ

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар их спортоосоо зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлахаа өчигдөр мэдээлсэн. Тэрээр энэ талаар өнөөдөр 11.00 цагаас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийхээр төлөвлөөд байсан ч хойшлуулсан юм. Энэ жил 35 настай Х.Мөнхбаатар арслангийн хувьд Улсын наадамд 2001 онд 5 давж начин цол, 2005 онд 7 давж улсын заан цол, 2007 онд 9 даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.

Зодог тайлах болсон шалтгаанаар эрүүл мэндийн улмаас гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ тухайгаа өөрийн пэйсбүүк хуудсаараа дамжуулан хүлцэл өгсөн байна.

Энэ тухайгаа “Миний бие бөхийн спортоор хичээллээд 18 жил боллоо. Энэ хугацаанд санасандаа хүрч чадаагүй ч чамгүй амжилт гаргасан гэж боддог. Одоогоор улсын баяр наадамд 15 жил барилдахдаа 95 барилдаан хийснээс 81 давсан амжилт гаргасан.
Мөн жижиг том олон ч бэртэл гэмтэл авчээ, энэ дундаа 2012 оны цагаан сараар үзүүр түрүүнд барилдаж байхдаа баруун мөр мултарсан нь миний амжилтанд том саад болж байна. 2015 Оны 8 сард хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэд хараахан эдгээгүй байна.
Бие минь спортоо орхихыг шаардаж байгаа ч сэтгэл зүрх минь бэлэн биш байна.
Бөхийн спортыг сонирхон дэмжигч та бүхнийхээ өмнө гарч барилдаж чадахгүй олон том барилдаан өнжиж байгаадаа хүлцэл өчье” гэж тэрээр бичээд дараах зургийг оруулжээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж