"NEWS" агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна.
1911.10.11 Хятадад “Шинхайн хувьсгал” гарав. Уг бослогын удирдагчдын хурлаар Хятад, Манж, Монгол, Төвд, Хотон угсааны улсуудаас бүрдсэн Бүгд найрамдах дундад иргэн улсыг байгуулах шийдвэр гаргав. Уг хувьсгалын удирдагч Сунь Ят Сенийг түр ерөнхийлөгчөөр сонгов.
1925.10.16 БНМАУ-ын ард иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль батлагдав.
1925.10.17 МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцов. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар Н.Хаянхирваа томилогдов.
1935.10.12 Булан дэрс, Хар нуур, Хавирган овооны чиглэлээр Япон баргын зэвсэгт халдлага ширүүсч, улсын хилийг цөмрөн орж, зарим харуулуудыг түрэмгийлэн эзлэв.
Бат хаалга хавьд Японы түрэмгийлэгчид ба Өвөр монголын ард түмнээс урвагчдын эсрэг ард түмний бослого өрнөв. Уг бослогод нийгмийн дээд давхаргынхан ч бас оролцсон бөгөөд бослогыг Япончууд цэргийн хүчээр цуцлан дарсан юм.
1948.10.15 БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоов.
1949.10.16 БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Жоу Эньлай БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Х. Чойбалсаны аравдугаар сарын 06-нд илгээсэн захидлыг хүлээн авч, хариу захидал илгээснээр БНМАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.
1954.10.12 БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ гурван улсын Засгийн газраас Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр замаар шууд тээвэр хийх тухай хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд төмөр замыг 1955 онд багтаан барьж, гурван улс хамтран тээвэр хийхийг шийдвэрлэсэн тухай өгүүлсэн байна. Төмөр замын урт нь 339 км. 1952 оны есдүгээр сарын 15-ны өдөр Хятад-Монгол-Зөвлөлт гурван улс төмөр зам тавих хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
1961.10.17 Бурхантын хөндий гэж газарт одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Германы техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм.
1966.10.11 Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болов.
1968.10.12 Энэ өдөр Мексик улсын Мехико хотод Зуны XIX олимпийн наадам нээлтээ хийжээ. Тус олимпийн наадамд 112 улсын 5516 тамирчид оролцсоноос Монгол Улс спортын 4 төрлөөр 20 тамирчин илгээж, Олимпийн наадмын анхны медалиа хүртсэн. Чөлөөт бөхийн -87кг-д Ж.Мөнхбат мөнгө, -52кг-д Ч.Дамдиншарав, -70кг-д Д.Сэрээтэр, -78кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан юм.
1979.10.13 БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1992.10.13 ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оров.
1996.10.12 Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр офицер ХАЧА-ийн дэргэдэх “Гэ Ян” гадаад хэлний дээд сургуульд суралцахаар очив. Энэ нь Хятад Улс анх удаагаа Монгол Улсын армиас гадаад оюутан хүлээн авч суралцуулж буй явдал ажээ.
2013.10.12 АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг АНУ-ын Азийн сангийн шагналаар шагнав.
2014.10.12 Монгол Улс-ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхлэв.
2014.10.14 Төв аймгийн хорих ангид саатуулагдаж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлав. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байсан гэмгүй залуусыг баривчлан саатуулсан гэж үзэн, ийм шийдвэр гаргажээ.
2014.10.14 Зам, тээврийн сайд А.Гансүх Иргэний нисэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халах тушаал гаргажээ.
2014.10.17 Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогдов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон юм. Уулзалтаас 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалт зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгожээ.
2015.10.16 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх хэл, түүх соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргав.
2016.10.12 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийв.
2017.10.12 УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдад Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар, Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг, Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзоригийг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмааг, Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбатыг санал болгожээ.
- 10.16 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшний талаар мэдээлэл хийв.
2019.10.04-нд Улаанбаатар хотын хэмжээнд 16 иргэн сайжруулсан түлшинд хордон, эмнэлэгт хандсан ч дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаанаар түлш нь аюулгүй бүтээгдэхүүн мөн үү гэдэг асуудлаар ярилцав.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ