Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Та ирэх оны төсвийн төсөлтэй танилцсан байх. Хуулийн төсөлд алдаа, оноо хэр байна вэ?
-Энэ асуултад хариулахын тулд юуны өмнө бид төсөв гэж юу болох, ямар байх ёстой гэдэгт тодорхой ойлголттой байх учиртай. Ийм ойлголт нийт нийгэмд төлөвшөөгүйн улмаас улс төрийн хүрээнд улс төрийн ашиг сонирхлыг хангах хамгаалах хэрэгсэл, нийгэмд төсвийг тайлагнах, буруу зарцуулахгүй байх ёстой гэх мэт хязгаарлагдмал хүрээнд ойлгож байна. Гэтэл эдийн засгийн агуулгаар харвал төсөв нь макро эдийн засгийн бодлогын томоохон арга хэрэгсэл бөгөөд эдийн засаг, нийгмийн эерэг үр дагаврыг бий болгох ёстой. Бид төсвийн зарцуулалт өссөн, буурсан гэхээсээ илүү сүүлийн жилүүдэд төсөв энэ их хэмжээгээр тэлсний үр дүн юу байна гэдгийг тооцох, эрх барьж байгаа хүчнүүдээс нэхэх хэрэгтэй гэсэн үг. Монгол хүний амьдралын чанар сайжирсан, ядуурал, ажилгүйдэл буурсан, төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн, энэ чиглэлд нөөцийг зөв зарцуулсан эсэх зэргээр төсвийн үр дүнг хэмжих нь зүйтэй болов уу. Өнөөдрийн эргэлзээтэй гол зүйл нь миний хувьд төсөв тэлээд байхад эдгээр үзүүлэлт сайжрахгүй байгаа явдал.
Энэ агуулгаар харвал Монгол Улсын төсөвт учир дутагдалтай зүйл ихээр байсаар байна. Төсвийн зорилго юу болох нь төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан ДНБ-ий өсөлтийг эс тооцвол тодорхойгүй нь ихээхэн том сул тал. Энд тоон болон чанарын тодорхой зорилго байхгүйгээс төсвийн үр ашиг, хяналт, хариуцлага гэх мэт ойлголт суларч байна. Мөн төсвийн хүрээний мэдэгдлийн тоонууд төсөв хэлэлцэх бүрд өөрчлөгддөг байдал нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулдаг зэрэг гол асуудлууд хэвээр байсаар байна.
Нөгөө талаас өөрсдийгөө, өөртэйгөө харьцуулбал төсвийн нөхцөл байдал цар тахлын нөлөө, түүнээс шалтгаалж бий болсон их алдагдлыг эс тооцвол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд арай дээрдсэн. Төсвийг байнга тодотгодог байдал буурсан, төсөв нэгдсэн байдалтай болсон, төсвийн алдагдлын хэмжээг дунд хугацаанд бууруулахыг хичээж байгаа зэрэг эерэг зүйлүүд бий. Түүнчлэн Монгол Улсын төсөв тодорхой хуримтлалыг сангуудад үүсгэж чадсан, тэр бид хямралыг давахад дэмжлэг болж чадлаа, төсвийн хүрээнд тодорхой хэмжээгээр мөчлөг сөрсөн, дагасан гэх мэт бодлогын шинж чанартай зүйл яригдах болсон нь ч мөн сайшаалтай зүйлс юм.
-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж оруулж ирж чадсан байна уу?
-Энэ нь бидний гол эмзэг асуудал. Төсвийн хүрээнд нөөцийг зөв зарцуулах асуудал хамгийн чухал нь. Дээр нь бид өнөөдөр ихээхэн хомс нөөцтэй, заримыг нь өр тавьж санхүүжүүлж байгаа үед. Бид өнөөдөр зам, байшин л гээд түүнээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Хамгийн гол нь бид хүнээ мартсан нь хамгийн харамсалтай. Уул уурхай, экспорт л гээд байдаг. Гэтэл тэндээс бий болж байгаа, ирээдүйд бий болох орлого нь хүнд, хүний сайн сайханд, Монгол Улсын ирээдүйд зориулагдах ёстой гэдгийг ойлгохгүй байна.
Бид хүнээ гэсэн нийгэм байгуулах гэж байгаа нь үнэн, Монгол Улсын ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахыг хүсч л байгаа бол бидний өнөөгийн нэн тэргүүлэх чиглэл нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар байх учиртай. Үүнийг бий болгох төсвийн гол зорилго нь эдийн засгийн хөгжлийг дэмжих суурь дэд бүтцийг бий болгох асуудал. Асуудлын эрэмбийн хувьд бид уул уурхай, зээл тусламжаар бий болгох буй эх үүсвэрийг эдийн засгийг дэмжих хатуу, зөөлөн дэд бүтцийг сайжруулах замаар эдийн засгаа тэлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлэх нь нэн тэргүүний зорилго байх учиртай. Гэтэл бид төмөр зам, авто зам, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн төслүүд дээр маш их хугацаа алдаж байгаа нь харамсалтай. Мөн л энэ агуулгаар харвал төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах зүйлс их байна.
2021 оны төсөв 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсаны дийлэнх нь нөгөө зам, барилга гэх мэт хатуу дэд бүтэц. Хэдийгээр төсвийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж тэлэх нь онолын хувьд зүйтэй мэт боловч чухам юунд гэдгээс ихээхэн зүйл хамаарна гэдгийг эргэцүүлэх учиртай.
Олзуурхах зүйл нь энэ тал дээр мөн л сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн орчин сайжирч байна. Түүний дагуу зарим шинэчлэл хийгдэж эхэлж байна.
2021 оны төсвийн сайн тал нь энэ чиглэлд ажиллах, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх асуудлыг бодлогын түвшинд хөндсөн явдал. Хэдий оройтсон ч эхлүүлж байгаа нь сайн. Бид энэ чиглэлд чанарын өөрчлөлт хийх зүйлд хөрөнгө оруулах цаг нэгэнт болсон.
-Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дараах анхны төсөв гэдгээрээ УИХ Засгийн газрын оруулж ирснийг төдийлөн өөрчлөх эрхгүй. Энэ утгаараа төсвийг танигдахын аргагүй өөрчилдөг байдал гарахгүй гэж гишүүд хэлж байгаа?
-Үүнд би эсрэг байр суурьтай байгаа. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байдлаар өөрчлөлт хийх агуулгатай энэхүү заалт төсвийн эрх зүйн орчинд 2017 онд орж ирсэн санагдаж байна. Энэ нь төсвийн зардлыг дур мэдэн нэмдэг байсан томоохон сул талыг арилгасан сайн талтай боловч өөрчлөлт хийх, төсвийг барьцаалах боломжийг хэвээр үлдээсэн. Сангийн яам төлөвлөлтөө хийгээд орж ирэхэд түүнд өөрчлөлт хийнэ гэдэг нь засаг төлөвлөсөн зарим ажлаасаа татгалзаж нам, бүлгийн саналыг төсөвт багтаана гэсэн үг болсон. Энэ нь сангийн яамыг тодорхой асуудалд оруулах боломжтой.
Нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ заалт яг дээрх агуулгаараа Үндсэн хуульд суусан нь төсөвт өөрчлөлт оруулах эрхээ УИХ эрх зүйн хүчин чадлын хувьд сайжруулсан үйлдэл гэж би хувьдаа үзэж байгаа. Ердийн хуулинд байсан эрх эх хуулинд сууж өгсөн гэсэн үг.
Мөн бодит байдал дээр төсөвт нөлөөлөх улс төрийн нөлөө УИХ-д өргөн барихын өмнө ч ихээхэн байдаг нь бидний 2019 онд хийсэн судалгаагаар батлагдсан байдаг. Иймд энэ заалтын хувьд төсвийн агуулгад их хүчтэй нөлөөлнө гэж үзэхгүй байна. Үүний оронд бид төсвийн эрх зүйн орчныг тогтвортой байлгах, хуулийг дагах, төсвийн дүрмүүдийг ягштал мөрдөх зэрэг нь төсвийг агуулгын хувьд сайжруулахад илүү эерэг нөлөөлнө гэж бодож байна.
-Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал эргэлзээтэй байгаа энэ үед эрсдэлээс зайлсхийх чиглэл баримталж төсвөө боловсруулах шаардлагатайг та өмнө нь ч хэлж байсан. Төсвийн төсөлд үүнийг хэр анхаарсан байна вэ?
-Сангийн яамны зүгээс мөчлөг сөрсөн бодлогоо хадгална гэж үзэж байгаа. Энэ нь зарчмын хувьд зөв сонголт мөн. Гэхдээ бид энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ орлогоо маш зөв, эрсдэлийг тооцсон байдлаар төлөвлөх, зардлаа өнөөдөр эдийн засгийг тэтгэх, ирээдүйд тэлэх байдлаар төлөвлөх нь чухал. Ингэж байж мөчлөг сөрсөн бодлогын үр дүн гарна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
Төсвийн төслийн орлого зардлыг хавар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн түвшингээс бага зэрэг өсгөсөн байдалтай төсөв орж ирсэн. Ингэхдээ төсвийн орлого зардлын ерөнхийдөө 2020 оны төсвийн төслийн түвшинд оруулж ирсэн нь төсвийг тэлэхгүй байгаа байдал юм. Энэ нь ямартай ч зөв зүйл болсон гэж бодож байна. Орлогын хувьд орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, татвар нэмэхгүй байх, зарим татвар, шимтгэлийг тодорхой хугацаанд бууруулах зэрэг зүйлс орсон бол, зардлын чиглэлд нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим зардал, цалин хөлсийг 2020 оны түвшинд хадгалах зэрэг зүйлсийг тусгасан нь төсвийн хувьд зөв чиглэлд явж байна гэж би хувьдаа харж байна.
–2021 оны төсөв 2.1 их наядын алдагдалтай байхаар Засгийн газар оруулж ирсэн. Энэ алдагдлыг нөхөхийн тулд Японы Засгийн газраас ойролцоогоор 233 сая ам.долларын зээл авахаар боллоо. Ер нь төсвийн дэмжлэг болгож гаднаас зээл авах нь хэр зохистой юм бэ?
-Энэ нь мэдээж буруу зүйл юм. Харамсалтай нь, бид сүүлийн 2-3 жилийг эс тооцвол төсвийн хуримтлалыг бий болгож чадаагүй. Бий болж байсан хуримтлал нь цар тахлын эрсдэлийг бууруулахад зориулагдсан болов уу. Нөгөө талаас эдийн засгийн хувьд төрөлжиж, хүчирхэгжиж чадаагүй нь биднийг аливаа зүйлийг хийхдээ гадаад эх үүсвэрт суурилахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Ийм нөхцөл байдалд бидний гол анхаарах зүйл нь цаашид ийм байдлыг удаан үргэлжлүүлэхгүй байхад анхаарах. Төсөв, өрийн удирдлагын зөв бодлого хэрэгжүүлэх, эдийн засаг, иргэдийн амьжиргааг сайжруулахад л анхаарах нь чухал юм. Тэгж чадвал бид энэ тойргоос урт хугацаандаа гарах боломжтой.
"ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛОН БУСАД ХАЛАМЖИЙГ ХАВТГАЙРУУЛАХ НЬ УГААСАА УТГАГҮЙ"
-Төсөв дээр нэлээд ачаалал болж байгаа зүйл нь хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний хагас жил хүртэл олгоно. Нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг ялгавартай өгөөгүйгээс иргэдээ залхуу болгож байна гэсэн шүүмжлэл бий. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад ихээхэн алдаатай хэрэгжиж байгаа бодлогын нэг нь энэ нийгмийн халамжийн асуудал. Энэ нь хэт улстөржилтөөс эхлэлтэй, улс төрийн ашиг хонжоо хайсан сэтгэлгээнд суурилан улам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Энэ дотроос хамгийн нийгмийн ач холбогдол сайтай нь хүүхдийн мөнгө. Энэ нь нийгмийн халамж гэхээсээ хүн амын бодлого талдаа илүү ач холбогдолтой. Үүнээс үр ашиг, ач холбогдол багатай халамж, дэмжлэг олон. Гэхдээ хүүхдийн мөнгө болон бусад халамжийг хавтгайруулах нь угаасаа утгагүй.
Үүнийг дотоодын эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд олон жил шүүмжилж буруутгаж байгаа. Энэ нь таны дурдсан бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлэхээс гадна, төсвийн үр ашигт байдалд хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа. Гэхдээ Монгол Улсын төрийн томоохон шийдвэр гаргалтууд эдийн засгийн үр ашиг гэхээсээ улс төрийн ашиг хонжоо харсан байдалтай байгаа нь үүнийг даамжруулах гол шалтгаан болж байна. Энэ байдлаараа халамж авдаггүй хүн, үнэ цэнэтэй зүйл гэж байх нь утгагүй болох бололтой. Бүх зүйлийг халамжаар, бүх зүйлийг үнэ цэнэ багатай, эсвэл үнэгүй байх нь зүйтэй гэсэн хандлага, давамгайлж байх шиг. Энэ маш буруу хандлага, сөрөг үр дагавар нь их.
Үүний оронд хүн зөв хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж, үнэ цэнэтэй чанартай хэрэглээ, амьдралтай байхыг уриалах нь зүйтэй. Аливаа зүйлийг үнэ цэнэгүй авах нь зүйтэй гэсэн сэтгэлгээг дэмжих нь нийгмийн сэтгэлгээ, амьдралын чанар, үнэт зүйлийг устгахаас цаашгүй.
-Төсөвт орлогоо үргэлж өндөр тооцдог. Дахиад л 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн төсөлд тусгасан. Үүндээ хүрч чадахгүй гэсэн болгоомжлол байгаа л даа. Та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Дээр яриандаа би төсвийн орлогыг яг 2020 оны түвшинд төлөвлөсөн гэдгийг дурдсан. Үүнээс 3 их наяд гаруйг уул уурхайн салбараас олно гэж төлөвлөсөн байна. Үүний гол нь нүүрсний орлого байх нь тодорхой. Бид түүхэндээ 42 сая тонн нүүрс экспортолж байгаагүй. Үүний тулд дэд бүтэц, гадаад харилцааны хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Төсвийн сүүлийн 2 жилд хил, гаалийн хүчин чадал, нэвтрэх чадварыг дээшлүүлэх талаар ажиллахаар заагаад байгаа нь үүнд бас их хамааралтай. Гол хүчин зүйлсийг шийдвэрлэж чадвал бас мөрөөдлийн тоо биш.
2020 онд экспорт ихээхэн буурсан боловч сүүлийн хагаст нэлээд хэмжээгээр нөхөх хандлагатай байна. Сүүлийн 2 сарын нүүрсний экспорт түүхэнд дээд хэмжээг эвдээд байна. Энэ нь жишээ нь цар тахлын үеийн дараа хэрэгжүүлж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой юм. Гэх мэтчилэн бид ихээхэн зөв хүчин чармайлт, хөрөнгө оруулалтыг хийж чадаж байж л хэрэгжих асуудал. Гэхдээ энэ хэмжээнд хүрэх магадлал тун бага гэдгийг ойлгох хэрэгтэй.
"УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛАМ ХАРААТ, ЭМЗЭГ ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦТЭЙ БОЛСОН"
–Ирэх онуудад төлөгдөх томоохон дүнтэй зээлийн төлбөрүүдээс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дарамт нэмэгдэх бодит эрсдэлд бий. Төсөвт ачаалал багатайгаар төлөхийн тулд ямар гарц, шийдэл байна вэ?
-Сүүлийн 20 жилд бид эдийн засгаа төрөлжүүлж хүчирхэг эдийн засагтай болж чадаагүй. Уул уурхайн салбараас улам хараат, эмзэг эдийн засгийн бүтэцтэй болсон. Ний нуугүй хэлэхэд, нүүрсний экспорт дээр томоохон эрсдэл тулгарахад 2021 оны бидний бүх таамаг эвдэгдэнэ. Энэ байдлын улмаас бидний санхүүгийн нөхцөл байдал ч сайнгүй байсаар ирсэн. Бид эдгээр өр зээлийг өөрийн бодит боломжоор эргүүлэн төлөх боломж байхгүй. 2021 оны асуудлыг бид саяхан Номад бонд гаргаж шийдлээ. Дараа дараагийн ойрын төлбөрүүдийг үүнтэй адил аргаар л шийдвэрлэх болно. Харин нэг сайн зүйл нь бидний зээлжих зэрэглэл 2017 оноос хойш дээшилсэн, эдийн засаг, төсвийн нөхцөл байдал дээрдсэн зэрэг нь зээлийн өртгийг нэмэгдүүлэхгүй шийдвэрлэх боломжийг бий болгож байна.
–Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих заалт бий. Энэ хэрэгжиж чадаж байна уу. Та судлаач хүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Олон улсын түвшинд энэ мэт заалтуудыг төсвийн дүрэм гэдэг. Одоогоор бид тэнцэл, зардал, өрийн дүрмүүдийг уг нь ашигладаг. Таны хэлсэн нь тэнцлийн дүрэмд хамаарна. Эдгээр дүрмийг тогтмол баримтлах нь бидний төсвийн сахилга бат, үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулж урт хугацаанд макро эдийн засгийн эерэг үр дүнг авчирдаг гэж үздэг. Бидний хувьд эдгээр дүрмийг зөвхөн хуулинд заасан гэдгээс цаашгүй байгааг хэлэх нь зүйтэй байх.
Төсвийн алдагдал ДНБ-ны 2 хувь, өр 40 хувь гэдэг олон улсын жишиг болсон заалтуудыг бид анх эрх зүйн орчиндоо суулгаж байсан боловч сүүлийн жилүүдэд хууль өөрчлөх замаар эдгээр дүрмийг өөрчилж түүнийгээ бид төсвийн дүрмийг хэрэгжүүлж гэж байна гэж ярьдаг болсон. Үүний шалтгаан нь бид 2012 оноос өрийн болон төсвийн зөв удирдлагыг хэрэгжүүлж чадаагүйгээс улбаатайгаар одоо хүртэл үргэлжилсээр байна. Энэ тал дээр мөрдөгдөхгүй байгаа гэж хэлэх нь бодит үнэнийг илэрхийлэх болов уу.
-Мөнгөний бодлого, улсын төсөв хоёр уялдах ёстой гэдэг. Энэ уялдаа холбоо ямар байна вэ?
-Төсөв, мөнгөний бодлого уялдах гэхээсээ зөв хослох гэсэн агуулгаар ойлгох нь зүйтэй байж болно. Эдгээр нь эрх зүйн нөхцөл байдлын хувьд бие биеэс хараат бусаар нэг нэгэндээ хэт нөлөөлөхгүй хийгдэх ёстой гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр гарцаагүй хамааралтай байдаг. Эдгээр нь хоёулаа зөв байж улс орны макро эдийн засгийн үр дүнг илүү сайн байлгах боломжтой. Эдийн засгийг сайжруулна гээд хоёуланг нь хэт тэлж бас болдоггүй хяслантай. Энэ агуулгаар зөв хослох нь зүйтэй юм байна гэж би хувьдаа үздэг. Зөв хослох талаас 2017-2018 онд төсвийн харьцангуй сахилга баттай, мөнгөний тэлэх чиглэлийн бодлого барьсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлж чадсан байдаг.
Ерөнхийдөө Монгол Улсын хувьд төсвийн бодлого хөтөлж, мөнгөний бодлого хөтлөгдөх байдалтай байдаг. Үүнийг тодруулбал төсөв нь хэт тэлэлттэй, үрэлгэн байгаа үед Монгол банкны мөнгөний бодлогын чөлөөт орон зай хязгаарлагдаж эрсдэлд суурилсан, түүнийг багасгах чиглэлийн бодлого барихаас өөр арга зам үлддэггүй. Сүүлийн жилүүдэд энэ нөхцөл байдал арай дээрдэж зохистой хослол дээрх онуудад бий болсон нь 2019-2020 онд алдагдах хандлагатай байна. Бидний хувьд тухайн эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан төсвөөр, мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих нь аль нь илүү үр ашигтайд суурилсан цогц шийдвэр гаргаж, түүндээ нийцсэн төсөв мөнгөний бодлого хэрэгжүүлж чаддаг бол сайн.
–Ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Цар тахалтай холбоотой хүнд үеийг бид давсан. Одоо түүний бий болгосон үр дагаврыг хэрхэн арилгах вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Гэхдээ цар тахлын дахин дэгдэлт, онцгой нөхцөл байдлыг эргүүлэн чангатгах нөхцөл байдал үүсэхгүй бол гэдэг нөхцөлтэйгөөр. Иймд миний хувьд 2021 оны эдийн засгийг энэ оноос илүү өөдрөгөөр харж байна. Эдийн засгийн идэвхжил өндөртэй, өсөлт харьцангуй эерэг өндөр байх болов уу гэж харж байна.
Холбоотой мэдээ