Түлшний нийлүүлэлтийг нэмсэн ч хэрэгцээг хангаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Түлшний нийлүүлэлтийг нэмсэн ч хэрэгцээг хангаж чадсангүй

Түлшний нийлүүлэлтийг нэмсэн ч хэрэгцээг хангаж чадсангүй

Нийслэлийнхэн түүхий нүүрснээс татгалзаад хоёр дахь жилтэйгээ золгож байна. Нэг хэсэг түлшний хомсдолд орж, зутарч байсан гэр хорооллынхны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт ямар байгааг дахин сурвалжиллаа. “Тавантолгой түлш" компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн борлуулалтын цэгүүдээ нэмэгдүүлж  эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 560 гаруй орчим цэгт сайжруулсан шахмал түлш нийлүүлж байгаа аж.

ТҮЛШНИЙ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ 

 Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд сайжруулсан шахмал түлш борлуулдаг 2-3 цэг бий. Байршлаасаа хамаарч түлшний эрэлт, нийлүүлэлт харилцан адилгүй, хөл хөдөлгөөн их аж.  Тухайлбал, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” зах руу явах зам дагуу байрлах  түлш борлуулах цэгээс түлш авах иргэдийн цуваа, хөл хөдөлгөөн тасарсангүй. Машинтай нь замдаа түр зогсч түлшээ авна, тэргээр түлш зөөж явах хүмүүс ч цөөнгүй. Энэ мэтчилэн ажил тарах үед түлш борлуулах цэгүүд хамгийн их ачаалалтай байдаг аж.

Тус цэгийн борлуулагч залуу “Түлшний нийлүүлэлт сайжирсан. Одоогоор хүйтний эрч чангараагүй тул иргэд ажил тарах үедээ хэрэгцээндээ зориулж 2-3 шуудайгаар авч байна. Өдөртөө захиалсан 10 тонн түлш нь тухайн оройдоо дуусдаг тул дахин 10 тонныг татан авч, өглөө хүртэл борлуулахад нөөцөлдөг. Иргэд ажлаа тараад түлшээ авахаар ирж байна. Хэрэв хүйтний эрч чангарч, цас орвол 10 тонн түлш орой болохоос өмнө зарагдаад дуусчихдаг” гэсэн юм.

Тус цэгт  түлш нийлүүлж буй “Тавантолгой түлш” компанийн ажилтан Т.Баяр “Бидний ажлын ачаалал ихэссэн. Одоогоор түлш борлуулах цэгүүдэд өдөрт  5-10 тонн түлш нийлүүлдэг. Хүйтний эрч чангарвал зарим цэгт өдөрт 20 тонн түлш нийлүүлэх шаардлага гарна. Заримдаа нэг борлуулалтын цэгт өдөрт хоёр удаа тус бүр 10 тонн түлш нийлүүлдэг. Хамгийн эрэлт, ачаалалтай цэг нь захуудаас илүү зам дагуу цэгүүд байна. Зам дагуу цэгүүдэд 10 тонн түлш өдөртөө л борлуулагдаад дуусчихсан, орой нь дахин нийлүүлэх шаардлага ч гардаг” хэмээсэн юм.

Харин Дэнжийн мянга дахь “Нарантуул зах-2” төвийн  баруун талд байрлах “Сайжруулсан сайн түлш” борлуулах цэгт түлш дуусч, иргэд хоосон хаалга мөргөж байв. Нэр болон зургаа нууцлахыг хүссэн борлуулагч хэлэхдээ “Түлшний олдоц муу байгаа учраас өглөө нь захиалсан түлш өдөртөө л дуусч байна. Ойролцоох цэгүүдэд түлш хүрэлцээгүй байгаа бололтой. Манай цэгээс түлш сурагласан хүмүүс их ирдэг. Гэтэл  өглөө нь захиалсан 10 тонн түлш тухайн өдөрт хаана ч хүрэлцэхгүй. Бидэнд түлшээ өглөө нь захиалахаас өөр арга алга. Заримдаа ачааллаасаа хамаарч орой нь ирдэггүй. Харин иргэд хаа холоос ч байсан хамаагүй ирж түлш асуугаад хоосон буцаж байна. Хүйтний эрч чангарч байгаа болохоор түлшний эрэлт эрс өссөн” гэлээ.

ЗАРИМ ҮЕД ИРГЭДЭД ТҮЛШ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Өвөлдөө хамгийн их агаарын бохирдолтой байдаг, хамгийн их хүн амтай гэх Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөлийн буудал орчимд “Тавантолгой  түлш” ХХК-ны сайжруулсан түлш борлуулах ганцхан цэг бий. Тус цэгт өнгөрсөн Баасан гаригт /2020.10.09/ очиход түлшээ хангалттай нөөцөлжээ. Иргэдийн хөл хөдөлгөөн ч их байв.

Иргэдийн тухайд гэрийнх нь ойролцоо түлш борлуулах цэг байхгүй, дэлгүүрт ч зардаггүй тул гэрээсээ гурав, дөрвөн буудлын зайтай газарт ийнхүү тус цэгийг зорьж түлш авдаг хэмээж байв. Түлшээ авахдаа  5-6 шуудайгаар бөөндөхгүй бол зарим үед түлш дуусчихдаг гэнэ.

Тус дүүргийн аравдугаар хорооны иргэн Л.Номинчимэд хэлэхдээ “Түлш олдохгүй, Хөтөлийн буудал явах шаардлага гарч байна. Заримдаа түлш авах гэхээр олддоггүй. Телевизээр түлш борлуулах цэгүүдийг нэмэгдүүлсэн гэдэг. Гэтэл гэрийнхээ хаяанаас ч түлшээ авчихаж чадахгүй, заавал 2-3 буудал явж байна. Энэ жилийн хувьд түлшний халалт их муу байх шиг санагдлаа. Цог ч болохгүй унтарчихна. Илчээ удаан барихгүй, үнс ихтэй юм билээ. Уг нь өнгөрсөн жил дулаанаа их сайн хадгалж байсан” гэлээ.

Мөн тус хорооны оршин суугч Л.Төмөрчөдөр “Түлш хүрэлцээтэй байгаа. Өдөр бүл түлш авахгүй, долоо хоногтоо нэг удаа бөөндөж худалдан авдаг болохоор бас сайн мэдэхгүй. Эрс хүйтэрвэл түлш олдохгүй байж магадгүй. Одоохондоо түлш хангалттай хүрэлцэж байна. Харин угаартахаас болгоомжилж галаа аль болох зөв түлэхийг хичээдэг” гэсэн юм. Иргэдийн тухайд ихэвчлэн 3-5 шуудай түлш авах нь нийтлэг аж.

Тус цэгийн борлуулагчийн хэлснээр өдөрт 20 тонн түлш захиалж авдаг байна. Өглөө нь захиалсан 10 тонн түлш буюу 400 шуудай нь өдөртөө л дуусдаг тул орой нь дахин 10 тонныг нэмж захиалах шаардлага гардаг гэнэ. Иргэдийн хувьд ихэвчлэн түлшээ 5 шуудайгаар нь бөөндөж авдаг ба дунджаар долоо хонодог бол зарим нь дөрөв хоногтоо дахин ирдэг байна. Түлшний нийлүүлэлт, эрэлт сайн байгааг тус цэгийн борлуулагч тодотгоод ажил тарах үеэр ачаалал ихэсдэгийг хэллээ.

Цэгүүд  дунджаар 10 тонн түлшийг өдөрт борлуулж байна. Гэвч нэг цэгт худалдаалж буй 400 шуудай сайжруулсан түлш иргэдийн хэрэгцээг хангах төдийхөн байгааг зарим цэгээс харж болохоор байгаа юм. Товчхондоо, түлш борлуулах 560 цэгт өдөрт дунджаар 10 тонн нийлүүлж байгаа нь гэр хорооллын 220 мянган өрхийн хэрэгцээг хангахад  хүрэлцэхгүй байгааг дээрх зарим цэгээс харж болохоор байна. Төлөвлөгөө ёсоор “Тавантолгой түлш" компани энэ жил түлш борлуулах цэгүүдийн тоог нэмж 1000 болгохоор тооцсон ч одоогоор энэ ажлын биелэлт 50 гаруй хувьтай байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж