ICT EXPO 2020: Монгол инженерүүд бүтээлээ гайхуулсан гурав хоног

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

ICT EXPO 2020: Монгол инженерүүд бүтээлээ гайхуулсан гурав хоног

ICT EXPO 2020: Монгол инженерүүд бүтээлээ гайхуулсан гурав хоног

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулсан ICT EXPO техник технологийн үзэсгэлэн энэ жил “Цахим үндэстэн” уриан дор "Мишээл экспо" төвд аравдугаар сарын 9-11 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монголын төдийгүй дэлхийн алдартай технологийн компаниуд болон старт-апууд оролцож, өөрсдийн шинэ технологи, шинэ үйлчилгээ, шинэ бүтээлээ олон нийтэд танилцууллаа.

Нийт 70 гаруй байгууллагын оролцсон ICT EXPO 2020 үзэсгэлэнг гурван өдрийн хугацаанд 40 мянга гаруй хүн үзэж сонирхжээ.

ICT EXPO-2020 УХААЛАГ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛЦАХ ЗОРИЛГОТОЙ

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: Энэ жилийн экспод маань гадаад, дотоод нийт 70 гаруй байгууллага ухаалаг шинэ технологийг олон нийтэд таниулцуулах зорилготой оролцож байна. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулбал энэ жил бид шинэ технологи, бүтээлүүд, үйлчилгээг иргэдэд танилцуулахыг зорилоо. Цааш цаашдаа ч монгол залуучуудтай хамтран дэлхийн тавцанд өрсөлдөх шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг бүтээхийг зорино. Мөн Монголын IT-ийн салбарын залуучууд ямар авьяастай, ямар хөдөлмөрч гэдгийг ард түмэндээ харуулахыг хүслээ.

Тэрбээр дэлхийтэй өрсөлдөх Монголын мэдээлэл технологийн салбарын талаар “Монгол Улс энэ салбарт хөгжиж буй улсуудын нэг. Мэдээж техник технологи, шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсуудтай харьцуулахад бидэнд дутагдалтай талууд бий. Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс хоцроогүй. Үүний нэг тод жишээ бол e-Mongolia хэмээх төрийн цахим үйлчилгээ. Үүнээс гадна дэлхийн банктай хамтран старт-ап компаниудад 90 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх инновацийг дэмжих хөтөлбөрийг нээлээ” хэмээн ярилаа.

ICT-2020 экспогийн онцлох бүтээгдэхүүнүүдийн тухайд цахим төлбөрийн шинэ үйлчилгээнүүд, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан e-Mongolia, монгол чатбот Toki, ухаалаг гэрийн төхөөрөмжүүд, ухаалаг сургалтын хэрэгслүүд, ухаалаг кофе чанагч машин гээд бүхэлдээ ухаалаг шинэ технологийг танилцуулж байгаа гэдгийг экспог зохион байгуулагчид онцолж байлаа.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНЫГ ГАР УТСАНД E-MONGOLIA

"Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын хүрээнд e-Mongolia буюу цахим Монгол үйлчилгээг хэрэгжүүлж, иргэд одоогийн байдлаар төрийн 181 үйлчилгээг хоёр минутын дотор гар утаснаас авах боломжтой болжээ. Энэхүү дэвшилтэт үйлчилгээний талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уранцэцэг “E-Mongolia үйлчилгээ маань одоогийн байдлаар 181 төрийн үйлчилгээг цахим болгон иргэдийнхээ гарт хүргээд байна. Нэг жилийн дараа гэхэд иргэд маань нийтдээ 492 төрийн үйлчилгээг гар утаснаасаа, компьютероосоо болон интернетээс авдаг болно. Дунджаар хоёр цаг явж авдаг байсан төрийн үйлчилгээгээ иргэн хоёр минутын дотор авах боломжтой. Зөвхөн тухайн иргэний гар утасны дугаар, регистрийн дугаар байхад л хангалттай. Мэдээж, хувь хүний мэдээллийг нууцлах, хадгалах тал дээр байнга хөгжүүлэлтийг ажлуудыг хийнэ” хэмээн ярилаа.

e-Mongolia төрийн нэгдсэн систем нээлтээ хийсэн эхний хоёр өдрийн дараах байдлаар 26 мянган хүнд хүрчээ. Иргэд ихэвчлэн жолоодох эрхийн оноогоо шалгаж, иргэний үнэмлэхийн болон гадаад паспортын лавлагаа авч байгаа аж.

ТАНЫ ЯРИАГ БИЧВЭРТ, ТЕКСТИЙГ ЯРИАНД – CHIMEGE

"Чимэгэ технологи" компани нь гурван бүтээгдэхүүнээр энэ жилийн ICT экспод оролцжээ. Монгол залуучууд энэхүү бүтээгдэхүүнүүдээ 2018 оноос хойш хоёр жилийн хугацаанд санаачлан, хөгжүүлж энэ онд нээлтээ хийсэн гэнэ.

Тус компанийн төлөөлөгч “Манай компани Chimege Keyboard, Chimege Writer, Chimege Reader хэмээх гурван шинэ бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Chimege keyboard гэх үнэгүй хэрэглэх боломжтой аппликейшний хувьд таны арван секундын ярьсан яриаг бичвэрт хөрвүүлнэ. Харин Chimege Writer, Chimege Reader гэх төлбөртэй хоёр аппликейшний тухайд хугацаа харгалзахгүйгээр таны яриаг бичвэрт болон ярианд хөрвүүлнэ. Жишээлбэл, хурлын протокол, ярилцлага, лекц гэх урт хугацаанд үргэлжилдэг яриануудыг Chimege Writer нь бичвэрт хөрвүүлдэг бол Chimege Reader нь таны бичсэн текстийг ярианд хөрвүүлэн уншина” хэмээв.

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН ШИЙДЭЛ

ICT EXPO-2020 үзэсгэлэнд "Голомт" банкны Social Pay болон "Mобиком" компанийн Monpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслүүд танилцуулагдаж байлаа. Саяхан нээлтээ хийсэн Monpay үйлчилгээний талаар "Мобиком"-ын маркетингийн газрын дижитал бизнесийн албаны мэргэжилтэн н.Одонзүг: Сүүлийн жилүүдэд цахим төлбөрийн хэрэгслүүд, үйлчилгээнүүд хурдацтай хөгжиж байна. Хүн бүхэн гар утаснаасаа төлбөр тооцоогоо хийж, хэрэглэгээ зохицуулахыг хүсдэг болж. Үүний хүрээнд манай компани Candypay үйлчилгээгээ илүү сайжруулаад Monpay хэмээх үндэсний төлбөрийн шийдэл болгож байна. Энэ аппликейшний тусламжтайгаар иргэд төлбөр тооцоо хийх, онлайн гүйлгээ хийх, цахим тоглоомын цэнэглэлт хийх, төмөр замын тасалбар захиалах зэрэг үйлчилгээнүүдийг авч болно. Мөн энэхүү аппликейшнийг ашиглаад иргэн өөрөө дэлгүүр нээх боломжтой. Бүхий л банкны картаа ашиглан Monpay аппликейшнаа цэнэглэх боломжтой.

ГАР УТСАА АШИГЛАН ДААТГУУЛ – INSUR

Монголд анх удаагаа бүх даатгалын бүтээгдэхүүнтэй нэг дор танилцаж, хэзээ ч, хаанаас ч гар утсаа ашиглан даатгуулах боломжийг Insur даатгалын аппликейшн иргэдэд олгож байна. Энэхүү даатгалын аппликейшнд Монголын тэргүүлэх есөн даатгалын байгууллагууд нэгджээ.

Тус аппликейшний даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Э.Тэмүүлэн: Нээлтээ хийгээд нэг жилийн хугацааг өнгөрүүлж буй манай даатгалын систем одоогийн байдлаар 30 мянга орчим бүртгэлтэй хэрэглэгчидтэй, гурван мянга даатгалтай хэрэглэгчидтэй болжээ. Эрүүл мэндийн асуудлаа шийдэх гэсэн иргэдэд хүрч, зорилгоо бага багаар ч гэсэн биелүүлж байна. Манайх одоогийн байдлаар дөрвөн төрлийн даатгалын багц, мөн хүүхдийн даатгалын багц гээд таван төрлийн үйлчилгээгээ иргэддээ хүргэж байгаа.Бид бол даатгалын бизнес дээр тулгуурласан технологийн компани. Зуун хувь өөрсдөө технологио хөгжүүлж, сайжруулж явдаг. Иргэд маань өвдөхөөсөө өмнө эрүүл мэндэдээ анхаарах цаг нь болсон. Манай байгууллага ч гэсэн иргэдээ өвдсөн хойно нь бус өмнө нь анхаарах тал дээр ажиллаж insurCare үйлчилгээгээ саяхнаас нэвтрүүллээ. Нүд, шүд, лабораторийн эмчилгээг иргэд маань энэхүү үйлчилгээг ашиглан хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

ТОГЛОНГОО ҮСГЭЭ СУР – TOBI!

Хүүхдүүдэд цагаан толгойн 35 үсэгний талаарх мэдлэгийг олгох Tobi аппликейшн ICT экспо дээр олны хөлд дарагдаж байлаа. Энэхүү бүтээгдэхүүний талаар тус аппликейшний төлөөлөгч ярихдаа “Tobi бол 4-7 насны хүүхдүүдэд зориулан тоглонгоо унших боломжтой аппликейшн. Үсэг тус бүр дээрээ хичээлтэй байдаг учир хүүхдүүд маань бие даан үсгээ сурах боломжтой. Үсгээ үзээд бататган шалгах зорилгоор үе шатуудыг даван тоглоомоо тоглодог. Цаашдаа математик, IQ, Монгол хэлний дүрэм, Монгол бичиг гэх мэт хичээлүүдийг багтаах болно” гэв.

Эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс гадна ESAN аппликейшн буюу сурах бичиг, 1926 оноос хойшхи бүх сонин, уран зохиол, түүх, уран зохиол, яруу найраг, хүний хөгжлийн ном бүтээлүүдийг багтаасан үндэсний цахим мэдлэгийн сан, nito гэх старт-ап Монголын шилдэг мэргэжилтнүүдийн цуглах платформ, "Добу" гэрийн автомажуулалтын систем,  ухаалаг өрсөлдөх сошиал талбар #CTA аппликейшн, биг дата дээр тулгуурласан сошиал анализ хийдэг board.mn платформ зэрэг Монгол инженерүүд, шинийг эрэлхийлэгчдийн  бүтээлүүд энэ жилийн экспог чимж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж