Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан билээ.
Аравдугаар сарын 11-ний энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг.
Манай улсын хувьд энэ өдрийг энэ жил "Миний дуу хоолой-бидний тэгш ирээдүй” сэдвийн дор тэмдэглэж буй бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос аймаг, нийслэлийн салбарууд тус бүртээ хэлэлцүүлэг, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Тухайлбал, өнөөдөр МЭХ-ны Налайх дүүргийн салбараас "Охидын чуулган" зохион байгуулж, охидод эрхийн асуудал, эрүүл мэндийн асуудал гээд олон сонирхолтой сэдвээр лекц уншиж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэхэд анхаарлаа. Энэ үеэр охид хүслээ шивнэж, шаар хөөргөв.
Дэлхий даяар өөрчлөлтийг бий болгогч өсвөр насны охид нэгдэж “Олон улсын охидын өдөр-2020” нь дараахь шаардлагуудад анхаарлаа хандуулж байна.
-Жендэрт суурилсан хүчирхийлэл, хор хөнөөлтэй зан үйл, ХДХВ, ДОХ-оос ангид амьдрах
-Шинэ ур чадварт суралцах
-Нийгмийн өөрчлөлтийг түргэтгэж буй идэвхтэн үеийнхний хувьд манлайлах
Оролцох арга
-Нийгэмд эерэг өөрчлөлт, түүний дотор жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн шинэлэг шийдлүүдийг боловсруулж, хүчин чармайлт гаргаж буй өсвөр насны охид эсвэл охидын удирдсан байгууллагуудын урам зориг, түүхийг хуваалц.
-Бусдыг урамшуулахын тулд тэдний манлайлал, үйл ажиллагаа, үр нөлөөг нэмэгдүүлцгээе.
-Дэлхий даяар залуучууд охидын дуу хоолойны олон янз байдал, тэдний ирээдүйн талаархи төсөөллийг нэмэгдүүлэх зорилготой дижитал идэвхжүүлэх кампанит ажил өрнүүлж байна.
Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, түүний 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг. Харин нийт хүн амын 18 хувийг охид эзэлдэг гэсэн статистик тоо баримт бий. Охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон асуудал тулгардаг.
Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байна. Тодруулбал, 2012 онд 15-19 насны 4198 охин ээж болсон бол 2013 онд 3500 гаруй охид насанд хүрээгүй байхдаа ээж болжээ. Мөн охидын эрхийг хамгаалдаг “Гүнж” төвд хандсан 7-16 насны охидын дунд хийсэн судалгаагаар охидын 54 хувь нь ураг төрлийн хүчинд өртдөг бол 30 хувь нь болзооны үеийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ