“Баянгол дүүргийн эмнэлэг хавдрын хэвлийн хөндийн мэс засал хийдэг болно”

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

“Баянгол дүүргийн эмнэлэг хавдрын хэвлийн хөндийн мэс засал хийдэг болно”

“Баянгол дүүргийн эмнэлэг хавдрын хэвлийн хөндийн мэс засал хийдэг болно”

Баянгол дүүргийн ЭМТөвд Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг шилжин байршиж, тус төвийн мэс заслын эмч нарыг сурган, хамтарсан төлөвлөгөөт мэс заслуудыг хийж байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас тус төвд Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ болон хүүхдийн мэс заслууд хийгдэж эхлэхээр болжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугартай ярилцлаа.


-ХСҮТ-ийн хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг танай төв дээр шилжин ирсэн байна. Танай дээр энэ төрлийн хавдрын мэс заслыг нутагшуулах давхар зорилготой гэж байна. Хэр хугацаанд танай дээр байрлах вэ?

-Эрүүл мэндийн салбарт реформ хийгдэж байгаатай холбогдуулан бодлогын том өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд манай Баянгол дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид эхний ээлжинд төрөлжсөн төв эмнэлгүүдийнхээ ачааллыг хуваалцах, дүүргийнхээ иргэдэд өөрсдийн хүчин чадлаар үзүүлж болох бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ чанартай хүртээмжтэй хүргэх зорилготой. ХСҮТ-ийн мэс заслын блок нь засварт орохтой холбогдуулан хавдрын хөндийн мэс заслын тасгийг манай төв дээр байршуулж өгнө үү, бидэнд нөөц боломж байна гэсэн саналаа ЭМЯ болон НЭМГ-т хүргүүлсэн. Энэ саналыг маань дэмжиж манай БГДЭМТөвд өнгөрсөн долоо хоногоос хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг түр шилжин байршаад төлөвлөгөөт мэс заслуудаа хийж, үйл ажиллагаа нь доголдолгүй явж байна. Бид өмнө нь хавдрын мэс заслын чиглэлээр эмч нараа ХСҮТ дээр сургалтанд хамруулаад бэлдсэн. Одоо тус тасагт ХСҮТ-ийн хавдрын хэвлийн хөндийн эмч нарын баг манай багийг давхар сургах, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Бид энэ хугацаанд эрчимт эмчилгээ, сэхээний, унтуулгын эмч, сувилагч нараа давхар сургаад явж байна. Өөрөөр хэлбэл ХСҮТ-ийн мэс заслын тасаг буцаад эмнэлэг рүү шилжсэн ч бид мэс заслын багаа хавдрын хэвлийн хөндийн чиглэлээр бүрэн дадлагажуулж, сургаж аваад үлдэх юм. Үргэжлүүлэн бид өөрсдөө энэ төрлийн мэс заслыг хийдэг болох юм.

-Мэдээж хавдрын нарийн мэс заслыг танайх үргэлжлүүлэн өөрсдөө хийдэг болоход тоног төхөөрөмжийн асуудал хөндөгдөх байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Төрөлжсөн төв эмнэлгүүдийг ачааллыг хуваалцах, дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ЭМЯ-аас дэмжлэг үзүүлж байгаа. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын зүгээс тоног, төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон. Тиймээс бид ХСҮТ-ийн мэс заслын тасгийг буцаад шилжсэний дараа үргэлжлүүлэн хэвлийн хөндийн мэс заслаа өөрсдөө хийгээд явна. Бид багаа бүрэн сургаад, чадвахжуулаад үлдэнэ. Цаашид ХСҮТ-ээс давхар зөвлөх эмч авч ажлуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө чиглэлээ аваад явна.

-Танай эмнэлэг хавдрын хими эмчилгээг хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоо хэдэн хүнд хими эмчилгээ хийж байгаа вэ?

-Манайх хавдрын хими эмчилгээг хийгээд хоёр дах жилдээ явж байна. Хөнгөвчлөх эмчилгээний 10 ортой тасагтай. Өнгөрсөн жил 24 хүнд хими эмчилгээ хийж байсан бол энэ жил 69 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурав дахин нэмэгдсэн. Бид өөрсдийнхөө чадлынхаа хэмжээнд л авч, үйлчлэхийг зорьж байна. Хүний нөөцөө нэмэх шаардлагатай байгаа. Он гараад гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод ирэхээр бид хүний нөөцөө нэмээд ирэхээр хими эмчилгээний хүртээмж нь илүү нэмэгдэнэ. Одоо бид хавдрын мэс засал, хими эмчилгээ, хөнгөчлөх эмчилгээгээ хийчихдэг болж байна. Хавдрын тусламж, үйлчилгээ үндсэндээ жигдрэх шатандаа орчихлоо.

-Танай эмнэлгийн амбулатор нэлээн ачаалалтай байдаг. Харин сүүлийн үед эрс багассан гэх юм. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын сүүлээр манай эмнэлгийн амбулаторын ачаалалтай танилцаад явсан. Өглөөнөөс хойш иргэдийг дугаарлаж, хүлээлгэдэг энэ асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон. Тухайн үед мөн багш нарын урьдчилан сэргийлэх үзлэг давхцсан байсан учраас нэлээн ачаалал өндөр байсан. Тиймээс бид өөрсдийн эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 360312 дугаарын утасныхаа зохион байгуулалтыг сайжруулсан. Мөн есдүгээр сарын 01-ээс цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвд өөрийн хоёр мэргэжилтнээ байрлуулан ажлуулж, тус төвийн 1800-0119 дугаараар давхар цаг өгч эхэлсэн. Энэхүү цаг захиалгын нэгдсэн төвөөр нийслэлийн 9 дүүрэг, төрөлжсөн төвийн 9 эмнэлэгт үзүүлэх амбулаторын цагаа захиалдаг.

Дуудлагын утсаар дамжуулан цахимаар цаг өгдөг болсноор манай эмнэлэг өглөөд 200 гаруй хүн амбулаториор үйлчлүүлэх гээд хүлээж байдаг байсан бол одоо захиалсан цагтаа бүртгэлээ баталгаажуулах гээд 10 гаруй хүн л байдаг болсон. Ачаалал эрс багасч, хүлээгдэл тэр хэмжээгээр буурсан. Иргэд ажлаа зөв төлөвлөж, захиалсан цагтаа ирж үйлчлүүлэх нь чухал. Удахгүй бид цахимаар хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээ авах гээд бэлтгэл ажил хангаад явж байна.

-Улс орон даяар дархлаажуулалтын аян явагдаж байна. Танай дүүргийн хувьд вакцинжуулалтын явц хэр явж байна вэ?  

-Манай дүүрэгт эхний ээлжинд 55 мянган тун вакцин ирсэн. Бид зорилтот бүлгээ хамруулаад дуусч байна. Монгол Улсын Засгийн газраас энэ жил цар тахлын үе, улирлын томуу, томуу төст өвний үетэй давхцаж байгаа учраас дархлаажуулалтыг нэлээн өргөн хүрээнд хийж байна. Улс орон даяар дархлаажуулалтын 10 хоногийн аян дуусах шатандаа явж байна. Манай Баянгол дүүргийн хувьд бүх сургууль, цэцэрлэгээ бүрэн хамруулаад дууссан. Бид өнгөрсөн хавар бүх өрхийн эмнэлгүүдээ вакцинатор сувилагчтай болгосон. Үүний үр дүнд энэ жил сургууль, цэцэрлэгээрээ манай өрхийн эмч нар яваад вакцинаа хийчиж байгаа. Ингээд цэгцлээд өгсөн учраас зохион байгуулалт тал дээр асуудал үүсээгүй.

-Танай төв хүүхдийн тусламж, үйлчилгээн дээр хэр анхаарч байна вэ. Орны хүрэлцээ хэр байгаа вэ?

-ЭХЭМҮТ-ийн ачааллыг хуваалцах, хүүхдийн тусламж үйлчилгээгээ сайжруулах үүднээс ЭХЭМҮТ-ээс нэг эмч, хоёр сувилагч ирж ажлын байрны чадвахжуулах сургалтыг өгч байна. Энэхүү чадвахжуулах сургалт нь хүүхдийн амьсгалын замын цочмог өвлөл, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний чиглэлээр явагдаж байна. Мөн бид нярайн тасгаа таван ортойгоор нээгээд эмч, сувилагчаа бэлдээд явж байна. Манай хүүхдийн эмнэлэг 140 ортой, нэмэлтээр ахмадын эмнэлэгт 60 ор нээдэг. Ингээд нийлээд хүүхдийн 200 орыг бэлэн байдалд байлгадаг. Одоогоор 100 гаруй хүүхэд хэтэн эмчлүүлж бна.

-Ирэх сараас танай эмнэлэг гэмтлийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг болно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Бид Эрүүл мэндийн Сайдаас яаралтай болон эрчимт эмчилгээний тасгаа өргөтгөх тал дээр дэмжлэг хүсээд саналаа тавьсан байгаа. Одоо манай яаралтай түргэн тусламжийн тасгийн дөрвөн орыг 10 болгох, эрчимт эмчилгээний тасгийнхаа зургаан орыг мөн 10 болгохыг зорьж байна. Хүүхдийн Эрчимт эмчилгээ тасаг  гурван ортой үйл ажиллагаагаа явуулж байна.  Тиймээс бид төрөлжсөн төв эмнэлгүүдийн ачааллыг хуваалцахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Дээр хэлсэн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр манай эмнэлэг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлдэг болох гээд хичээн ажиллаж байна. ГССҮТ-өөс мэргэжил, арга зүйн дэмжлэг аваад явж байна. Түүнчлэн төв дээр боломжит мэс заслаа хийгээд явж бна.

-Танай төв сая сүүлд урологийн буюу бөөр, шээсний замын мэс заслыг хийдэг болсон гэсэн. Нийт хэдэн төрлийн мэс заслыг өөр дээрээ хийж байгаа вэ?

-Баянгол дүүрэг 223 мянган хүн амтай. Бид дүүргийнхээ хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Анхан шатны 22 өрхийн эмнэлэгтэй. Бид дотооддоо зөв зохион байгуулалт хийх, тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр нэлээн анхаарсан. Манай ерөнхий мэс заслын тасгийн баг их чадварлаг хамт олон байдаг. Манай залуучууд сая л гэхэд 12 нугалаа гэдэс тайрах мэс заслыг амжилттай хийлээ. Ерөнхий мэс заслын тасаг 10 –аад эмчтэй, гадаадад сурч төгсөөд ирсэн залуучууд ч байна. Бид өнгөрсөн долдугаар сарын 01-ээс дүүргийнхээ яаралтай тусламжийг аваад эхэлсэн. БГД-ийн ЭМТөв дээрээ мэс засал хийлгэх бүх үйлчилгээгээ авч байна. Манайх дурангийн бүх төрлийн мэс заслыг хийдэг. Одоо бид Эрэгтэйчүүдийн кабинет нээж байна. Сарын өмнөөс УНТЭ-тэй хамтран Урологийн буюу бөөр, шээсний замын мэс заслыг хийж байна. Одоо чих, хамар хоолойн мэс заслыг УНТЭ-тэй хамтран хийж байна. Одоо бидэнд нүдний мэс засал хийх хэрэгтэй байна. Энэ чиглэлээр УНТЭ дээр өөрийн эмчээ сургаж байна. Түүнчлэн УГТЭ-ээс эмч нарын баг ирж, ажлын байрны чадвахжуулах сургалтыг давхар хийж байгаа. Дүгнээд хэлэхэд манай ерөнхий мэс заслын тасагт 20 гаруй төрлийн мэс засал хийгдэж байна. Бид төрөлжсөн төв дөрвөн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний дэмжлэг аваад явж байна.

-Ирэх сараас танайд хүүхдийн мэс засал мөн шинээр хийгддэг болно гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Сүүлийн нэг жилд бид бүдүүн шулуун гэдэсний, бөөр шээсний замын, судасны, гэмтлийн зэрэг мэс заслуудыг нэвтрүүлж, төлөвлөгөөт болон яаралтайгаар хийж байна. Бид ирэх сараас хүүхдийн мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид өөрсдийн бололцооныхоо хэрээр хийхээр төлөвлөж байна. Хүүхдийн эвэрхий зэрэг бололцоотой мэс заслаа хийж эхэлнэ. Сүүлийн үед хүүхдийн хатиг, буглаа эрс ихэссэн. Хүүхдийн мэс заслыг заавал хүүхдийн мэргэжлийн унтуулгын эмч, мэс засалч хийдэг.  Хүүхдэд зориулсан баг ажиллана. ЭХЭМҮТ-ээс зөвлөх эмч авч ажиллана. Манай ерөнхий мэс заслын тасаг олон төрлийн мэс засал хийдэг болсон учраас үйлчлүүлэгчийн тоо ч нэлээдгүй өссөн. Өнгөрсөн жил 300-350 мэс засал хийгдэж байсан бол энэ оны есөн сарын байдлаар 500-аад мэс засал хийгдчихсэн байна. Ард, иргэддээ илүү тусламж, үйлчилгээгээ үзүүлэхийн тулд шинэ мэс заслуудаа нэвтрүүлэх, нутагшуулах тал дээр анхаарч байна. 2021 ондоо багтаагаад нарийн мэргэжлээр эмч нараа мэргэшүүлээд цээжний хөндийн мэс заслыг хийх бодолтой, төлөвлөгөөндөө оруулчихаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж