Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөө өрсөлдөх хоёр баг өчигдөр (2020.10.09) Спортын төв ордонд тодорлоо.
- SBL Хасын Хүлэгүүд 106 – 82 Хан-Уул Хангарьд
Цувралын дөрөв дэх тоглолтод Ш.Энхийн-Одын сайн тоглолтын ачаар хасагдах аюулаас аврагдсан Хан-Уул Хангарьд багийн аварга болох мөрөөдөл дахин нэг улирлаар хойшиллоо. Өчигдөр явагдсан хоёр багийн цувралын тав дахь тоглолтод Хасын Хүлэгүүд багаас ахлагч Б.Билгүүн 24 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлж, Т.Мэндбаяр, О.Сэргэлэн, Э.Ариунболд нар тус бүр 15 болон түүнээс дээш оноо авч багаа ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
О.Сэргэлэн 15 оноо авч, 12 оновчтой дамжуулалт өгч, түүнийг талбайд байхад баг нь +34 онооны илүүтэй тогложээ.
Харин Хан-Уул Хангарьд багаас Ш.Энхийн-Од, Б.Билгүүн нар тус бүр 20 оноо авсан бол Ц.Сэргэлэнбаатар 15 оноо авав. Тус багийн гол тоглогчдын нэг Ц.Сэргэлэнбаатар алдааны асуудалд орон, гуравдугаар үед талбайг чөлөөлсөн.
Цувралыг 4-1 гэсэн харьцаатай дуусгасан SBL Хасын Хүлэгүүд баг 2012 оноос хойш долоо дахь удаагаа, сүүлийн таван жил дараалан лигийн аваргын төлөө шалгарч байна.
- 23 Storms 96 – 103 Алдар Танан Гарьд
Аварга авах зорилготой бүрэлдсэн 23 Storms багийн аялал энд хүрээд мөн өндөрлөж байна. Хоёр баг цувралын туршид ижил тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байсан боловч аваргаа хамгаалагч Алдар Танан Гарьд баг төгсгөл хийх тал дээр илүү байж чадлаа. О.Баярцогт дасгалжуулагч өчигдрийн тоглолтонд гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн А.Энхтүвшинг гараанд гаргаж, Д.Дөлгөөнмөрөнг сэлгээний сандал руу шилжүүлсэн боловч ялгаа нэг их гарсангүй.
Аваргуудаас зургаан тоглогч 10-аас дээш оноо авсны дотор А.Тэмүүжин 27 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлэв. Нэмэлт цагт шийдэгдсэн энэхүү тоглолтонд хоёр баг хоёулаа алдааны асуудалд орсон. 23 Storms багаас Т.Их-Уул, Г.Баттөр нар таван алдаа гарган чухал үед багтаа тус хүргэж чадаагүй бол Алдар Танан Гарьд багаас П.Болортулга, О.Ууганбаяр нар мөн таван алдаатай болж талбайг чөлөөлсөн.
Энэ өдөр 23 Storms багаас оноо авалтаараа багаа тэргүүлсэн Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нараас гадна 2011 оны лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэн 32 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 17 оноо, зургаан бөмбөг таслалт, таван самбараас бөмбөг авалт толилуулж, алсын зайн шидэлтийг 100 хувьтай буюу гурав шидэж, бүгдийг нь оруулав.
23 Storms багийн шилдэг залуу тоглогчдын нэг А.Энхбаясгалангийн хувьд тоглолтын эхлэлд зүүн гарын хуруундаа бэртэл аван тоглолтыг чөлөөлсөн юм.
Ийнхүү Алдар Танан гарьд болон SBL Хасын Хүлэгүүд багууд 2019-2020 оны улирлын "Дээд лиг"-ийн аваргын төлөөх шалгаран үлдлээ. Сануулахад, дээрх хоёр баг нь өнгөрсөн жилийн лигийн аваргын төлөө тунаж, Алдар Танан Гарьд баг цуврал долоон тоглолтонд 4-3 гэсэн харьцаатай буулган авсан билээ.
Лигийн аваргаар Алдар Танан Гарьд баг хоёр удаа шалгарсан бол Хасын Хүлэгүүд баг зургаан удаа тодроод байна.
Холбоотой мэдээ