Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийв. Энэхүү айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурсан.
Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив. Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ.
Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.
эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ