"ТЕГ тагнаж, чагнахгүй юм бол өөр хэн тэр ажлыг хийх юм"

Хуучирсан мэдээ: 2020.10.10-нд нийтлэгдсэн

"ТЕГ тагнаж, чагнахгүй юм бол өөр хэн тэр ажлыг хийх юм"

"ТЕГ тагнаж, чагнахгүй юм бол өөр хэн тэр ажлыг хийх юм"

NEWS агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


"ТЕГ ТАГНАЖ, ЧАГНАХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ХЭН ТЭР АЖЛЫГ ХИЙХ ЮМ"

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д аюулгүй байдлын шинжээч, ахлах референтээр ажиллаж байсан Г.Уянгатай Үндэсний аюулгүй байдлын асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Таныг Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн цөөн хүний нэг гэж сонссон?

-Сайн байна уу. Миний нэрийг Г.Уянга гэдэг. Би одоогоор АНУ-ын Чикагогийн Их сургуульд “Үндэсний аюулгүй байдлын аюул заналд авах хариу арга хэмжээний удирдлага” гэсэн чиглэлээр магистрын зэрэг горилон суралцаж байна. Миний хувьд ажлын гараагаа Эрүүгийн цагдаагийн газраас эхлүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аюулгүй байдлын шинжээч, референт, ахлах референт гэх мэт ажлыг хийж байсан. Хамгийн сүүлд Монгол Улсын Дотоод аюулгүй байдал буюу хуучнаар нийгэм төрийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажилладаг байсан. Хэдийгээр Үндэсний аюулгүй байдал гэсэн нэр томьёо нь өнөөдрийн ойлголтоор дэлхийн 2-р дайнаас хойш, тодруулбал, 1947 оны АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хууль батлагдсанаас хойш хэрэглэгдсэн гэж үздэг ч аюулгүй байдлын асуудал нь анхны төрт улс байгуулагдсан үеэс л яригдах байх. Би өөрийгөө энэ салбарт мэргэшсэн гэж ярих нь Монголд төрт улс үүссэн цагаас улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хамгаалж, амь амьдралаа зориулж ирсэн миний мэдэх бас мэдэхгүй үе үеийн олон мундаг ажилтан, эрдэмтэн, судлаачдыг үл хүндэтгэж, өөрийгөө хэт дөвийлгөсөн хэрэг болох учир энэ талаар суралцаж яваа гэж тодотгох нь зөв байх.

-Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Үндэсний аюулгүй байдал гэхээр иргэд янз бүрийн ойлголт, мэдээлэлтэй байдаг?

-Үндэсний аюулгүй байдлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний Аюулгүй байдлын хуульд албан ёсоор тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэж “Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг хангагдах гадаад, дотоод нөхцөл байдал баталгаатай хангагдсаныг хэлнэ” гэж тодорхойлсон. Харин Үндэсний язгуур эрх ашиг гэдэгт Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана гэж заасан байдаг. Үндэсний язгуур эрх ашигт багтаж буй дээр дурдагдсан ухагдахуунууд нь аливаа улсын үндэсний хүч, нөөц бололцоо, чадамжийг илэрхийлэх бөгөөд тус бүр нь томоохон цогц ойлголтыг төлөөлдөг, хамгаалбал зохих үндэсний үнэт зүйлсийг агуулж байдаг гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ЭНЭ САРДАА БАГТААД СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХААР АЖИЛЛАЖ БАЙНА"

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг өчигдрөөс Монголд  ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд тус шалгалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ Монгол Улсыг стратегийн дутагдалтай гэсэн орны жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд оруулж, зургаан үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Нэгт, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгчид эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлэх, улмаар эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тогтоон ажиллах; Хоёрт, СЗХ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомж зөрчсөн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авах; Гуравт, мөнгө угаах арга хэлбэрийн бусад ялгаатай төрөл хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтад ахиц гарган харуулах; Дөрөвт, хилээр нэвтрүүлэхдээ худал, эсхүл мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаанд ахиц гаргах, энэ төрлийн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах; Тавд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хориг арга хэмжээний хэрэгжилтээс зайлсхийх нөхцөл бүрдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээг авч харуулах; Зургаад, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санхүүгийн зорилтод хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдуулан Санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн энэ талаарх үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах, илэрсэн зөрчилд тохирсон, дахин зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц хариуцлагын арга хэмжээг авч ажиллах зэрэг ажлууд багтсан.

Дээрх зургаан ажлаас гурвыг нь нэгдүгээр сард, үлдсэн гурвыг нь дөрөвдүгээр сард биелүүлснээр зургаан үүрэг даалгаврын бүгдийг нь  өнгөрөгч дөрөвдүгээр сард хангачихсан гэсэн үг.

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ын өөрийнх нь дотоод  үйл ажиллагааны дагуу газар дээр нь заавал ирж шалгах ёстой. Гэвч цар тахлын улмаас ирэх эсэх асуудал  нь тодорхой бус байсан. Манай улсын хувьд ирүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлснээр газар дээр нь ирж ажиллаж байна. Үндсэндээ ФАТФ газар дээрх шалгалтыг хоёр улсад хийж байгаагийн нэг нь Монгол Улс.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ЭМЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВЧ ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРИХ ХЭРЭГТЭЙ"

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дархлаагаа хэрхэн дэмжих талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хоол зүйч О.Хонгорзултай ярилцлаа.

-Өвлийн цагт дархлаагаа сайн дэмжвэл ханиад томуу тусахгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүйтний улиралд хүний дархлаа сулардаг уу?

-Хүний биеийн дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт гэсэн үг. Хүйтний улиралд гаднаас хүйтэн температур биед ороод ирэхээр биеийн градус буурдаг. Тиймээс дулаан хувцаслах, биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор илчлэг, тэжээлтэй хоол хүнс идэх шаардлага гардаг.

Тиймээс хүмүүс хоол хүнсээрээ дамжуулан олон төрлийн шим тэжээл, аминдэмийг авч байвал сайн. Ялангуяа үндсэн шимт бодис болох өөх тос, нүүрс ус, уургийг тэнцвэртэй хэмжээгээр авах нь маш чухал. Гэхдээ их хоол иднэ гэсэн үг биш. Хэрэгцээтэй аминдэм агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэх шаардлагатай. Зарим хүмүүс хүүхэддээ дэртай хүнсийг нь өгч байна гээд хэт илчлэг ихтэй, чихэрлэг хүнс хэрэглэх тохиолдол бий. Ингэснээр чихэрлэг хүнс нь эсрэгээрээ биеийн дархлааг дарангуйлж байдаг. Тиймээс чихэрлэг хүнсний хэрэглээгээ багасгахыг зөвлөе.

-Зарим хүмүүс дархлаагаа дэмжихийн тулд өндөр тунгаар витамин, бэлдмэл уух нь бий. Энэ нь хоол хүнснээс авч буй аминдэмээс илүү үр дүнтэй байж чаддаг болов уу?

-Эмчийн заалтаар эрчимтэй дархлаагаа дэмжих шаардлагатай хүн бол өндөр тунтай витаминаар дархлаагаа дэмжиж болно. Зарим хүмүүс “Энэ витамин сайн гэнэ” гээд дураараа хэтрүүлэн хэрэглэх тохиолдол бий. Олон найрлагатай витаминыг давхардуулж хэрэглэвэл дутахаасаа гадна ихэдвэл хүний биед сөрөг нөлөөтэй. Жишээлбэл хүн болгон Д  витамины дутагдалтай гээд ууж эхэлсэн. Уг нь тэр хүн цусан дахь тунгаа тодорхойлуулж, тохирох хэмжээгээр эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Гэтэл иргэд дур мэдэн Д витаминыг өндөр тунгаар хэрэглэснээр хүний биеийн ясны бүтцэд эргэж нөхөгдөхгүйгээр өөрчлөлт оруулдаг сөрөг нөлөөтэй. Сүүлийн үеийн судалгаануудаар гэдэсний бичил орчиноо тэнцвэртэй буюу сайн бичил биетнээ нэмэгдүүлж чадсанаар эрүүл байх гол үндэс гэж үзэх болсон байна.  Хүний гэдэсний бичил биетний төрөл зүйл, тоо хэмжээ бидний хоол хүнс, амьдралын орчноос ихээхэн хамаардаг. Гэдэсний ашигтай бичил биетнүүд нь: Дархлааг дэмжинэ, аминдэм, бусад шимт бодисыг нийлэгжүүлнэ, эмгэг төрүүлэгч бичил биетнийг дарангуйлна, гэдэсний орчинг эрүүл байгаж бусад өвчнөөс сэргийлдэг. Тэгэхээр хооллолтондоо тараг, айраг, хоормог зэрэг эсгэг цагаан идээ, мөн эслэг ихтэй буюу төрөл бүрийн жимс, хүнсний ногоо,  бүтэн үрийн бүтээгдэхүүн буюу хөц будаа, арвайн будаа, бор гурил зэрэг үйлдвэрийн боловсруулалт багатай бүтээгдэхүүн идэхийг зөвлөж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж