БНСУ-ын өмнөд хэсгийн Үлсан хотод 33 давхар тансаг зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний газрын барилга шатаж, бараг 100 хүн угаартсаны гурвынх нь биеийн байдал ноцтой хүнд байгаа гэнэ.
Үлсан хотын гал унтраах албаны мэдээлж буйгаар галыг өнөөдөр/2020.10.09/ өдрийн 14:50 цагт бүрэн унтраасан байна. Анх гал гарснаас хойш бүрэн унтрааж дууссан нийт хугацааг тооцож үзвэл 15 цаг, 40 минут болжээ. Түүнээс өмнө гал сөнөөгчид 12:35 цагт галыг цааш тархахааргүй болгож, хяналтандаа авснаа мэдээлсэн юм.
Гал өнгөрсөн шөнө /2020.10.08/ 23:44 цагт гарсан бөгөөд дүүргийн гал сөнөөгчид дээр зэргэлдээ дүүргийн галын ангийнхан нэмэлт хүч болон ирж ажиллацгаасан гэнэ.
Гэсэн хэдий ч одоо хэр нь утаа гарч байгаа хэсгүүд байгаа бөгөөд энэ нь дахин гал гарах шалтгаан болох вий хэмээн зарим иргэд санаа зовж байгаа тул гал унтраах багийнхан бэлэн байдалд байгаа аж.
Галыг эхлээд шаттай машины шатан дээрээс ус шүршиж унтраахаар оролдсон боловч хүчтэй салхи, барилгын галд өртөмтгий материалаас болж ажил хүндрэлтэй, бүтэлгүй болж байсан байна. Мөн гал дээд давхрууд руугаа маш хурдан дамжиж, шат хүрэхээргүй болжээ.
Тиймээс нисдэг тэрэг дайчлан барилгын дээрээс нь ус цацуулахын хажуугаар гал сөнөөгчид барилга дотор орж, галыг дотроос нь дарах арга хэрэглэсэн аж.
Галаас болж нийт 92 иргэн, нэг гал сөнөөгчийг эмнэлэгт хүргэсэн гэнэ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гэмтлийг хөнгөн гэж тогтоосон ч гурван хүний биеийн байдал ноцтой байна. Түүнээс гадна барилгын 77 оршин суугчийг гал унтраах багийнхны тусламжтайгаар 12, 28-р давхар болон дээвэр зэрэг газраас аварч, нүүлгэн шилжүүлсэн байна.
Галыг унтраахад нийт 1300 хүн, 148 техник ороцжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ