Төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж буй иргэд цалингаа авч чадахгүй байгаа мэдээлэл түгсэн. Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-иас тодруулснаа хүргэе.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян гэсэн хоёр чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй билээ.
АЖИЛЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ ХАСААГҮЙ, ТОДОРХОЙ ХУВИАР НЭМСЭН
"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж байгаа билээ. Бид тус компанийн хэвлэлийн албанаас дээрх асуудлаар хариулт авахыг хүсэхэд “Манай байгууллага төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй ажилчдад цалин хөлсийг тогтмол олгож байна. Хасах нь битгий хэл харин ч тодорхой хувиар нэмсэн” гэсэн хариулт өгөөд, Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ асуудлыг тодруулах хэрэгтэйг онцлов. Салбар яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Энэ ажлын гүйцэтгэлийг хариуцаж буй "Монголын төмөр зам” ТӨХК тодорхой хариулт өгөх байх. Манайн яам бодлого, чиглэлээр л хангадаг” гэв.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6%, хоолойн ажил 98%-тай явагдаж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байгаа аж. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж, гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа явдал юм.
Эхний гүүрүүдийн дам нурууг амжилттай угсарчээ.
Төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж, гүүрийн ажлууд үлдсэн байна. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьжээ. Харин “Туулын гүүр далай” ХХК-ийн ПК+369 дэх км дээр баригдсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрүүдэд дэд бүтэц тавихад бэлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна” хэмээн төслийн талбайгаас мэдээлсэн юм.
Гүүрийн ажлын гүйцэтгэл есдүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай явагдаж буй бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэжээ.
Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэлх тонн нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тооцоолсон байна. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурна гэж тооцжээ.
Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах аж. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх ажээ.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ, ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОНО
2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосон.
Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан билээ. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэхээр болсон.
Дээрх хоёр чиглэл нь төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж буй юм.
Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаахаар болсон билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ