Японд оршин суух Монгол Улсын иргэдэд виз олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Японд оршин суух Монгол Улсын иргэдэд виз олгож эхэллээ

НЭМЭЛТ:

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 9-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-той албан ёсны хэлэлцээ хийв.

Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад  Ерөнхий сайд Ё.Сүга-гийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгааг онцоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

 

Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүн талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив.

Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.

Айлчлал амжилттай үргэлжилж байна.


НЭМЭЛТ:

ГАДААД ХЭРГИЙН САЙД Н.ЭНХТАЙВАН ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв.  Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно   гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.


НЭМЭЛТ:

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД БАРААЛХАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргээд уг айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-гийн тэргүүлж буй Засгийн газар манай улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд манай “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны 6 дугаар сард болсон парламентын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НЭМЭЛТ:

ЯПОНЫ ГХ-ИЙН САЙД НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ХҮСЭВ

Түүнчлэн Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал саадгүй ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болохыг онцлон тэмдэглээд шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа хойшлогдож байгаа хэдий ч уг нисэх буудал саадгүй ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй олон асуудлаар мөн адил санал бодлоо солилцон “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” стратегийг хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн бодитой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудал зэрэг Хойд Солонгосын талаар үргэлжлүүлэн хоёр улс хамтран ажиллахаа дахин нотоллоо.


ЯПОНЫ ГХ-ИЙН САЙД Т.МОТЭГИ УЛААНБААТАРТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан 5 дахь айлчлал болж байна.

Түүний танилцуулга: 

Тэрбээр 1955 оны аравдугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. 1978 онд  Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг, 1983 онд АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1978-1980 онд “Марубэни” компанид ажилтан
  • 1983 онд “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч
  • 1983-1991онд “McKinsey & Company”-д зөвлөх
  • 1993 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
  • 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд
  • 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд
  • 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
  • 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2007-2008 онд ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
  • 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд
  • 2009-2010 онд ЛАН-ын ЕНБД-ын орлогч
  • 2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга
  • 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд
  • 2014-2016 онд  ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга
  • 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2017-2019 онд  Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд

Т.Мотэги 2019 оны есдүгээр сараас Ш.Абэ, улмаар 2020 оны 9 дүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж