Х.Нямбаатар: Сайддаа таалагдах гэж ЦЕГ гэмт хэргийн тоог дардаг

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Сайддаа таалагдах гэж ЦЕГ гэмт хэргийн тоог дардаг

Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2020.10.09) "Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар Төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.


Сүүлийн гурван жил ахуйн болон гэр бүлийн хүрээнд өсвөр насны болон бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэйг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал дээрх хугацаанд 676 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүний 58 орчим хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдэж, гэр бүл, хамаатан садны хүмүүс нь энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Он гарсаар 576 гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарчээ.

Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтааныг судалгаагаар гаргажээ. Нэгдүгээрт, гэр бүл салалт. 20-40 насны 3000 орчим гэр бүл жилд салж, 6000 орчим хүүхэд өнчирчээ. Өнчирч үлдсэн хүүхдүүд хараа хяналтгүйгээс бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нэмэгддэг аж.

Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарладаггүйтэй шууд холбоотой. Хүүхдээ асран хамгаалах үүрэг нь эцэг эх бүрт харилцан адилгүй байна. Эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхэд гол усанд амиа алдах, өндрөөс унах, машинд дайруулах, хүчирхийлэлд өртөх зэрэг шалтгааны улмаас хохирч байна. Гуравдугаарт, цахим сүлжээгээр хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болдог, танихгүй хүмүүст уруу татагддаг эрсдэл байгаа учраас “Сүүдэр буу тусга” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буй.

Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байгаа ч нөгөө талдаа үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байгааг албаныхан хэлж байна.

Тухайлбал, эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигддөг. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг Ерөнхий боловсролын сургуулиудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болжээ. Цагдаагийн байгууллагад өмнө нь Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хүүхдийн байцаагч гэж байсан. 2012 онд эрхзүйн шинэтгэлийн хүрээнд энэ нэгжийг байхгүй болгож, 2017 онд дахин бий болгосон ч Цагдаагийн байгууллагад хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 53 алба хаагч ажилладаг. Энэ хүмүүсийн ажлын ачааллыг аваад үзэхээр нэг хүүхдийн байцаагчид 19-22 мянган хүүхэд, 10-25 орчим ерөнхий боловсролын сургууль, 1-12 цэцэрлэг оногддог байна.

Энэ тухай ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН ХЭЛТСИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН ХОШУУЧ Д.БУДЗААН хэлэхдээ “Цагдаагийн байгууллагад хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх саналыг 2017 оноос холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Энэ жил ХЗДХЯ-наас орон тоо нэмэх саналыг 2021 оны төсөвт оруулсан. Бусад улсын жишгээс харахад 8,000 хүн тутамд нэг байцаагч байдаг. Одоогийн байдлаар хамгийн багадаа 103 хүүхдийн байцаагч нэмэх юм бол аймаг бүрт 1-3 байцаагт нэмэгдэх боломжтой юм. Ингэснээр хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдээ олж илрүүлэх, тэдэнтэй ажиллах боломжууд нэмэгдэнэ.  Гэвч энэ нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах нэг л шийдэл юм. Хүүхдийн байцаагчийн тоог нэмэгдүүлснээр энэ төрлийн гэмт хэрэг байхгүй болно гэсэн үг биш юм”.

Х.НЯМБААТАР: ХОШИН ШОГ ШИГ ЗҮЙЛД ТЕНДЕР ЗАРЛАЖ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН МӨНГИЙГ ҮРДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ 

Хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ирэх оноос эхлэн хамтарсан багуудыг жаахан ч гэсэн төсөвтэй болгоно гэв.  Хошин шог шиг зүйлд тендер зарлаж, мөнгө үрдэгийг мөн тэрбээр анхаарууллаа.  Хүүхэд хамгааллын болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн зардлыг дарга нар төвлөрүүлж зарцуулах бус анхан шатандаа хамтарсан баг нь зарцуулдаг байх ёстой.

Саяхан есөн настай охин харамсалтайгаар амиа алдсан. Энэ гэр бүл өмнө нь нийтийн байранд амьдарч байсан юм билээ. Тэр нийтийн байрны оршин суугчид бүгд нөхөр нь эхнэр, хүүхдээ зоддог гэдгийг мэдэж байсан. Хөршүүд нь тухайн үед энэ үйлдлийг таслан зогсоож, дуудлага өгсөн бол тэр охин өнөөдөр амьд мэнд байх байсан.

Хоёр сарын өмнө хойд эцэг нь охины 11 хавиргыг хугалсаныг хөршүүд мөн л мэдэж байсан. Хөршүүд иргэнийхээ журамт үүргийг биелүүлээгүй. Дараа нь дахин хоёр сарын дараа охиныг өшиглөсөн гэж мэдүүлэг өгсөн. Охины шулуун гэдэс нь тасарч бохирдол нь хэвлийн дотор нь тарсан. Охин хэвлийн гялтангийн үрэвслийн хордлогоор нас барсан. Энэ мэт гэр бүлийн хүчирхийлэл бүрийг хөршүүд нь мэддэг атлаа мэдээлдэггүй учир Эрүүгийн хуульд гэмт хэргийг үл мэдээлэх, нуун дарагдуулах заалтыг буцаан сэргээх шаардлагатай” гэсэн юм.

"ХЭРГИЙГ ҮЛ МЭДЭЭЛЭХ, НУУН ДАРАГДУУЛАХ ЭРҮҮГИЙН  ЗААЛТЫГ БУЦААН СЭРГЭЭНЭ"

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ тухай хэлэхдээ 2002 оны Эрүүгийн хуульд хуучин гэмт хэргийг үл мэдээлэх, нуун дарагдуулах гэдэг зүйл анги байсан. Харамсалтай нь энэ заалтыг 2015 оны Эрүүгийн хуулиар хасчихсан. Энэ заалтыг эргээд сэргээх шаардлагатай. Гэмт хэргийг мэдээллэх нь өөрөө иргэн бүрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Хоёрдугаарт, ЕБС-ийн хичээлийн агуулгад нь хүүхдүүдийг багаас нь гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээл ордог болно. Энэ сараас эхлэн туршилтаар цөөн хэдэн сургуулиудад орж эхэлсэн. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн бүх ЕБС-иудад энэ чиглэлийн хичээл орно.

Хоёрдугаарт, төр засгийн бодлогын хүрээнд халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү гэсэн зарчим руу орохгүй бол өнөөдөр мянган удаа хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулаад үр дүн гарахгүй. Яагаад гэвэл халамж авдаг ажил хийдэггүй хүмүүс ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Мөн бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх шаардлага бий” гэв.  Тэрбээр цагдаагийн байгууллагаас гаргадаг гэмт хэргийн тоо баримтад эргэлздэг тухайгаа2017 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар тухайн үйлдэл болгоныг  гэмт хэрэгт тооцдог болсон. Хуучин бол халаасны хулгайчын 10 удаагийн үйлдлийг нэг гэмт хэрэг гэж бүртгэдэг байсан. 2018 онд гэмт хэргийн тоо өсч байснаа буурчихсан. Энэ нь Цагдаагийн байгууллага салбарынхаа сайдад таалагдах гэсэн тоон мэдээллийг гаргаад сурчихсан. Ихэнх өргөдөл гомдлыг буцааж, хэрэг үүсгэхээс татгалздаг, эвлэрүүлэх байдлаар хэргийг хаадаг зэрэг нөхцөл байдал нэгэнт бий болсон.

Гэмт хэрэг их гарах хэрээр Хуульзүйн сайд нь муу ажиллаж байна гэдэг хуучны ойлголт байсан учраас тоон мэдээллээ одоо ч дарж хэлдэг. Одоо энэ байдлыг өөрчилж, ирсэн гомдол бүрийг шалгаж байж асуудал шийдэгдэнэ. Дарга нарт таалагдах гэсэн статистик мэдээлэл хэрэггүй” гэсэн юм.

2020 оны төсөвт хүүхэд хамгаалын чиглэлд 8 тэрбум төгрөгийг төсөвлөснөөс 1.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасч одоогоор зарцуулалт 70 орчим хувьтай байгаа аж. Энэ талаар ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА М.ЭНХ-АМАР:

 "Өнгөрсөн гурван жил хүүхэд хамгааллын зардалд тавьж буй төсөв нэмэгдсэн сайн тал бий. Сум, хороонд хүрч ажиллах анхан шатны нэгж болох хамтарсан багуудад жилдээ 300 орчим сая төгрөг хүүхдэд хамгааллын зардлаас гардаг. 2018 онд хүүхэд хамгааллын зардлаас хэдийг нь хүүхдийн хөгжилд, гэр бүлийн хөгжилд, хэдийг нь залуучуудын хөгжилд зарцуулах уу мөн хэдийг нь хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах уу гэдгийг  тусад нь баталдаг байсан. Харин 2019, 2020 оны төсөвт хүүхэд хамгаалалын зардал гэсэн ерөнхий томоор нь тусгачихаар тэр бүхэн зөвхөн хүүхэд хамгааллын зардалд зарцуулагдана гэсэн буруу ойлголт байгаа. Цаашдаа чиглэл тус бүрээр нь гаргаж, тохирсон зардлыг төсөвлөх нь зөв.

Хэдийгээр хууль батлагдсан ч төсөв хөрөнгө нь дагаж батлагддагүйгээсээ болоод хэрэгжилт удаан байна. Манай агентлагийн нэг чиг үүрэг залуучуудыг дэмжих. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2016 онд батлагдсан. 2018 онд хөтөлбөртөө орсон. Гэтэл нэг ч төсөв байхгүй. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс хүүхэд хамгааллын төсвөөс 5-10 хувийг нь залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл рүү зарцуулдаг. Хүүхэд, залуучуудын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эмч, сэтгэлзүйчдийн ур чадварыг улам сайжруулах талаар шийдвэрлэх хэрэгтэй. Хүний нөөцийн хувьд тогтворгүй байдаг. Залуу нийгмийн ажилтнууд хүчирхийлэлд өртөөд ирсэн хүмүүстэй харьцаад шантардаг. Үүнээсээ болж боловсон хүчний дутагдалтай гардаг.

Хүүхэд зөв төлөвшлийг олж авдаг зуслангийн тоо жил ирэх тусам буурч байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин байхгүй. Аль байгууллага нь хариуцах эсэх тодорхой бус. Зуслангаар дамжуулж хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байх бодлого дутагдаж байгаа" гэлээ.

УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГЭМИЙН ДАРГА Д.САРАНГЭРЭЛ:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг бид олон жил ярьж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар доривтой үр дүнд хүрсэн гэх нөхцөл байдал хараахан бүрдээгүй байна. Он гарсаар 576 гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан байна. Саяхан УЕП-ын газраас гэмт хэргийн зөрчлийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Энэ үеэр хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал 2.5 дахин нэмэгдсэн тухай мэдээлсэн. Архидалтай холбоотой гэмт хэргийн зөрчил 57 хувиар нэмэгдсэн. Мөн он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг зөрчсөн хувь хэмжээ 27 хувиар нэмэгдсэн байна. Тийм учраас энэ чиглэлд бид улам анхаарлаа хандуулах ёстой. Тодорхой хэмжээгээр шийдэх хүртлээ бүх шатандаа хамтарч ажиллах шаардлагатай. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бүх шатны оролцоо хангагдаж байна. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа уялдуулж чадаагүй.  Бид хүний нөөц болон санхүүжилтийн тухайд нэгдмэл болох шаардлага бий болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдсэн төлөвлөгөөг улсын хэмжээнд гаргаж ямар үр дүнд хүрэхийн тулд  хэн нь юуг хариуцах уу, хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай вэ гэдгээ тодорхойлох цаг нь бий болсныг хэлэлцүүлгийн  үеэр талууд хөндлөө. Хууль хангалттай байгаа ч хэрэгжилт нь дутагдаж байгаа ч хэлж байна” гэсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН МӨНГИЙГ САНДАЛ, ШИРЭЭ, ТАВИЛГА, СУРГАЛТАД ЗОРИУЛСАН БАЙХ ЖИШЭЭТЭЙ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн тоо зөвхөн 2020 оны эхний есөн сарын байдлаар 8,200 хүрсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг УИХ-аас гаргасан хууль тогтоомж багадаагүй.

Гэвч эдгээр хууль тогтоомж хөрсөн дээр бууж хэрэгжихгүй байна. Эдгээр ажлуудад төсөвлөсөн санхүүжилт нэг талаас хүрэхгүй, нөгөө талаас арай гэж төсөвлөсөн хөрөнгө мөнгийг эзэндээ очихгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгаалалтай холбоотой төсөв 130 сая байсныг эмэгтэй гишүүдийн санаачлагаар 8 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Гэтэл энэ мөнгийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зориулалтаар нь зарцуулж чадахгүй байна. Сандал, ширээ, тавилга, сургалтад зориулсан байх жишээтэй.

Хамгийн сүүлийн жишээ, Увс аймагт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудал үүсэнгүүт тэнд төлөвлөгдсөн байсан урьдчилан сэргийлэх ажилд зориулагдах хөрөнгөний 50 гаруй хувийг малчдын зөвлөгөөн зэрэг тэс өөр зүйлд зарцуулсан байсан нь ил болж байна.  Иймэрхүү асуудлыг өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд гаргаж тавьж байсан. Харин одоо УИХ хяналт мониторингийн тусгай газартай болсон учраас хяналтаа онцгой түвшинд хийх боломжтой болсон.

Гэр бүлийн тухай хуулийн өөрчлөлтөөр  эцэг, эх байх, гэр бүл байх гэдэг ойлголтыг хуульчлахаас гадна эдийн засгийн баталгаагаар хангагдсан баталгаатай гэр бүлийг цэгцлэх асуудал энэ хуульд тусгагдсан.  Монгол хүүхэд алганы амт үзэж өсдөг гэхчлэн маргадаг. Энэ нь хүчирхийлэл мөн үү гэдгийг ялгаж, хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юм билээ. Хүүхдийн биед гэмтэл учруулсныг хүчирхийлэлд тооцно гэдэг ч юм уу тодорхой байдлаар тусгах хэрэгтэй.

Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх мэдээллийг ойр дотныхон нь заавал мэдээлэх үүрэгтэй. Холбогдох байгууллагад мэдээллээгүй тохиолдол хариуцлага тооцдог болно. Түүнчлэн хүүхдээ, гэр бүлээ орхиж явсан бол тэтгэмж төлөх, хариуцлага тооцох гэх мэт заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж