Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ

Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ

“Машинтай хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн гэх нөхөр хэдэн өдрийн өмнө Дорноговь аймгаас зургаан хөлтэй ямаа авчирч, Захиргааны хэргийн шүүхийн гадаа олон нийтэд харуулав. Тэдгээр иргэний хөдөлгөөнийнхөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран хайгуул хийж буй “Бадрах Энержи”-гийн үйл ажиллагаанаас болж уг ямаа цацрагт идэвхт бодист хордож мутацид орсон гэж тайлбарласан юм. Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын дүн  шинжилгээгээр зургаан хөлтэй ямаа нь уранаас болоогүй, цус ойртолтоос болсныг тогтоожээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг иймэрхүү явуулга, жагсаал үе, үе болдог. “Арева”-ийн эсрэг өмнө нь ч өч, төчнөөн эсэргүүцэл цуглаан болсон. Зургаан жилийн өмнө, 2014 онд Дорноговийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 22 тугал гэнэт үхсэн нь цацрагт идэвхт бодисоос болсон гэж дуулиан, шуугиан тарьж байв. Малчин, компани хоёр тохирсон уу, эсвэл тугалнууд нь үнэхээр уранаас хордоогүй байсан уу, бүү мэд, сэдэв тэгсхийгээд л хаагдсан юм. Хөрөнгө оруулагчдыг хөөе, тууя, үйл ажиллагааг нь зогсооё, онц байдал зарлая гэж хашгирч байсан жагсагчид гэнэт чимээгүй болчихдог нь гэм биш л дээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний том компаниудын эсрэг гадаад, дотоодоос захиалгатай ажилладаг шантаажчид төрд ч, гудамжинд ч бий.

“Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-ий Д.Жагар гэгч бүтэн жилжингээ Оюутолгойн оффисийг сахиж, "Рио Тинто"-г хөөхийг уриалаад байсан. Гэтэл удалгүй УИХ-д нэр дэвшээд, сурталчилгаандаа баахан ланд машин хөлслөөд яваа дуулдсан.  Ажил огт хийлгүй, Оюутолгойг эсрэг суулт зарласан хүн тэр их мөнгийг хаанаас, яаж олсон байх вэ. Үүнийг уг нь тагнуул, цагдаа, хууль, хяналтынхан шалгах ёстой л доо.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчид “Босоо хөх”-ийнхөнд мөнгө төлөөд урьж, залаад  авчирсан чинь өнөөдүүл нь уурхайнхантай наймаанд ороод явсан талаар УИХ-ын гишүүн асан М.Зоригт саяхан нүүр номдоо бичсэн байсан. УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг шударга ёсны төлөө жагсаад байна л гэж бодсон, сүүлдээ тэр нь энтертаймент байсан нь бичлэгээр нотлогдсон шүү дээ.

 Ийм явдлууд одоо ил цагаандаа гарч, гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний том компаниудын эсрэг дарга цэрэггүй л захиалга авч, шантааж хийдэг болсон байна. Энэ бүгдийн үр дагавар эдийн засгийг эмзэгшүүлэхийн хэрээр энгийн иргэдэд хүнд тусдаг.

Дэлхийн банкнаас дэлхий дахинд уул уурхайн гол түүхий эдийн эрэлт буурсан нь Монголын эдийн  засгийн эмзэг байдлыг улам хүндрүүлж буйг анхааруулаад Засгийн газарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үр ашигтай компаниудад хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох, хөрөнгө оруулалтын орчинг эрс сайжруулах хэрэгтэйг зөвлөх болсон. Энэ онд гэхэд Монголын эдийн засаг 2.6 хувиар агших тааламжгүй мэдээг ч дуулгаж буй. Сүүлийн дөрвөн жилд МАН засгийн эрхэнд гарснаас хойш гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар хоёр бишгүй дээ амалсан. Одоо төсөл хаана гацсаныг бүү мэд, ярьдаг хүнгүй болсон байна.

Дэлхийн банкны экспертүүдийн өгч буй бас нэг зөвлөмж нь “Эдийн засаг дахь улс төрийн оролцоог багасгах, ил тод байдлыг өргөжүүлэх, эрх зүйн зохицуулалтын чанарыг сайжруулахад чиглэсэн засаглалын суурь шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх”. Гэтэл манай Засгийн газар сав л хийвэл хураана, нураана, төр мэдэлдээ авна, төрийн зохицуулалттай эдийн засагтай болно гэх болж. Товчхондоо, ҮАБЗ-өөсөө эхлээд хууль, шүүхтэйгээ хавсайдаад дээр дооргүй шантаажчин болчихсон. Монголын эдийн засаг, улс төр нь ерөнхийлдөө мутацид орсон ямаа шиг болчихсон. Мутациасаа гарна гэж Үндсэн хуулиа өөрчилсөн, өөрчлөгдсөн юм үнэндээ мэдрэгдэхгүй л байна.

Засгийн газраас ирэх оны төсвийг  2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн алдагдлыг бууруулахгүй бол эдийн засаг чинь улам хэцүүднэ гэж хөндлөнгийн шинжээчид анхааруулсаар байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн хөрөнгө оруулалтыг хумих юм бол олон хүн ажилгүй болно гээд байгаа. Энэ нь төрийн сайд дарга нарын тансаглалыг, идэж уух мөнгийг хумихгүй л гэсэн үг. Ирэх оны төсвийн зарцуулалтыг харахад  Сангийн сайд энэ онд 3.08 их наядын “мэдэлтэй” байсан бол ирэх жил 3.3 их наяд болж өссөн байна лээ.

Эрүүл, мэнд, боловсролын салбарын төсөв буураад Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Я.Содбаатар нарын зарцуулах мөнгө лав багагүй нэмэгдэж. 2020 онд Шадар сайдын зарцуулах мөнгө 177.8 тэрбум төгрөг байсан бол ирэх онд хоёр дахин нэмэгдэж, 435.1 тэрбум болж өссөн байна.

Ядаж л, төсвийн хөрөнгөөр Андлалын хөшөө, Их хуралдай гэсэн мянгуужингийн үлгэрээ хаяад муурын байшин барьж мөнгө угаахаа больчих хэрэгтэй. Ичихгүй, Японоос өгч буй 25 тэрбум иений зээлээр төсвийн 2.2 их наядын алдагдлаа нөхөхөөр болсон.

Өнгөрсөн дөрвөн жилд ганц том хөрөнгө оруулалт татсан юм алга. Дан, өр зээл, тусламж. Хятадаас лав 700 сая юанийн буцалтгүй тусламж авахаар тохирчихлоо. Хариуд нь Шанхайн ломбардад улсаа тавьчихгүй л байгаасай гэж найдъя.

Уг нь Дэлхийн банк “Улс төрийн зөв хүсэл эрмэлзэл, удирдлага байвал мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад чиглэлээр ч амжилт гаргах боломжтой”-г онцолсон байна лээ. Даанч, бид тогоотой хоолоо булаацалдан зодолдож буй ядуу айлын хүүхдүүд шиг л харагддаг байх, гадаадынханд. Иргэний хөдөлгөөнийхөн гэх шантаажчид дээр төр гэх том дээрэмчин байхад Монгол модоо барихаас яахав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж