Мэргэжлийн холимог тулааны зартай эрчүүдийн нэг Конор МакГрегор өнгөрсөн зургадугаар сарын 07-ны өдөр тулааны спортоос гурав дахь удаагаа зодог тайлж буйгаа зарласан билээ. Тэрбээр UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтыг өөрт нь тохирсон өрсөлдөгчтэй тулалдуулахгүй байна хэмээн гомдоллож, зодог тайлсан.
Анх зодог тайлаад удалгүй октагондоо эргэн ирж Нэйт Диазтай дахин тулалдсан бол хоёрдахь удаагаа эргэн ирэхдээ UFC 246 өдөрлөг дээр Дональд Серронетой тулалдаж 40 секундын дотор ялалт байгуулж байжээ.
Харин сүүлийн үед Америк тулаанч Дастин Пойрье Конорыг сайн үйлсийн төлөөх хандив цуглуулах тулаанд дуудаж, дахин хоорондоо тулалдыг хүссэн юм. Конор ч түүнийг хүсэлтийг хүлээн аван, цугларах хандиваас гадна өөрөөсөө нэмж 500 мянган ам.долларыг хандивлахыг мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт дээрх хоёр тулаанчийн удахгүй явагдах сайн үйлсийн тулааныг албан ёсоор зохион байгуулахаа мэдэгджээ.
Энэ талаар Конор МакГрегор өнөөдөр/2020.10.09/ өөрийн твиттер хуудаснаа “Сайн уу? Дастин, UFC-ээс намайг чамтай тулалдуулах саналыг би хүлээн авлаа. Гэхдээ хамгийн гол нь тулаан энэ 2020 онд явагдах ёстой. Би ирэх арваннэгдүгээр сарын 21 болон арванхоёрдугаар сарын 12, 19-ний өдрүүдэд тулалдах боломжтой. Мөн өмнө хэлсэнчлэн би чиний “The Good Fight Foundation” сайн үйлсийн санд чинь 500 мянган ам.доллар хандивлана” хэмээжээ.
Үүний хариуд Дастин Пойрье твиттер хуудаснаа “Бид үүнийг ажил хэрэг болгоно. Тулаанаас цугларсан мөнгөөр би төрөлх хотдоо бокс болон холимог тулааны академи нээж, хүүхдүүдийн боловсролд анхаарах болно” гэжээ.
Конор МакГрегор болон Дастин Пойрье нар өмнө нь 2014 оны есдүгээр сарын 27-ны өдөр UFC 178 өдөрлөгийн хүрээнд хоорондоо тулалдсан бөгөөд МакГрегор хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч байжээ. Тэр цагаас хойш Конор UFC холбооны 145 болон 155 паундын жингүүдэд аварга болсон бол Дастин Пойрье хөнгөн жингийн аваргын түр бүсийг эзэмшсэн амжилт гаргав.
Холбоотой мэдээ