Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой энэ жил тохиож буй. Циркийн уран бүтээлчид өнөөдөр /2020.10.09/ түүхт ойн талаар хэвлэлийн хурлыг хийж, явуулын асарт баярын тоглолтоо хийх гэж байгаагаа дуулгалаа.
Монгол Улсын консерваторийн хашаанд барьсан майханд Циркийн сургуулийн 23 дахь удаагийн төгсөгчид аравдугаар сарын 10, 11-нд тоглолтоо хийхээр хүйтэнд бэлтгэлээ хийж байна.
Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болсон. Гэтэл энэ сургуулийн байрыг 100 гаруй жилийн насжилттай хэмээн улсаас гурван удаа акталж, өнгөрсөн зунаас хаалгаа барьжээ.
Энэ үеэр Монголын циркийн урлагийн үндэслэн байгуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Ардын жүжигчин Л.Нацаг агсны үр хүүхдүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.
Ж.Раднаабазарын отгон охин Р.Нарантуяа нь Шинжлэх ухааны акадамийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман болон уран зохиол судлаач мэргэжилтэй. Хэл бичгийн ухааны доктор хүн юм. Тэрбээр “Миний эцэг Монголд циркийн урлагийг байгуулах гэж бүхий л хүчин чадлаараа зүтгэж, хөдөлмөрлөсөн хүн. Аав минь циркийн урлагт уран нугаралтаас бусад бүх төрлөөр ажиллаж, аж ахуйн ажлаар оёдолчноос бусдыг хийж явсан хүн дээ. Энэ урлагийг ардчилал шинэчлэлээс хойш хэрхэн нурааж, өмчилж болдгийг нүдээрээ хараад сууж байна. Ганц үлдсэн аавын минь нэрэмжит Циркийн сургууль бор зүрхээрээ зүтгэж, тэнхимтэйгээ үлдсэн нь их юм болоод байна. Улсын циркийг хувьчилснаар энэ гайхамшигтай урлагийн хөгжлийг 30 жил хойш нь татлаа. Би энэ бүхэнд маш их харамсаж явдаг” гэдгээ хатуухан хэллээ.
“ЦИРКИЙН СУРГУУЛЬ БАЙРГҮЙГЭЭС ХОЁР ЖИЛД НЭГ АНГИ АВЧ БАЙНА”
“Циркийн сургууль 2015 оны тавдугаар сарын 25-нд шатсанаас хойш Улсын циркийн удирдлагад хандсан. Тэгээд тухайн үеийн салбар яам, Улсын цирк, Циркийн сургуулийн удирдлага гурвалсан гэрээ хийж, сарын түрээс төлж бэлтгэл хийж байгаа. Тэр цагаас хойш улсаас ямар ч хяналт тавиагүй. Нэг гэрээ хийгээд л орхисон. Гэтэл гэрээний цаана циркийн уран бүтээлчид тодорхой цагуудад бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх ёстой байтал чадахгүй хохирсоор ирсэн. Улсын циркээс “Манайх хувийн байгууллага учраас түрээсээр орлогоо олно” гэдэг тайлбарыг өгдөг.
Бид жилдээ 2-3 сард нь л бэлтгэлээ зориулалтын бус газарт хийж байна. Уран бүтээлчид гэрээний дагуу цагаа авья гэхээр “Тэгвэл гэрээгээ цуцална” гэж хариу хэлдэг. Бидэнд Улсын циркээс өөр зориулалтын байр байхгүй учраас зохицохоос арга байхгүй. Циркийн сургуулийг энэ оны зургадугаар сараас Мэргэжлийн хяналтын байгууллагаас хаасан. Одоогоор Циркийн сургуульд 78 хүүхэд суралцаж, 15 багш ажиллаж байна. Бид хичээлийн жилдээ 2-4 анги авах ёстой байтал байргүйгээс хоёр жилдээ өнжиж нэг анги авч байна” гэдгийг Циркийн сургуулийн найруулагч Ю.Гэрэлбаатар ярилаа.
“ЦИРКИЙН УРЛАГ ГУДАМЖИНД ГАРЛАА”
Циркийн сургуулийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяр “Циркийн урлаг тусгай орон зай шаардсан, стандартын барилгатай байх ёстой. Энэ асуудал хөндөгдөөд олон жил болж байгааг улс даяар мэдэх биз. Одоо Улсын циркийн барилга засвартай байгаа бол мэргэжлийн бэлтгэл сургуулилтаа хийдэг хуучин циркийн барилгыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч зургадугаар сард хаасан. Тиймээс Циркийн сургуулийн төгсөгч, “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнэ гэж хуучин асар циркээ бидэнд бэлэглэж, энэ зунжингаа багш, сурагчдынхаа ачаар босгож авсан. Нэг үгээр хэлбэл, циркийн урлаг гудамжинд гарлаа.
Бидний хувьд 80 жилийн ойн баяр наадам хийхдээ бус ямар нөхцөлд циркийн урлагийн залгамж халааг бэлтгэж байна вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Түүхэн ойн баярын тоглолтоороо ахмад уран бүтээлчдээ хүлээн авч, өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлохыг хичээх болно. Циркийн асар майхнаа хүйтний улиралд буулгана. Энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хаана хийж, мэргэжлийн хичээлээ орхигдуулахгүй байх вэ гэдэг нь тодорхой бус байна. Одоогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтад хандан албан бичиг явуулсан. Ямар хариу ирэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй байх гарцыг хайх ёстой. Циркийн сургуулийнхаа 80 жилийн ойн баярын тоглолтод энэ жилийн төгсөгчид оролцоно” гэлээ.
Монголын циркийн урлагийг үндэслэн байгуулагчдын нэг Ардын жүжигчин Л.Нацаг агсны ууган охин Н.Цогсүрэн “Өнөөдөр надад баяр баясал төрөхөөс илүүтэй харуусал гуниг төрж байна. Сургуулийнхаа түүхт 80 жилийн ойгоор та бүхэнтэйгээ явуулын циркт өнөөдөр уулзаж сууна. Энэ бол эмгэнэл. Дуучин хүн бол хоолойгоороо, хөгжимчин хүн өөрийнхөө гараараа тэр сайхан урлагийг ард түмэндээ мэдрүүлдэг. Гэтэл циркийн урлаг бүхий л биеэрээ, зүрх сэтгэлээрээ үзүүлбэр үзүүлж, асар том орон зайг шаардаж байдгаараа онцлог. Гэтэл өнөөдөр Монгол Улс циркийн барилгагүй болсонд үнэхээр харамсч байна. Би циркийн урлагийг үндэслэгч Л.Нацагийн мах, цусны тасархай охин нь учраас бор зүрхээрээ өдийг хүртэл амжилттай яваа Монголынхоо уран бүтээлчдээр бахархдаг" хэмээн хэлж байв.
“МОНГОЛ ЦИРКЧИД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ШААРИГТАЙ ШИДЭЛТТЭЙ АКРОБАТЫГ ХИЙЖ БАЙНА”
Монголд циркийн урлаг үүсч хөгжөөд 80 жил болсон байна. Энэ бол бага хугацаа биш. Гэхдээ хангалттай хөгжлийнхөө дээд түвшинд хүрэх боломжтой хугацаа. Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоонд нийтдээ 16 орчим хамтлаг уран бүтээлчдийн 250 орчим жүжигчин харьяалагддаг. Миний удирддаг Монгол циркийн хөгжлийн төвийн 12 жүжигчин Америкт, Мексикт дөрвөн жүжигчин байгаа. Цар тахалтай холбоотойгоор аялан тоглолтууд зогсч, өнөөдрийг хүртэл амралтын байдалтай байцгааж байна. Бид 2019, 2020 онд нийтдээ 10 орчим олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль авлаа. Монголын циркийн урлаг социализмын үеэс л дээгүүр байранд жагсдаг байсан. Сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд жүжигчний хийж буй трукны гүйцэтгэл, акробат, уран нугаралтын төрлөөр дэлхийд үнэлэгдэж байгаа. Манай Циркийн сургуулийн 21 дэх удаагийн төгсөгчид дэлхийд байхгүй цор ганц төрөл болох шааригтай шидэлттэй акробатыг хийж байна. Энэ бол дэлхийн циркийн урлагт цоо шинэ акробатын үзүүлбэр юм” хэмээн “Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ яриандаа онцоллоо.
"УЛСЫН ЦИРКИЙН БАРИЛГЫГ ХҮРЭЭ ХҮҮХНҮҮДИЙН МАЛГАЙНААС САНАА АВЧ БАРЬСАН"
Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан. Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу. Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухайгаа ярьж байв.
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ