Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г.Алтан нарыг шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г.Алтан нарыг шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд  өнөөдөр тав дахь өдрөө “Жаст” группын захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг,  тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат “Алтжин” группын ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг холбогдуулан шүүж буй юм.

Ш.Батхүү нарыг “Эрдэнэт” үйлдвэрийг өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавин, 104 сая ам.долларын зээл гаргуулж, мөнгө угаан, үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн юм.

Өнгөрсөн наймдугаар сард товлогдсон байсан шүүх хурал нэг удаа хойшилж, аравдугаар сар болгон товлосноор Даваа гаригт /2020.10.05/ эхэлсэн билээ.

2013 оноос эхлэн хуулийнхны анхааралд орж, шалгагдаж эхэлсэн эл хэрэг анх 2011 онд үйлдэгдсэн байдаг.

“Стандарт” банк нь 2013 онд Олон улсын Арбитрт, улмаар Лондонгийн дээд шүүхэд хандан “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгөө нэхэмжилснээр  “Жаст”-ын Ш.Батхүү Монгол, Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай байсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан болох нь мэдэгдсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл олгогдсон тул Засгийн газар 2018 онд ажлын хэсэг байгуулан ажилласнаар 2019 оны дөрөвдүгээр сард тус үйлдвэрийн “Эрсдлийн сангаас” 40 сая ам.доллар гаргуулан “Стандбарт” банкинд төлснөөр өр төлбөрийн асуудал цэгцэрсэн ч "Эрдэнэт" үйлдвэрт учирсан хохирлыг буцаан барагдуулж авахаас эхлээд асуудал дуусаагүй байна.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас “Жаст" группын захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/, мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт"  ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт" ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,

“Алтжин" группын ерөнхий захирал Г.Алтанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,

Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж