Нэг нээлт, арван патентын эзэн

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Нэг нээлт, арван патентын эзэн

ПАРЛАМЕНТ-30

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жил, парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн хос ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Бага Хурлаас эхтэй Монгол Улсын парламент, түүний Тамгын газрын түүхэн замнал, байнгын ажиллагаатай парламентын үүсэл хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн талаарх дурсамж өгүүлэх “Парламент-30” булан нээж байна.

1992-2004 онуудад Улсын Их Хурлын гишүүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байсан Н.Тогтох гишүүний тухай гавьяат хуульч, доктор Д.Лүндээжанцангийн 2006 онд бичиж, нийтлүүлж байсан хөргийг энэ удаад толилуулж байна.

Өнгөрсөн оны намар Гэрэлтийн хөндий, Зоргол хайрхан, Булгуудын хэц, Тарамцаг, Хөөврийн гол, Ботгоны хоолой гээд хэсэг газраар явлаа. Эрдэнэсантаар, Арвайхээр, Баянхонгорын замаар явчихаад “хуучин Өнжүүл /одоогийн Бүрэн/, Дэлгэрхааны энэ замаар явалгүй уджээ” гэж санагдаж байв. Тэгж явахдаа Тэрэм хайрхны хормойд жилийн дөрвөн улиралд байдаг хүргэн ах С.Золбингийндоо очсон юм.  Эрдэнэдалайнхан ган гачигтай тул хойшоо гараад иржээ. Бас Хулд, Луусынхан ч ялгаагүй ороод ирсэн байлаа.

Ботгоны давстай нуурын хөвөөнөөс урагшаа дурандаж байсан чинь Тогтох гуайн “УАЗ-69” машин айлын гадаа зогсч байх юм. Тогтох гуайн хөдөө гэр дээхнэ үед энэ хавьд байсан болохоор мань хашир энд яваа ажээ гэж бодогдов. Гэхдээ айл болгон шахам машинтай болсон цаг юм чинь заавал Тогтох гуай байхдаа ч яахав гэж бас бодлоо.  Ямар ч гэсэн би 13 жилийн тэртээ энд хэд хоног гэрээрээ амарсан юм. Тэгэхэд яах аргагүй Тогтох гуайн машин ямагт гаднаа байдаг байв. Манай хүргэнийхээс хөөрхөн зайтай болохоор би очиж уулзсангүй. Тогтох гуай ч ирсэнгүй. Хотод ирсэн хойноо “Та ч хонь хариулаад сайхан амарч байх шиг байна лээ. Би танай хот руу хааяа дурандаж л байлаа” гэхэд,

-Тийм ээ, сайхан зун боллоо, чи лав гурав, дөрөв хоносон байх шүү. Би хааяа мал хариулангаа дурандаж л суусан гэв. Ер нь хэн хэн нь  иймэрхүү “залхуу” хоёр аж. Тогтох доктор айл хэсэх, найр наадам, ан ав энэ тэр гэж ярихгүй. Сонсоогүй юм шиг л сууж байдаг. Хонь мал ч сайхан хариулна даа гэж нутгийнхан нь хэлцгээх юм билээ.

Тогтох гуайтай би УИХ гэдэг нэг хамт олон /нэг анги ч гэдэг/-ы дунд арван хоёр жил хамт ажиллажээ. Энэ хугацаанд өрөөнд нь овоо хэд, үгүй дээ жилдээ нэгээс доошгүй удаа орж гарсан байх аа. Тогтох гуай өрөөндөө дүүрэн номон дотор суух. Суух ч гэж дээ бараг амьдрах гэмээр дээ. Бямба, ням гаригийн өглөө яг л ердийн өдөр ажилдаа ирж байгаа юм шиг Төрийн ордны хойд цэцэрлэгээс баруун хойд хаалга чиглэн драпан пальтоных нь энгэр задгай, малгайгаа сөхчихсөн,  хавтсаа сугавчилаад  орж ирнэ. Бороо, цас, салхи, шуурга огт хамаагүй. Бороо, цас гэснээс манай нутагт бороо, цас орж байна уу гэж байнга чих орхиж явдаг нэг онцлогтой.

Шатар тоглож, онигоо ярих болохоороо бусдын өрөөнд оромтгой би Тогтох гуайн өрөөнд бол хааяа л орно. Тогтох гуайн ямагт завгүй байдгийг мэдэх учраас л  энэ. Өрөөнд нь түүнтэй ярилцаж суухад заавал нэг хэрэгтэй юм, эргэцүүлэн санах зүйл, шинэ санаа сэдэл авах юм сонсоно. Хамгийн сүүлд  2004 оны сонгуулийн өмнөхөн нэг удаа орсноо санаж байна. “Нутгийнхаа зарим айлд шингэрүүлсэн шатдаг хий ашиглуулж байна. Эхэндээ учрыг нь сайн олохгүй байсан. Дараа очиход энэ чинь чухал эд байна. Хөгшин хөвөөтэй, өвчтэй хүнтэй айлд, мөн аргал түлш ховордсон говь газар зуны цагт их хэрэгтэй юм. Бүтэн хонины гэдэс 20 минутад болгож байгаа юм шүү дээ” гэх зэргээр үнэ өртгийн тооцоотой, үндэслэл нотолгоотой, ултай ярих жишээний айхтар хэрэгтэй юм ярьж байв.

Улсын төсөв хэлэлцэх гэж том ажил байдаг. Яг энэ үед хэн ч бай  Тогтох гуайг бараадахад тун гэмгүй. Хэнд тооцоо, судалгаа, үндэслэлтэй санал байна, тэр хүний оруулсан санал дэмжигддэг хойно доо. Мань хашир энэ талаараа үнэнхүү аварга. 1992, 1993 оны үед  юмсан, төсөв хэлэлцэх үеэр Тогтох гуай хүрз шиг том гараа өргөөд олонтоо үг хэлж байсныг нь парламентчид сайн мэднэ. Их засвар гэдэг үгийг үндсэн чиглэлд оруулж, хөрөнгө оруулалтад тусгах гэж олон дахин ярьсан. Их засвар гээд эхлэхээр нь бид шоолон инээд алддаг сан. Гэтэл  2000 он гэхэд манай улсын урьд нь боссон олон сургууль, эмнэлэг, сумын төвийн хамаг барилга навсайгаад уначихсан цаг. Бид амьдрал мэддэггүйгээ, дээр нь эл ажилч, эрдэмтэй, нөр хичээнгүй хүнээ ч мэддэггүй явснаа ойлгож авах шиг санагдсан.

Эрдэм шинжилгээний ажилтан Н.Тогтох хамгийн залуудаа /28 настай/ техникийн ухааны доктор болсон бол бас хамгийн залуудаа эрдэм шинжилгээний байгууллагын захирал  /29 настай/ болсон хүн гэгддэг. Миний нагац ах гавьяат барилгачин Ш.Бадарчийн дипломын ажлыг Тогтох гуай удирдсан юмсанжээ. Барилгын салбарын өдий төдий ахмад зүтгэлтнүүдэд хичээл зааж, нүдийг нь нээж явсан толгой шүү гэж түүний тухай ах маань ярьдаг юм.

    Тогтох гуай дуугарах нь ховор. Чухам тэгж дуугүй суух үедээ “гол ажлаа” хийсэн байдаг. Эрдмийн ажлаа ямар ч үед үргэлжлүүлж сонин сонин дүгнэлтэд хүрнэ. Ганц нэг жишээ хэлэхэд, нүүдэлчдийн сууцны хувьсал, өөрчлөлтийг хадны сүг зургаар хөөж судлахдаа дотоод, гадаадын  28 эрдэмтэн судлаачийн бүтээлд хамрагдсан  124 хадны түм гаруй зураг дүрсээс нүүдэлчдийн сууцыг ялган гаднахь дүрсээр нь доторхи яс модных нь бүтцийг тодорхойлох замаар судалгаа, шийдэл хоёроо зэрэгцүүлээд хийжээ. Дөчин мянган жил буюу дээд чулуун зэвсгийн үеийн орон овоохойноос эхлээд орчин үеийн ханат гэрийг хүртэл үүсэл хувьслын судалгааг өвсөн эмбүүл, бургасан гэр, шургааган урц, татуургат сууц буюу майхан  гэсэн дөрвөн төрлийн  27 зүйлийг дамжин өөрчлөгдсөөр 2000 гаруй жилийн тэртээгээс ханат гэрийнхээ хэлбэрийг монгол гэр олжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байх жишээтэй.

    Монгол бичгийн үүслийн асуудлаар гэхэд Тогтох гуай монгол бичгийг төрт ёсны эртний түүхтэй монголчууд өөрийнхөө хэл аялгууг тэмдэглэхэд ёс заншлын өвөрмөц онцлогуудыг тусган монгол тоо, үсгийн дүрс, тэмдгийг хэрхэн зохиосныг эрэн хайжээ. Тоо бол аливаа юмны хэмжээ, их багыг ялган тодотгогч байдаг. Тэгэхээр хүнд өөрт нь “тоо” байх ёстой болно. Үүнээс хүнийг ялган тодотгогч нь юу байх вэ гэсэн асуулт гарна. Мэдээж хүнийг нүүр царай нь ялган тодруулна. Тэгэхээр хүний нүүр монгол тооны дүрс зурлагийг илэрхийлнэ гээд хэн ч харсан үнэмшилтэйгээр харуулсан өгүүллийг  1989, 1990 онд бичиж хэвлүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж, эрдэмтэд ихэд үнэлж байсан даа. Эндээс толгойн тоо гэдэг хоршоо үгийн утга учир бас тайлагдана. Түүнчлэн эгшиг болон гийгүүлэгч үсгүүдийн дүр  зурлагийг бугуйл, уургаар мал барьж байгаа морьтой, нум сум харваж байгаа хүнийг хадны сүг зургийн аргаар түүнээс гаргаж ирсэн.

Мөн үсгийн цэг, тэмдгийг цусан дусал, эвэр үсний хэлбэрээр дүрсэлсэн нь бий. Ийнхүү монгол бичиг бол цагаан ясан хэлхээтэй, улаан цусан барилдлагатай монгол овогтны яс, мах, цуснаас ургуулан гаргаж, олон үндэстэн ястны хэл аялгууг тэмдэглэх үсгүүдээс төлөөлөх авианы оноосон үсгээр үе бүтээх, амь оруулах тогтолцоог Монголын жарны тооллын тогтолцоотой адил зарчмаар бүтээжээ гэдгийг хүснэгт /матриц/-ийн тооллын аргаар нүдэнд харагдах дүрс зурлагийг нь, чихэнд сонсогдох авианы тогтолцоотой нь гаргаж ирсэн хүн нь мөн л  Тогтох гуай.

Н.Тогтохын техникийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болоод, барилгын  салбарт оруулсан хувь нэмэр, бүтээсэн зүйлийн тухай өгүүлэх нь бас илүүц биз ээ. Барилгын салбарт зохион бүтээсэн норм, норматив, үнэлгээ, шийдлүүд нь төрийн шагналын болзлын хэмжээнд аль хэдийнээ очсон гэж  мэргэжил нэгт нөхөд нь ярьдаг юм билээ.

Түүнтэй мянганы хөгжлийн замыг санаачлагчдын нэгнийх нь хувьд бишгүй ярьж, санал солилцож, дагаж ч явлаа. Түүний санаачилсан /залуу эрдэмтдийн хүчийг нэгтгэж/ 15 квт-ын шугамыг ашиглаж болдог юм байна. Үүний хүчинд хөдөөгийн олон сум, төвийн эрчим хүчний шугамд холбогдсоныг тийм ч олон хүн мэдэх болов уу. Хүн болгоноос юм бүхнийг нь  яриулах дуртай манай сэтгүүлчид энэ мэт юм хийсэн, хийсээр ч яваа  хүний амьдрал үйлсийн тухай сайхан яриулж, бичиж, сурталчилж байгаасай билээ.

Н.Тогтох гуай Хархориныг хөгжлийн шинэ  төв болгон, улмаар Монгол Улсын ирээдүйн нийслэл  хот болгох үзэл  санааг анхлан дэвшүүлэгчдийн нэг билээ. Улсаа эдийн засгийн тулгуур төвүүдээр бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг ч эхлэн боловсруулагчийн нэг юм. Үүн дээр  амьд тэмээг, алсан тэмээнээс яавал илүү үнэд хүргэхэв гэдэг талаар өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа  хүн дээ. Өөрийг нь ч “тэмээ” гэж манайхан даваадуулдаг. 

Нэг сайн хооллож, цайлж аваад өөрөө дүүрэн номон дундаа суучихвал нэг хэсэгтээ л гарахаа мартана. Үнэндээ өнөөгийн барилгын салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хар борыг манай хүн л мөрлөн зүтгэсэн нь үнэн билээ. Их мөрөн дөлгөөн гэдэг шиг өөрөө их энгийн даруухан, зөөлхөн юм шиг мөртлөө санасан бодсоноо хэрэгжүүлэх гэж зүтгэхээрээ хулчийх, шантрах гэж байдаггүй сайхан чанар энэ хүнд бий. Энэ жил барилгын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болох гэнэ лээ. Манай Тогтох гуай Чингиз Айтматовын “Анхны багш” туужийн Дюшень шиг тэрийг энийг орхичихвий дээ гэж урилгыг нь өөрөө тараалцчихаад хуралд нь ч суулгүй өрөөндөө цаасаа нухаж л суух, тэгсэн мөртлөө хэзээ ч үнэрхэж тунирхаад явахгүй тийм л нэгэн юм шүү.

Ж.Самбуу гэж төрийн тулхтай том зүтгэлтэн байв. Норжмаагийн Тогтох бол Самбуу гуайн зээ. Сурагч, оюутан цагтаа Самбуу гуайнд сууж байв. Тогтох гуай гэж жанжин Сүхбаатарын найз партизан байв. Халхын то ван (Тогтохтөр) гэж ухаантай ноён байв. Бид Тогтох гуайгаа То ван гэж авгайлдаг нь зүгээр ч нэг наргиа биш ээ. Манай Тогтох гуай ч өөрийн ул мөрөө үлдээсэн төрийн тулхтай түшээ гэдгийг харуулах нэг жишээ нь түүний тухай өчүүхэн би хүртэл зөндөөн ярьж болох нь.

Сүүлийн үед үгүйсгэх үзэл айхтар гарч ирэх шинжтэй. Хоцрогдсон, харанхуй бүрэнхийгээр нь дуудаж, басамжлах ч энүүхэнд.

“Хар авдранд ном бий

Хазгар өвгөнд эрдэм бий

Хамаагүй басч болохгүй” гэдэг шиг Тогтохыг басч болохгүй. Хэлсэн үг нь хэзээ нэгэн цагт орой руу ордог, шуугианаар амьдарч байгаа өнөө үед тэр нь олон түмэнд нэг их мэдэгддэггүй зүгээр л ажлаа хийсэн шиг хийж, төрдөө зүтгэж яваа эгэл даруухан гавьяатан гэвэл төрийн нэртэй түшээдийн нэг Монголын том эрдэмтэн Норжмаагийн Тогтох гуай маань мөнөөсөө мөн болой.    

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж