Тонуулчдын гараас аврагдсан дэлхийн шинэ нээлт | News.MN

Тонуулчдын гараас аврагдсан дэлхийн шинэ нээлт

Тонуулчдын гараас аврагдсан дэлхийн шинэ нээлт

Тонуулчдын гараас аврагдсан дэлхийн шинэ нээлт

Сүмбэр уулыг дов, сүн далайг шалбааг байхад хэчнээн төрөл зүйлийн аварга биет оршин тогтнож байсныг хэлж мэдэхгүй. Ямартай ч  үлэг гүрвэл дэлхийд ноёрхож байсныг гэрчлэх олон гайхамшигт олдвор Монголын говиос олдсоор байна.  Бидний сайн мэдэх Тарбозавр батаар (Tarbosaurus bataar Maleev, 1955), тэмээн хяруул төст Дейнохейрус мирификус хэмээх аварга биет үлэг гүрвэлээс өндгөө дарж байгаад чулуужсан оверавтор зэрэг дэлхийд хаана ч байхгүй эртний аварга биетийн олдвор, түүхээр баян.

Эрдэмтдийн уйгагүй эрэл хайгуул, судалгааны ачаар дэлхийд шуугиан тарьсан үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн олдворуудыг нээн илрүүлж, шинжлэх ухаанд шинэ төрөл зүйл нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд анх 2006 онд говь нутгаас олдсон гэх олдвор дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.

ШУА-ын Палеонтологийн хүрээлэнгийнхэн олон жилийн уйгагүй судалгааны үр дүнд  өмнө нь огт мэдэгдээгүй цоо шинэ төрлийн үлэг гүрвэлийн төрөл болохыг нээн илрүүлснээ олон улсын нэр хүн бүхий “Royal Society Open Science” сэтгүүлд нийтлүүлжээ.

Эрдэмтдийн судалснаар үлэг гүрвэл сөнөх мөхөх хүртэл хувьслын явцад хөгжлийн хамгийн дэвшилтэт шинжийг олсон нь махан идэшт энэ амьтан байсан аж. Тэртээ 68 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед амьдарч байсан уг амьтны олдвор овирапторозавр буюу Монголоос олдсон махан идэшт үлэг гүрвэлийн нэр хүндтэй бүлэгт хамаарч буй шинэ төрөл гэдгээрээ онцлог. Ихэнх махан идэшт үлэг гүрвэл хоёр сарвуундаа гурван хуруутай байдаг бол энэ амьтан хувьслын явцад хоёр хуруутай болжээ.

Хошуу нь одоогийн тоть шувуутай төстэй, хоёр метр орчим өндөр энэхүү үлэг гүрвэлийг эрдэмтэд oksoko avarsan (Оксоко аварсан) хэмээн нэрлэж, олон улсад тунхаглаад байгаа юм.

Эдүгээ дэлхийд нээлт болж, палеонтологийн үнэт олдвор хэмээн батлагдахаас өмнө тонуулчдын гарт үрэгдэх шахсан энэ олдворыг нээн илрүүлсэн түүх нь эмгэнэлтэй гэдгийг ШУА-ын Палеонтологийн хүрээлэнгийнхэн онцолж байв. Уг олдворыг  тонуулчид Алтайн  уулсын чанд дахь Бүгийн цав, Гурилын цав зэрэг нэмэгт формацийн олдворт газруудаас олсон байх боломжтой гэж эрдэмтэд үздэг. Одоогоос 14 жилийн өмнө тонуулчид уг олдворыг хил давуулах гэж байх үед хуулийн байгууллагынхан олж тогтоосон байдаг. Улмаар ШУА-ын Палеонтологийн хүрээлэнд шилжүүлжээ. Магадгүй эл олдвор  дэлхийн өнцөг булан бүрт тархсан бусад үлэг гүрвэлийн олдвортой адил тонуулчдын гарт үрэгдсэн бол өнөөдөр бид дэлхий дахинд үлэг гүрвэлийн шинэ төрлийг нээн илрүүлснээ “гайхуулаад” суухгүй байсан биз ээ.

"Оксоко аварсан"  хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан олдвор өнөөдөр ШУА-ын Палеонтологийн хүрээлэнд хадгалагдаж байгаа юм. Энэ талаар тус хүрээлэнгийн захирал доктор профессор Х.Цогтбаатартай ярилцлаа.

        Х.ЦОГТБААТАР: ОЛДВОРЫГ ТОНУУЛЧДААС АВРААГҮЙ БОЛ ДЭЛХИЙД ШУУГИАН ТАРИХ НЭЭЛТ БОЛОХГҮЙ БАЙСАН

-Монгол Улсын газар нутагт үлэг гүрвэлийн өмнө нь мэдэгдээгүй цоо шинэ төрлийн олдвор олдсон тухай мэдээлэл байна. Уг олдвор хаанаас хэзээ олдсон түүхийг сонирхвол?

-Олдворыг анх нээж илрүүлсэн түүх нь эмгэнэлтэй боловч  үлэг гүрвэлийн судлалын талаасаа онцгой ач холбогдолтой. Энэ бүлэгт хамаарах төрөл зүйлүүд Монголд төдийгүй АНУ-аас олддог. Дэлхийд шинэ нээлт болсон энэхүү шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор олон улсын анхаарлын төвд байгаа.

Харамсалтай нь, энэхүү олдвор Манай улсад хууль бус үлэг гүрвэлийн наймаа “цэцэглэж” байх үед ашиг сонирхлын золиос болох шахсан. Золоор хууль хүчний байгууллагынхан сонор сэрэмжтэй ажилласны үр дүнд олдворыг хил давуулалгүй эх нутагт нь үлдээж чадсан юм.

Түүх сөхвөл, 2006 онд хууль хүчний байгууллагынхны ачаар олдворыг наймааны золиос болохоос аварч, манай хүрээлэнд албан ёсоор шилжүүлсэн байдаг. Хэрэв тухайн үед өчүүхэн төдий сонор сэрэмж алдсан бол өдийд дэлхийд нээлт болохуйц үлэг гүрвэлийн шинэ төрөл шинжлэх ухаанд нэгээр нэмэгдэхгүй байх байлаа. Бид олдворыг албан ёсоор хүлээн авснаас хойш судалгааны ажлаа эхлүүлсэн. Олон жилийн судалгааны үр дүнд  хулгайд алдагдах дөхсөн уг олдвор  үлэг гүрвэлийн шинэ төрөл болохыг нь  тогтоосон эрдэм шинжилгээний бүтээлийг  олон улсын нэр хүндтэй “Royal Society Open Science” сэтгүүлд энэ сарын 7-нд нийтлүүллээ. Ингэснээр уг олдворыг урьд өмнө тогтоогдсон үлэг гүрвэлүүдээс онцлогтой, шинэ төрөл зүйл гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа юм.

-Хууль бус наймаачдын гараар орсон, тоногдсон олдворуудыг судалж тогтоох нь амаргүй байх. Гэхдээ олдвор тоногдсон газрыг судлахаар та бүхнийг очиход ямар дүр зураг угтаж байв?

-Хууль бусаар малтсан олдворыг таньж мэдэхээс эхлээд судалж мэдээлэл цуглуулахад цаг хугацаа их алддаг. Судалгааны ажил ч бас амаргүй. Мэргэжлийн хүмүүс малтлага хийгээгүй учраас олдсон газрыг нь илрүүлж тогтоох, мэдээлэл цуглуулахад судалгааны ажил олон жил үргэлжилнэ. Энэ бүх судалгааны ажлын эцэст олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсний дараа л палеонтологийн үнэ цэнтэй олдворт тооцогдоно.

Үндсэндээ эх орондоо үлдсэн энэхүү олдворыг палеонтологийн үнэ цэнтэй олдворт тооцохын тулд маш их цаг хугацаа алдсан бас зарцуулсан. Тонуулчдын гарт үрэгдэх шахсан уг олдворыг анх илрүүлсэн газрыг бид тогтоож, судлахаар очиход маш эмгэнэлтэй дүр зураг угтаж байлаа. Энд тэндгүй ухаж сэндийлсэн, маш их сүйтгэгдсэн байсан нь сэтгэл эмтрэм.

Нөхцөл байдлыг бид тухайн үед эрх баригчдад уламжилж байсан. Жишээ татвал, олдворт газарт арван олдвор илэрсэн байлаа гэхэд есийг нь эвдэж байж нэгийг нь ухаж, тоносон ул мөрүүд үлдээсэн байдаг байлаа. Ерөөсөө л илэрсэн болгоныг нь л сэндийлж, самарсан. Монголоос өөр улс оронд палеонтологийн олдворт газарт мэргэжлийн бус хүмүүс малтлага хийж, өв соёлоо сүйтгэсэн тохиолдол байхгүй. Хэн дуртай нь би чадна гээд палеонтологийн олдворт газарт малтлага хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх ёстой. Зөвхөн Монголд ч бус аль улсаас байхаас үл хамаараад тухайн палеонтологийн олдвор бол хүн төрөлхтний үнэт өв, мөнгөөр үнэлж баршгүй баялаг юм. Тухайн үед амьдарч байсан эртний амьтдаас ердөө зуун мянганы нэг нь л хадгалагдаж үлддэг гэж үздэг.

Гэтэл Монголд зах зээлийн тогтолцоонд шилжих үед палеонтологийн үнэт олдворт газруудыг хэн дуртай нь  тонож,  эвдэж сүйтгэдэг хууль бус гэмт хэрэг 1995-2005 он хүртэл арав гаруй жил үргэлжилсэн. Гэсэн ч гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл тодорхойгүй, хууль шүүхээс ял авсан хүн алга. Одоо хууль чангарсан ч шунахайн сэдлээр палеонтологийн үнэт олдворыг сүйтгэсэн этгээдийг олон нийтэд зарладаг болохоос нааш дахин энэ төрлийн гэмт хэрэг, хууль бус наймаа сэргэхийг үгүйсгэхгүй.

-Яагаад  Оксоко аварсан гэж нэрлэсэн бэ?

-Бид уг олдворын нэрийг өгөхдөө олон талаас нь бодож, хэлэлцсэний үр дүнд Оксоко аварсан гэж нэрлэхээр болсон. Алтайн домогт гардаг гурван толгойтой бүргэдийн нэрээр оксоко хэмээсэн бол аварсан буюу аврагдсан гэдэг нь тонуулчдын гараас аврагдаж эх орондоо үлдсэн гэх утгыг илэрхийлж байгаа юм. Энэ нэршил шинжлэх ухааны нэр томьёонд цаашид өөрчлөлт орохгүй уламжлагдана.

-Ийм олдвор өөр бусад орнуудаас олдож байсан уу. Олдворыг хаана хадгалж байна вэ?

-Уг чулуужсан олдвор нь овирапторозавр буюу Монголоос олдсон махан идэшт үлэг гүрвэлийн нэр хүндтэй бүлэгт хамаарч байгаа юм. Жижиг махан идэшт үлэг гүрвэлийн энэхүү том бүлэг Хятадаас болон Монголын Говиос  л олддог.  Одоогоор Говийн нутгаас энэ бүлэгт хамаарах арав гаруй төрөл олж, тогтоогдоод байна. Хамгийн сүүлд олж тогтоогдсон эл үлэг гүрвэлийн онцлог байдал нь овирапторозавр бүлгийн үлэг гүрвэлийн хувьсал хөгжлийн чиг хандлагын учрыг олоход анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой бүлгийн үлэг гүрвэл амьдрах орчин, идэш тэжээл, хөдөлгөөний эрэмбэ, түүний онцлог зэрэгтэй уялдан болхи бүдүүлгээс хөгжлийн илүү дэвшилтэт хэлбэрийг хадгалан хувьсан хөгжиж байсныг баталсан олдвор гэдгээрээ онцлог.

Тодруулбал, овирапторозаврын овогт хамаарах үлэг гүрвэлүүдийн урд сарвуу нь гурван хуруутай байдаг бол энэхүү сүүлд олдсон үлэг гүрвэлийнх хоёр хуруутай. Угтаа бол гурван хуруутай байгаад хувьслын явцад илүү хөгжсөн, ашиггүй эрхтэн хатангиршиж үгүй болжээ.

Магадгүй үлэг гүрвэл сөнөж мөхөх хүртэл хувьслын явцад хөгжлийн хамгийн дэвшилтэт шинжийг олсон нь энэ амьтан байсан төдийгүй Монголд амьдарч байж.

-Дэлхий нийтэд үлэг гүрвэлийн судлалд шинэ нээлт болоод буй энэхүү үлэг гүрвэл тухайн цаг үедээ хоёр метр гаруй өндөр, шувуутай төстэй, хоёр хуруутай байсан төдийгүй шүдгүй. Бас  махчин байсан нь анхаарал татаж байна?

-Тухайн цаг үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийг өнөөгийн махчин шувуудтай адил төсөөлж болно. Биеийн бүтэц нь махан идэшт үлэг гүрвэлийн шинжтэй боловч хошууны хэлбэр одоогийн тоть шувуутай төстэй. Ер нь шувуутай төстэй махчин үлэг гүрвэлүүд тухайн цаг үед амьдарч байсан. Үүний нэг нотолгоо нь, Монголын нутгаас тэмээн хяруултай төстэй махчин үлэг гүрвэлийн чулуужсан олдвор олноороо олддог. Мөн л шүдгүй, эвэрлэг хошуутай байсан. Шувуутай төстэй махчин үлэг гүрвэлийн эвэрлэг хошуу нь газрын хөрсөн дор олон сая жилээр хадгалагдах боломжгүй байдаг. Учир нь хошууны бүтэц эвэрлэг мөгөөрс шиг байдаг тул удаан хадгалагдахгүй. Монголоос үлэг гүрвэлийн 51 см ясан хумс олдож байсан. Уг ясан хумс нь гадуураа эвэрлэг бүрхүүлтэй байсан гэж үзвэл 60 см-ээс багагүй байсан гэж үздэг.

-Махчин үлэг гүрвэлүүдийн тухайд ганцаараа болон сүрэглэж амьдардаг байсан. Энэхүү шинэ төрлийн үлэг гүрвэлийн олдворын тухайд?

-Олон жилийн судалгаагаар шинэ төрөлд хамаарах махчин үлэг гүрвэл нь хувьслын явцад хөгжингүй, хоёр хуруутай, тоть шувуутай төстэй хошуутай шүдгүй байсныг тогтоосон ч сүрэглэж амьдардаг байсан эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч тодорхой насанд хүртлээ сүрэглэж амьдардаг байсан байж болзошгүй.

Ясны бүтцийг судлахад хамгийн багадаа хоёр олдвор байгаа ч тоногдсон тул дөрвөн ширхэг байсан байх магадлалтай. Учир нь, олдвороос харахад өөр ийм амьтдын ясны хэлтэрхийнүүд бас байгаа юм. Тиймээс шинэ төрлийн бүлэгт хамаарах үлэг гүрвэлийг сүрэглэж амьдардаг байсан уу, ганцаараа амьдардаг байсан уу гэж тодорхойлоход арай эрт байна.

 Ерөнхийдөө   овирапторозавр бүлэгт хамаарах өөр төрлүүд дунд сүрэглэж амьдардаг махан идэшт жижиг үлэг гүрвэлүүд байсныг гэрчлэх олдвор Гурилын цаваас нэг дор олноороо буюу арав гаруй махчин Конхраптор үлэг гүрвэлийн олдворыг 2018 онд миний бие олж байсан. Одоо энэ олдворыг хурдас, чулуулгаас нь салган цэвэрлэх ажиллагаа манай лабораторид хийгдэж байна. Удахгүй судлах ажил эхэлнэ.

Дэлхий дахинд үлэг гүрвэлийн 500 гаруй төрөл, зүйл бүртгэгдсэн байдгаас 25 орчим хувь нь өнөөгийн Монгол орны нутагт амьдарч байсан түүхтэй. Эдүгээ манай улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд эхний гуравт багтдаг бөгөөд 80 гаруй төрөл зүйл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Гэвч Монголын нутгаас алдагдсан үлэг гүрвэлийн олдворууд ч цөөнгүй. Алдагдсан олдворууд АНУ, Франц, Өмнөд Солонгост байгааг тогтоосон гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас өмнө нь онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 43.228.129.86

Олон ясны хэлтэрхийг эвлүүлэх, шинжлэх судлах гээд цаг их орно шүү дээ. Олон улсаар хэлэлцэнэ. Түүнд их цаг хугацаа орно. Хүхдийн эвлүүлдэг тоглоом шиг барьж аваад нийлүүлээд, ийм зураг байна гэхтэй огт адилгүй л дээ. Нээлт хийхийг их амархан гэж боддог хүн бас байх юм.

Avatar

Зочин 2020-10-09 43.242.242.59

2006 онд олж илрүүлчихээд яагаад 2020 онд гэнэт шинэ нээлт байсныг мэдэж шуугиад эхэлвээ. Логик холбоогүй эргэлзээтэй л юм даа. Эсвэл манай эрдэмтэд шинэ төрөл зүйл гэдгийг мэдээгүй өдий хүрсэн байх. Харин АНУ-ын эрдэмтэд мэдэж улмаар тийм гадаад нэр өгсөн байж таарах нь

Avatar

Зочин 2020-10-09 65.49.38.142

Эрдэм шинжилгээний ажлын онцлог нь нээлт хийсэн ч шууд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Олон улсад нэр хүндтэй сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. Тэр нь их хугацаа шаардах ажил байдаг.

Avatar

Зочин 2020-10-09 202.55.188.93

Эх оронч байгаач тонуулчдаа.

Avatar

K 2020-10-09 103.26.195.138

тонуулчид аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж