Сурвалжлага: Амьдралын шуурганд сөхрөөгүй төмөр бүсгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Амьдралын шуурганд сөхрөөгүй төмөр бүсгүй

Сурвалжлага: Амьдралын шуурганд сөхрөөгүй төмөр бүсгүй

Гэр бүлийнхэнтэйгээ  инээмсэглэж авхуулсан, хананд өлгөөтэй гэрэл зураг өөдөөс ширтэнэ.  Өрөөн дэх  нам гүм байдлыг эвдэн “Би ямар үйлийн үрээр хоёр хөлгүй болчихов оо? гээд амьдралд гундаж явах үед “Чи аль насанд хийсэн буянаараа тэр айхтар ослоос амьд үлдсэн юм бэ?” гэж таксины жолооч ах надад хэлсэн. Танихгүй хүний хэлсэн тэр үгс, миний амьдралыг  харах өнцгийг өөрчилсөн. Надад амьдрах хүсэл бэлэглэсэн” гэх хууч хөөрөх түүнийг С.Ундармаа гэдэг. “Амьдрал олон өнгөтэй. Та харин  ямар өнгө олж харахаас л  бүх зүйл шалтгаална. Би хар, бараан өнгө дундаас  ганц  цагаан цэг олж харсан нь амьд үлдсэн шалтгаан минь байсан” гэж тэр зөвлөв.

 Залуу, халуун нас нь тэр чигтээ өвдөлт шаналал, хагалгаанаас хагалгааны хооронд  өнгөрсөн ч тэрбээр гуниг гутралд автан, амьдралаа алдсангүй. 

Тэрбээр одоогоос 20 жилийн өмнөх хар өдрийн талаар  эргэн дурсах тун дургүй. “Тухайн үед хоёр хөлөө тайруулчихна гэж огт төсөөлөөгүй”  гэснээс өөр зүйлийг дурсахыг хүсээгүй юм. Түүнийг осолд ороход ихэр охид нь дөнгөж гуравхан настай байв. Гурав дахь охин нь 2008 онд мэндэлсний дараа  эцэг нь тэднийг орхин өөр хүнтэй суугаад явжээ.  Бүсгүй ч өөрийг нь, охидыг нь голсон эр нөхрийнхөө араас чаргуулдаагүй гэдэг. "Жаргалтай байж чадах тэр газартаа амьдар. Жаргааж амьдруулж чадах тэр хүнтэйгээ ханил” гээд  хорилгүй явуулжээ. Нөхөртөө голдоо ортол гомдсон ч, тэр хүнд, хэцүү цаг үед  түүнд,  хувь тавиландаа гоморхож суух цаг завыг охид нь  өгөөгүй гэдэг.

 "Миний туулсан амьдрал тийм ч дардан байсангүй. Залуудаа загвар өмсдөг байсан. Харамсалтай нь, осолд орж хоёр хөлөө тайруулж, нөхөр маань хаяад явсны дараа сэтгэлээр унаж, бор дарс хүртдэг байснаа  нуухгүй ээ. Хөөрхий аав, ээж хоёр маань намайг хориглож чаддаггүй байсан.  Гэр бүлийнхэн маань өнгөрсөн 20 жилийн хугацаанд намайг үргэлж дэмжиж ирсэн маш их баярладаг. Тэднийхээ ачаар өнөөдрийн С.Ундармаа бий болсон. Аав, ээжийн өсгөсөн  хүмүүжил, суулгасан сэтгэлийн хатаар би өдий зэрэгтэй амьдарч байна” гэж тэр талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

“ТА ТОБОТ ЮМ УУ”

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  гэртээ ичиж нуугдах бус нийгмийн нэг хэсэг гэдгийг бусдад ойлгуулахын тулд  хиймэл хөл булчингаа авч хаяад, төмөр протезон хөл дээрээ явдаг болжээ.  Өмнө нь хиймэл хөлийг нь  хараад  бусад хүн юу гэх бол гэхээс айж бэргээд  гэрээсээ ч  гарахыг хүсдэггүй байсан тэрбээр булчингаа тайлахад зориг гаргаснаа ч ярив. Хөлөө нуух шаардлаггүй болсон учраас  бүх өмднийхөө шуумгийг тайрчээ. Түүнийг гадуур явахад хүүхдүүд “Та ямар гоё робот шиг хөлтэй юм бэ” “Та тобот юм уу” гэж их асуудаг гэлээ. Тэдний асуултад “Эгч нь машинд дайруулчихсан юм, та нар машины урдуур битгий гүйгээрэй, гарцаар гарч байгаарай” хэмээн анхааруулж сануулдаг аж.

“БИ МОРФИН ТАРИУЛААГҮЙ ШҮҮ” ГЭЭД ЭЭЖ РҮҮГЭЭ ЗАЛГААД УЙЛЖ БАЙСАН

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд С.Ундармаа дөрвөн удаа хөл тайруулах хагалгаанд оржээ. Одоо ч түүний нэг хөлнийх нь шарх бүрэн эдгээгүй учраас үе, үе цус шүүрнэ.  Шархаа эдгээхийн тулд дахин нэг удаа мэс  засалд орох ёстой ч хагалгааны талаар бодохоос айдгаа ч нуусангүй.  Хагалгаанд орно гэхээр 20 жилийн өмнөх хар өдөрт  ирсэн юм шиг хүнд, хэцүү  санагддаг тухайгаа хэлээд “Хоёр дахь удаагаа хагалгаанд ороход морфин хийлгэсэн. Гурав дахь удаагаа хагалгаанд орохын өмнө ээж маань надаас  битгий морфин тариулаарай гээд гуйсан. Хөөрхий минь намайг морфинд  донтчих вий гэж айсан байх. Би ч ээжийнхээ үгэнд ороод тариулаагүй гүрийсэн. Хагалгааны дараа хоёр өдөр ясаа бяцлуулж байгаа  юм шиг маш их өвдөлтийг мэдэрсэн. Тэр үед ээж рүүгээ утасдаад “Би морфин тариулаагүй шүү” гээд уйлж байснаа ерөөсөө мартддаггүй юм. Яс тайрах аймшигтай их  өвддөг.  Үнэндээ дахин хагалгаанд орно гэж бодохоос зүрх үхэж байна” гэв.

"ОДОО Л МИНИЙ ЖАРГАХ ЦАГ ИРЖ"

Биднийг ийн ярилцах зуур түүний нөхөр Д.Цогт-Эрдэнэ охиноо сургуулиас нь аваад ирэв. Тэд ханилаад дөрвөн жил болжээ. “Бид өнгөрсөн  хугацаанд ам муруйсан нь цөөн, биесээ хүндэлнэ, хамтдаа гэр орноо цэвэрлэнэ, охинд маань ч өөрийн юм шиг ханддаг. Ихэр охид маань нас биед хүрээд тусдаа гарцгаасан. Бага охиноо найман настай байхад нь бид хамт амьдарч эхэлсэн.  Би түүндээ "Чи бол миний бурхны бэлэг" гэж үргэлж хэлдэг. Бидний хувьд өмнө нь хэн, хэн нь амьдрал зохиож үзсэн учраас дахиж алдахгүй юм шүү гэж хичээдэг. Одоо эргээд бодох нь ээ миний туулсан бүхэн бурхны өгсөн шалгуур юм шиг санагдаж байна. Бүх зүйл ээлжтэй. Одоо чи зовж байгаа бол магадгүй маргааш жаргана. Тиймээс бүхий л  зүйл өөрчлөгдөж байдаг гэдгийг  ойлгочих юм бол  зовлонг туулахад илүү амар санагддаг. Би өнгөрсөн хугацаанд  энэ бүхэн шаналал хэзээ нэгэн цагт дуусна. Сайхан цаг ирнэ  гэж үргэлж боддог байсан. Одоо л тэр цаг нь ирж” хэмээн С.Ундармаа  инээмсэглэв.

Түүний нөхөр Д.Цогт-Эрдэнэ “Би охиныхоо хойд аав нь. Орой болгон надад үнсүүлж байж унтдаг хойд аав нь. Өглөө болгон сургуульдаа орохдоо намайг удаан тэврээд “Ааваа би таньдаа хайртай шүү гэж хэлүүлдэг” аав нь. Би өөрийгөө ерөөсөө хойд аав гэж боддоггүй. Гэтэл нийгэмд хойд аав болсноороо гэм буруутан мэт санагдахуйц дайралт цахим хуудаснаа их гарлаа. Уулын мод урттай, богинотой шүү дээ.  Хүний амьдрал бүр харилцан адилгүй учраас хэн нэгний амьдралыг бусдын амьдралаар битгий дүгнээрэй" гэх үгсийг нийгэмд дайсан юм. 

Тэд залуу хосуудад хандаж “Нэгэнт болж,  бүтнэ  гэж хоёр талаас нийлж байгаа бол хэн хэнийгээ гэсэн чин  сэтгэлтэй  байхад л болно доо. Мэдээж бүх зүйлс санаснаар болохгүй үе таарна. Эхэндээ бүх зүйлс сайхан, аз жаргалаар дүүрэн санагдах хэдий ч, хамт амьдраад эхлэхээр маргалдах нь ихсэх нь бий. Гэвч энэ үед, хосууд асуудлыг салалтаар биш ухаанаараа шийдээрэй” хэмээн зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
466
ЗөвЗөв
75
ХөөрхөнХөөрхөн
18
ГайхмаарГайхмаар
17
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж