"Эмэгтэй найруулагчдын бүтээлийг дэлхий онцолж байна"

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

"Эмэгтэй найруулагчдын бүтээлийг дэлхий онцолж байна"

"Эмэгтэй найруулагчдын бүтээлийг дэлхий онцолж байна"

Монголын урлагийн зөвлөлийн Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн захирал Х.Оюундарьтай ярилцлаа. 


-Дэлхий дахинаа цар тахлын улмаас олон улсын кино наадмууд цуцлагдаж, хойшлогдоод буй. Монгол Улсад хөл хориотой байгаа ч “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ жил өргөн цар хүрээтэй, шинэлэг байдлаар зохион байгуулах гэж байгаа гэсэн. Наадмын бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-“Улаанбаатар” кино наадмыг анх 2008 оноос нийслэлийн Засаг даргын тамгийн газар, нийслэлийн Соёл урлагийн газар зохион байгуулж ирсэн. Монголын урлагийн зөвлөл тус наадмын цар хүрээг өргөжүүлж, 2013 оноос хойш олон улсын кино наадам болгон хамтран зохион байгуулж байна. Тэр цагаас хойш энэ жил 12 дахь удаагийн наадмыг аравдугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд нийслэлийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, "Номадиа Пикчерс " компани, Францын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Итали улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёоте институт зэрэг олон улсын байгууллага болон олон улсын зөвлөх, хөтөлбөр боловсруулагчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар бэлтгэлээ базаалаа. Тус наадам нь дэлхийн А зэрэглэлийн шилдэг фестивалиудын үндсэн хөтөлбөрт шалгарсан болон шагнал авсан олон улсын шилдэг кинонуудыг монголынхоо үзэгчдэд толилуулах зорилготой. Мөн монгол уран бүтээлчдээ гадаад уран бүтээлчидтэй холбох хамтарсан кино бүтээх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт форумыг хийнэ.

Цар тахлын улмаас маш олон олон улсын кино фестиваль цуцлагдаж, хойшлогдсон. Зарим нь бүр онлайн хэлбэр рүү шилжиж байна. Харин бид аз завшаантайгаар “Улаанбаатар” олон улсын кино наадмаа үзэгчидтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монгол Улсын хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй учраас үзэгчдэдээ дэлхийн шилдэг кинонуудыг үзүүлэх боломжтой болж байна.

Наадмын хүрээнд гадаадаас олон найруулагч, продюсер, фестивалийн захирлууд хүрэлцэн ирж, Монголын уран бүтээлчидтэй танилцаж, сургалтуудыг зохион байгуулах байсан боловч зарим үйл ажиллагаагаа цахим хэлбэрт, заримыг нь дотоодын нөөц боломжид тулгуурлан гүйцэтгэх болсон. Жил болгон олон улсын кино наадам нэг орныг онцлох орноор зарлаж, тэр орны шилдэг кинонуудыг танилцуулдаг. Энэ жилийн хувьд киноны эх орон гэгддэг Франц улсыг сонгож, танилцуулахаар бэлдсэн. Тасалбарын хувьд үзэгчид  “Тэнгис” кино театраас 5000 төгрөгөөр худалдан авч үзнэ.

-Энэ жил дэлхийн шилдэг 19 киног монголынхоо үзэгчдэд үзүүлэхээр бэлдсэн гэв үү?

-Бид энэ жил Монгол болон олон улсын бүрэн хэмжээний 18 уран сайхны кино, богино хэмжээний нэг киног “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ганцхан удаа үзүүлэхээр бэлдсэн. Эдгээрээс 13 нь “Канн”, “Берлин”, “Венец”, “Торонто”, “Локарно” зэрэг олон улсын кино наадмын үндсэн хөтөлбөрт багтсан эсвэл шагнал хүртсэн олон улсын бүтээлүүд байгаа. Ялангуяа энэ жилийн Берлиний олон улсын кино наадмын дээд шагналыг хүртсэн “Хар санаа үгүй” гээд Иран, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл зэрэг олон сонирхолтой кино үзэгчдийг хүлээж байна.

Энэ жил хөтөлбөрөө өргөжүүлж, цар хүрээгээ улам тэлсэн. Нэгдүгээрт, бид “Ханьгард” монгол киноны уралдаант хэсгээ амжилттай зарлаж, сонгон шалгаруулалтыг олон улсын шүүгчид монголын шүүгчидтэй хамтран шүүсэн. Шагналт байруудаа аравдугаар сарын 21-нд шагнал гардуулах ёслолын үеэр зарлана. Мөн энэ жил кино урлагаар дамжуулан дэлхийн улс үндэстний соёлын олон төрлийг дэмжих, өөр өөр соёлоос суралцаж, танилцуулах “Үзэхийн хязгаар” шинэ хэсгийг нээж байгаа.

Уг хэсгийн нээлтийн киногоор 1980 онд найруулагч Р.Доржпаламын бүтээл “Говийн зэрэглээ” монголын уран сайхны киног HD форматад оруулж, анх удаа кино театрын дэлгэцээр гаргах гэж байгаа. Өмнө нь “Номадиа пикчерс” болон Архивын ерөнхий газрын хамтарсан “Монгол кино HD” төслийн хүрээнд олон монгол киног шинэчилж,  дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэх боломжтой болсон ч “Говийн зэрэглээ” кино хараахан шинэчлэгдээгүй байсан. Энэ фестивалийн хүрээнд бас нэг монгол киног HD болгож, хойч үедээ өвлүүлэн үлдээх гэж байна. Энэ хэсэгтээ Азийн найруулагчдын бүтээлээс үзэгчдэд танилцуулахаар Тайвань, Хятад, Японы киноны сор бүтээлүүдээс сонирхуулна. Бас “Хүүхдийн кино үзвэр”-ийг шинээр нэмж, олон улсын фестивальд шалгарсан хүүхдэд зориулсан гадаадын гурван уран сайхны киног хүүхэд багачууд маань үзэх боломжтой.

-Хөл хориогүй байсан бол хэчнээн зочин хүрэлцэн ирэх байв?

-Өнгөрсөн жилүүдээс харахад 20 орчим гадны зочинтой, монгол киночид, кино форумд  оролцож буй уран бүтээлчид гээд өргөн хүрээнд болдог байсан. Цар тахал биднийг шинэ аргачлалд сургаж, технологийн давуу талыг ашиглан шинэ гарц боломжуудыг нээж байна. Энэ жил зочид төлөөлөгчид маань Монголд ирж чадахгүй ч онлайнаар кино форум болон сургалтаа хийж, монгол уран бүтээлчидтэй туршлагаа хуваалцах болно. Тухайлбал, Швейцарь улсын “Локарно” кино наадам нь 2019-2021 оны нээлттэй хаалганы хөтөлбөртөө Монгол Улсыг онцлох орон болгон зарласныг манай уран бүтээлчид сайн мэдэж байгаа.

Энэ хүрээнд “Улаанбаатар” олон улсын кино “Локарно” наадмын нээлттэй хаалганы хөтөлбөрийн захирал, зөвлөхүүдтэй онлайнаар холбогдож, 2021 оны хөтөлбөрт монгол уран бүтээлчид хэрхэн оролцох талаар зөвлөгөө өгнө. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч, маш олон боломж кино уран бүтээлчдэд гарч ирж байна. Дэлхий даяар зохион байгуулж буй хөтөлбөрүүд онлайн хэлбэрт шилжиж байна.

Эдгээрт монгол уран бүтээлчид онлайнаар оролцож, материалаа явуулах илүү боломжтой болж байгаа. Тухайлбал, “Локарно” наадмын нээлттэй хаалганы хөтөлбөр нь уран бүтээлчдэд зориулсан цахим платформ буюу цахим гарын авлагыг шинээр нээн ажиллуулж байгаа. Тус цахим гарын авлагыг “Улаанбаатар” кино наадмын кино форумын үеэр танилцуулж, нэн шаардлагатай мэдээ мэдээллийг монгол хэлээр орчуулж, уран бүтээлчдэд хүргэхийг зорьж байна. Энэ цахим гарын авлага хүн бүрт нээлттэй.

Дэлхийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг монголынхоо үзэгчдэд хүргэхэд ямар үе шат дамждаг нь сонирхол татаж байна. Та товчхон танилцуулж болох уу?

-Бид киног сонгохдоо олон улсын хөтөлбөр боловсруулагч, дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажилладаг. “Улаанбаатар” олон улсын кино наадам хоёр франц хөтөлбөр боловсруулагчтай. Эдгээр хүмүүсийн үндсэн ажил нь кино салбарыг судлах, олон найруулагчийн киног үзэх, санал зөвлөмж өгөх, кино наадмын хөтөлбөр боловсруулж, олон улсын фестивалиудад хамтран ажилладаг. Энэ үүднээс “Улаанбаатар” кино фестивалийг дэмжиж ажилладаг. Энэ хоёр хүн дэлхий даяар болж буй олон улсын кино фестивалиудад юу болж буйг судалгаа шилжилгээг байнга хийдэг гэсэн үг. Хамгийн гол нь шинэ залуу эмэгтэй найруулагчдын бүтээлийг дэлхий даяар онцолж байна. Үзвэрийн киногоо сонгохдоо соёл болон кино шүүмжлэгчдээс авсан үнэлгээ, ямар олон улсын фестивалиудын үндсэн хөтөлбөрт сонгогдож, шагнал авсан зэргийг шалгуур болгодог.

Монгол киноны хувьд тухайн жилдээ бүтээсэн шинэ кинонуудыг уралдаан зарлаж, сонгон шалгаруулдаг. Энэ хөтөлбөр маань наадам болохоос өмнө хоёр сарын өмнө зарлагддаг. Монгол уран бүтээлчид нээлтээ хийсэн болон нээгээгүй бүтээлээ илгээж, сонгон шалгаруулалтад оруулна. Нээлтээ хийгээгүй кино нээлтийн кинонд өрсөлддөг.

Нээлтээ хийсэн кино “Хангарьд” шагналын төлөө дөрвөн номинацийн төлөө өрсөлдөх юм. Энэ жил найман бүтээл ирж, шилдгүүдээ тодруулна. Сүүлийн шатанд найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Ж.Сэнгэдоржийн “Гэргий” шалгараад буй. Харин нээлтийн киногоор С.Бямбын “Хэвтрийн хүн” кино сонгогдсон.

-“Улаанбаатар” олон улсын кино наадмаас төрөн гарсан кинонууд дэлхийн бусад олон улсын наадмуудад ямар амжилт гаргасан бэ?

-Олон улсад кинонуудыг танилцуулж, түгээдэг компаниуд байдаг. Ийм монгол продюсер, түгээлтийн компаниуд ч бий. Мөн фестивалиар дамжин, тусгай сургалтад хамрагдаж, зохиол болон киногоо сайжруулаад явж байгаа залуу уран бүтээлчид байна. Тухайлбал, “Локарно” олон улсын кино наадмын нээлттэй хаалга хөтөлбөрт анхны жил залуу найруулагч П.Золжаргал, продюсер Б.Дөлгөөн, найруулагч П.Лхагвадулам нар оролцож байсан бол хоёр дахь жилдээ найруулагч П.Лхагвадулам “ZE” төслөөрөө продюсер Ц.Ариунаагийн хамт оролцож, Каннын кино наадмын богино хэмжээний наадмын уралдаант хэсэгт шалгарсан.

Дэлхийн 1000 орчим киноноос шилдэг 11-т шалгарч, дахин шилдэг уран бүтээлд өрсөлдөх болно. Энэ бол том амжилт. Мөн продюсер С.Уран нээлттэй хаалга хөтөлбөрт төслөөрөөө оролцож, шагнал авч дараагийн хөтөлбөрт оролцох эрхээ авсан.

Нэмж хэлэхэд, 2021 онд Монголыг онцолж буй нээлттэй хаалга хөтөлбөрийн сүүлчийн жил учраас залуу уран бүтээлчид идэвхтэй хамрагдаасай гэж хүсч байна. Яаж материалаа бэлдэх талаар сургалт, зөвлөгөө өгөхөөр тусгай хөтөлбөрийг санаачлан, ирэх жилээс уран бүтээлчдээ “сойх” төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд арилжааны кино олноор хийж, үзэгчдэд хүрдэг. Харин ашгийн бус киног тун цөөн хийдэг. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн киног хэр хийж байгаа бол?

-Кино нь дотроо арилжааны болон  арт хаус индепендент гэсэн төрөлтэй. Мэдээж кино урлагт Холливуд чиглэлийн кино байх ёстой. Үүний хажуугаар олон нийтийг соён гэгээрүүлж, цэвэр найруулагчийн ур чадвар, хэлэх гэсэн өгүүлэмжийг илэрхийлсэн киног ч бас хийж, аль аль нь хөгжих ёстой. “Улаанбаатар” олон улсын кино наадмын зүгээс Монгол болон гадаадын бүтээсэн арт хаус найруулагчийн бүтээлийг үзэгчид, залуучуудад танилцуулахыг зорьж буй. Яагаад гэвэл, Монголд ийм чиглэлийн бүтээл маш ховор байна. Тийм учраас фестивалиараа дамжуулан энэ чиглэлээр ажиллах сонирхолтой уран бүтээлчдийг дэмжиж, хүүхэд залуус маань өөр уран бүтээлчидтэй танилцуулах зорилготой чухал наадам.

-Сүүлийн жилүүдэд монгол уран бүтээлчид олон улсын кино наадамд бүтээлээ “сойх” болсон. Ер нь олон улсын кино фестивалиудад амжилттай оролцож, шалгарсны ач холбогдол гэвэл?

-Уран бүтээлчдийн цаашдын карьер, дараагийн уран бүтээлээ амжилттай хэрэгжүүлэхэд нь маш их нөлөөтэй. Залуу найруулагч анхны бүтээлээрээ олон улсын нэг шагнал авлаа гэхэд шүүгчид дараа нь “Энэ кино өмнө нь ийм шагнал хүртэж байсан” гээд найруулагчаар нь тухайн киног таньдаг. Ер нь их, бага гэлтгүй кино фестивалиудад бүтээлээ илгээж байвал өөртөө туршлага хуримтлуулж, түүхийг бүтээдэг.

Энэ ажлыг продюсерууд хийдэг. Монгол кино эхнээсээ продюсертай болж байна. Продюсерууд киногоо ямар чиглэлийн, аль фестивальд өгөхөө сонгож, материал хүлээн авах хугацаагаа зарлахад нь стандартын дагуу материалаа илгээж сурч байна. Мэдээж зардал мөнгө гарна.

-Кино урлагийн тухай хууль батлахаар ярьж байна. Монголын урлагийн зөвлөлөөс саналаа өгсөн болов уу?

-Төрийн болон төрийн бус байгууллагууд, кино уран бүтээлчдээс санал авсан. Зөвхөн бүрэн хэмжээний гэхгүйгээр баримтат, богино хэмжээний кино болон анхны уран бүтээлээ хийх гэж буй залуу уран бүтээлчдээ дэмжих, боловсон хүчин чадавхийг бэхжүүлэх тал дээр саналаа илгээсэн. Бидний саналыг хуульд тусгасан байх гэж найдаж байна. Одоо хууль хараахан батлагдаагүй байгаа. Шинэ Соёлын яамтай болсон учраас энэ асуудалд анхаарна гэж бодож байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж