Монгол тамирчид олимпийн хоёр шинэ спортод өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Монгол тамирчид олимпийн хоёр шинэ спортод өрсөлдөнө

Монгол тамирчид олимпийн хоёр шинэ спортод өрсөлдөнө

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны XXXII олимпийн наадам шинэ коронавирусийн улмаас нэг жил хойшилж ирэх 2021 оны долдугаар сарын 23-нд арлын Японы Токио хотод нээлтээ хийх бол зуны XVI паралимпийн наадам наймдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийнэ.

Ирэх зуны XXXII олимпод нийт 33 спортоор тамирчид өрсөлдөж байгаа нь өмнөх Рио де Жанейро-2016 олимпоос даруй зургаан спортоор илүү байгаа юм. Харин зуны XVI паралимпод 22 спортоор тамирчид өрсөлдөнө.

МОНГОЛ УЛС 3Х3 САГСАН БӨМБӨГ, ПАРА ТАЭКВОНДОГИЙН ТӨРӨЛД ОРОЛЦОНО

Токио-2020 Олимп болон Паралимпийн наадамд Монгол улс хоёр шинэ спортод хүч сорино. Тодруулбал, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг одоогоор олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа бол эрэгтэй шигшээ баг нь олимпийн эрхийн төлөө хоёр тэмцээнд оролцох үлдээд байна. Мөн пара таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд Х.Энхтуяа нар паралимпийн эрхээ авах авсан. Монголд гэлтгүй дэлхийд харьцангуй залуу спортод тооцогдож буй дээрх хоёр спортоор бид Паралимп болон Олимпод амжилт гаргах дүүрэн боломж бий.

Саяхан л багийн спортоор Монгол улс амжилт гаргахад бэрх, хувь хүний зан араншин, сэтгэхүйн онцлог нь тохирохгүй гэж байсан бол 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд амжилтаараа эдгээр яриаг үгүйсгэж чадлаа. Пара таеквондогийн тамирчид ч гэсэн Туркийн Анталья хотод зохион байгуулагдсан ДАШТ-нд алт, мөнгөн медалийг хүртэж паралимпийн эрхээ авав. Ирэх жил Токиод Монголчууд жүдо, бокс, чөлөөт бөх, буудлагаас гадна энэхүү хоёр спортуудад дээр найдлага тавих хэрэгтэй. Учир нь Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг Азидаа гуравдугаарт, дэлхийд наймдугаар байрт бичигдэж байна. Харин таеквондогийн эрхээ аваад буй хоёр тамирчин ангилал тус бүрдээ дэлхийн шилдэг гэдгээ харуулсан. Тиймээс Монгол улс Олимп болон Паралимпод хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх хоёр шинэ спорт мэндэллээ.

Одоогийн байдлаар Монгол улсын дараах тамирчид олимп болон паралимпийн наадамд оролцох эрхээ аваад байна.

  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн
  • Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа
  • Пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг
  • Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг
  • Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг
  • Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа
  • Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Б.Отгонболд
  • Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Н.Мөнхбаатар
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ
  • Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ

КАРАТЭ

Японы үндэсний тулааны урлаг энэ удаа нутаг дээрээ болж буй Олимпод анх удаагаа оролцоно. Олимпийн каратэ нь хоёр төрлөөр буюу Кумитэ болон Ката гэсэн ангиллаар явагдана. Кумитэ төрөлд нийт 60 тамирчин оролцох бол Ката төрөлд 20 тамирчин оролцоно. Харин тэмцээнд оролцох тамирчдын хүйсийн хувьд эрх тэгш 50/50 байна. Кумитэ төрөл нь эрэгтэй -67 кг, -75 кг, +75 кг, эмэгтэй төрөл нь -55 кг, -61 кг, +61кг гэсэн жингийн ангилалтай

СКЕЙТБОРДИН

Орчин цагийн урбан спортуудын нэг скейтбордин буюу тавцантай гулгах төрөл нь дараа жилийн Токиогийн олимп болон 2024 оны Парис хотод зохиогдох зуны XXXIII олимпт багтана. Уг спортын төрөлд нийт 80 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй ангилалд Park, Street эмэгтэй ангилалд мөн адил Park, Street гэсэн төрлүүдээр зохиогдох аж.

СПОРТ АВИРАЛТ

Сүүлийн жилүүдэд Монголд ч гэлтгүй дэлхий даяар хурдацтай хөгжиж буй урбан спортын нэг яахын аргагүй спорт авиралт билээ. Тэгвэл уг спорт нь Токио-2020 олимпийн зургаан шинэ спортын нэгээр нэрлэгджээ. Тэмцээний хувьд 40 тамирчин оролцох бөгөөд хурдан, боулдрин, техник гэсэн үндсэн төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй ангилалд зохиогдоно.

СӨРФИНГ

Сөрфинг буюу далайн давалгаагаар гулгах спорт нь жинхэнэ зуныг Токио-2020 олимпд мэдрүүлэх нь гарцаагүй. Эрэгтэй , эмэгтэй нийт 40 тамирчин 20-25 минутын турш Шидашитагийн далайн эргийн далайн давалгаан дээр ур чадвараа гайхуулна. Уг спорт нь цаашдаа Парис-2024 оны олипм болон Лос-Анжелес-2028 оны зуны наадмуудад багтжээ.

БЕЙСБОЛ

Дэлхий даяар 500 сая гаруй үзэгч хөгжөөн дэмжигчтэй бейсболын спорт Токио-2020 олимпт эргэн ирнэ. Хамгийн сүүлд 2008 оны Бээжингийн зуны 29 дүгээр наадамд тоглогдож байсан уг спорт 12 жилийн дараа олимпийн наадмаа эргэн ирж байна. Дараа жилийн Олимпт нийт зургаан баг оролцох бөгөөд одоогоор Япон, Израиль, Өмнөд Солонгос, Мексик гэсэн улсууд эрхээ аваад байна. Сонирхуулахад хамгийн сүүлийн 2008 оны Бээжингийн олимпийн аваргаар Өмнөд Солонгос улс шалгарч, Куба болон АНУ-ын багууд удаалжээ.

СОФТБОЛ

Харахад бэйсболтой түүн ижилхэн софтболын спорт мөн адил олимпийн наадамд эргэн ирж байна. 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хойш тоглогдоогүй уг спорт энэ удаа зургаан багийн хамтаар эргэн ирнэ. Эдгээр багуудыг дурьдвал: Япон, АНУ, Итали, Мексик, Канад болон Австрали гэсэн улсууд багтаж байна. 2008 оны олимпийн аваргаар Япон улс шалгарч, АНУ, Австрали улсын баг тамирчид удаалжээ.

Дээрх спортуудаас гадна сагсан бөмбөг болон дугуйн спортуудад гурван шинэ төрөл нэмэгдэж байгаа. Эдгээр нь :

  • 3х3 сагсанбөмбөг
  • Буухиат дугуйн уралдаан
  • Дугуйн чөлөөт үзүүлбэр гэх төрлүүд нэмэгдэж байна.

Харин Токио-2020 паралимпийн наадамд дараах хоёр спорт шинээр танилцуулагдана.

2024 онд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах зуны XXXIII олимпийн наадамд бүжгийн спорт нэмэгдэхээр болсон.

ТАЕКВОНДО

2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр IPC буюу Олон улсын паралимпийн хорооноос таэквондогийн спортыг Токио-2020 паралимпийн наадамд шинээр оролцох спортоор зарласан. Кёорүги, Пүүмсай гэх хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр гурван жинд өрсөлдөнө.

БАДМИНТОН

Бадминтоны спорт Токио-2020 паралимпийн наадамд WH1, WH2, SL3, SL4, SU5, SS6 зэрэг төрлүүдээр явагдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж