Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол

Помпеогийн айлчлал ба “Quad”-ийн ач холбогдол

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногийн эхээр Японд айлчилж, Хятадын хүчирхэгжилтэд санаа зовниж буй “Quad” (дөрвөл) бүлгийн уулзалтад оролцлоо. Дөрвөл буюу Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Токиод уулзаж, тус тусын ашиг сонирхлыг хэлэлцжээ. АНУ-ын Төрийн департментаас нарийн бичгийн дарга Майк Помпео, Австралийн Гадаад хэргийн сайд Мэрис Пэйн, Энэтхэгийн С.Жайшанкар, Японы Мотэги Тошимицү нарын уулзалтын дараах мэдэгдлийг нийтэлсэн юм. Хамтарсан мэдэгдэлд дөрвөлийн сайд нарын ашиг сонирхол дараах байдлаар илрэн гарчээ. Зөвхөн АНУ, Австрали улс мэдэгдэлдээ худал мэдээлэлтэй тэмцэхэд анхаарах шаардлагатайг дурдсан. Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ Далай тэнгисийн хуулийн талаарх НҮБ-ын конвецийг бүс нутгийн хүчирхэг гүрнүүд байгуулах шаардлагатайг онцолжээ. Энэтхэг-Номхон далай даяар сүүлийн үеийн стратегийн дэвшлийг сайд нар дүгнэн ярилцсаныг Майк Помпео мэдэгдсэн. Майк Помпеогийн мэдэгдэл Хятадын эсрэг тулсан шинжтэй байв. Тухайлбал, тэрбээр “Уханиас цар тахал гарна гэж бид төсөөлж ч байсангүй. Үүний зэрэгцээ Хятадын Коммунист намын “нуун дарах” оролдлого нөхцөл байдлыг ноцтой байдалд хүргэсэн” гэж мэдэгджээ. Энэтхэгийн сайд мэдэгдэлдээ бүс нутгийн асуудал, харилцан бие биедээ хамаарах ашиг сонирхлыг хөндөн ярилцсан гэдгийг онцолжээ. Харин Энэтхэг нь дэд бүтцийн чанарыг сайжруулахад хамтран ажиллах тал дээр онцгой анхаарал хандуулаагүй. Учир нь Энэтхэгээс бусад гурван орон 2018 онд Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гурван талт хамтын ажиллагааг байгуулсан юм. Японы талаас Хойд Солонгос, Зүүн болон Өмнөд Хятапын тэнгисийн хэргийг бүс нутгийн асуудлаар нэрлэсэн. Мөн гадаад хүчний (Европын орнууд) эерэг үүрэг роль оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг хадгалахад анхаарах шаардлагатайг дурджээ. Дөрвөлд Энэтхэг-Номхон далайн бүсэд сонирхолтой Франц, Герман зэрэг орнуудыг нэгтгэж болохыг Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү санал болгожээ. Тэрбээр нийтлэг үнэт зүйл, дүрэм журмын дор олон улс хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон юм. Өмнө нь “Дөрвөл +” гэх уулзалтад Өмнөд Солонгос, Вьетнам, Шинэ-Зеланд зэрэг орнуудын төлөөлөгчдийг оролцуулж байв.

ДӨРВӨЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ НЭМЭГДСЭН НЬ

Дөрвөлийн уулзалт сүүлд өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн дундуур болж байв. Харин энэ жил коронавирусийн цар тахлын хөл хориотой үед Японд сайд нар цугларч уулзсан нь бүлгийн ач холбогдол нэмэгдсэнийг илтгэж байна. Хятадын дуу шуутай хүчирхэгжилт нь дэлхийн геополитикийн тэнцвэрийг өөрчилж буйтай зэрэгцэн цар тахал нь гео-эдийн засгийн асуудлуудыг үүсгэж, бүс нутгийн зөрчлүүд ч нэмэгджээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор АНУ, Хятадын харилцаа түүхэн доод түвшинд хүрч зөрчилдөж байна. Хятадын эсрэг арга хэмжээнд АНУ нь бүс нутгийн холбоотон орнуудтай харилцаагаа хүчирхэгжүүлэхэд анхаарч эхэлсний илрэл нь Дөрвөл болов. АНУ, Хятадын хооронд 2018 оноос худалдааны дайн эхэлж, энэ он гарсаар, оюутнуудын визийг цуцалж, консулын газруудаа хаах зэргээр зөрчил олон талаар хурцдсан. Түүнчлэн Бээжин, Канберрагийн харилцаа ч муудаж, таван өдрийн дипломат мухардлын эцэст Хятадад ажиллаж байсан Австралийн сүүлчийн хоёр сэтгүүлчийг эргүүлэн татжээ. Мөн Гималайн нурууны өндөрлөг дэх хилийн маргаантай бүсэд Энэтхэг, Хятадын цэргүүд өнгөрсөн зургадугаар сард мөргөлдөж, олон хүний амь хохирсон.

Сингапурт төвтэй Ази-Номхон далайн аюулгүй байдлын шинжээч Александр Нейлийн үзсэнээр Дөрвөл бүлгийг албан ёсны болгож, өргөжүүлэх сонирхол Энэтхэгт илүүтэй байгаа нь ажиглагджээ. Энэтхэгийн далайд 2004 онд болсон цунамийн дараах хамтын ажиллагаагаар эхэлсэн Дөрвөл бүлгийн ач холбогдлыг нэмэгдүүлэхэд Японы экс Ерөнхий сайд Абэ Шинзо ихэд анхаарч ирсэн. Үүнээс хойш дөрвөлсөн уулзалтыг ажлын бүлгийн түвшинд хийж ирсэн ба 2017 оноос сайд нарын түвшинд уулзах болжээ.

Харин Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин Дөрвөлийн уулзалтын талаар өнгөрсөн есдүгээр сарын 29-нд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ “гуравдагч орон, гуравдагч талын ашиг сонирхлыг эсрэг чиглэхийн оронд бүс нутгийн орнуудын дунд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахад анхаарах ёстой” хэмээн мэдэгджээ. Мөн тэрбээр оролцогч орнууд бүс нутгийн ашиг сонирхол, энх тайван, хөгжлийн төлөө илүү их бодоосой гэж хүсч буйгаа илэрхийлсэн байна.

ПОМПЕОГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтсэнээс болж Майк Помпео Ази дахь айлчлалаа товчлоход хүрсэн. Майк Помпео аравдугаар сарын 4-8-ны хооронд Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан ч Токиогоос шууд буцсан юм. Гэсэн ч тэрбээр Өмнөд Солонгос, Монгол Улс дахь айлчлалаа энэ аравдугаар сардаа багтаан дахин товлохоо мэдэгдсэн билээ. Гэвч Сөүл, Улаанбаатар дахь түүний айлчлал хойшилсноор ач холбогдол нь буурна гэж ажиглагчид дүгнэжээ. Майк Помпео АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш анх удаа Монгол Улсад аравдугаар сарын 7-нд айлчлах байв. Мөн энэ нь Жон Кэрри 2016 онд Монгол Улсад айлчилснаас хойших анхны АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлал гэдгээрээ анхаарал татаж байв. Зүүн Ази-Номхон далайн асуудал хариуцсан хорооны дэд нарийн бичиг Дэвид Стилуэллийн үзсэнээр Помпеон Монгол дахь айлчлал хоёр орны харилцааг гагнах учиртай байжээ. АНУ-ын Конгресст Гуравдагч хөршийн худалдааны актыг батлах үйл явц удааширалтай байгаад Монгол Улс сэтгэл гонсгор байгаа. Уг актыг баталснаар Монголоос нэхмэл болон ноолууран эдлэл зэрэг зарим экспортыг АНУ-руу гаалийн татваргүй нийлүүлэх боломж бүрдэх юм. Хуулийн төслийг 2018 онд анх танилцуулснаас хойш ахиц муутай байна. Үүний зэрэгцээ Майк Помпео энэ долоо хоногт Монгол Улсад айлчилсан бол Хятадын эсрэг монголчуудын үндсэрхэг үзэл хүчтэй байлаа. Хятадын Засгийн газраас Өвөрмонголд сурах бичгийн шинэ журмыг мөрдүүлж, монгол хэл, соёлыг үгүй хийх эрсдэл үүсгэсэн нь эсэргүүцэл дагуулсан юм. Тэр ч бүү хэл, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт айлчлах үеэр монголчууд эсэргүүцлийн жагсаал хийсэн нь ховор тохиолдол болсон.

ӨМНӨД СОЛОНГОСЫН ТУХАЙД

Харин Майк Помпео Өмнөд Солонгост айлчилснаар холбоотон орны нэгдмэл байдлыг илэрхийлэхээс гадна Пёньянд анхааруулах мессеж болох байв. Хойд Солонгос нь аравдзугаар сарын 10-нд Хөдөлмөрийн намынхаа 75 жилийн ойг цэргийн шинэ зэвсэг техник хэрэгслээ гайхуулан сүр дуулиантай тэмдэглэхээр зэхэж буй. АНУ, Өмнөд Солонгосын холбоотны харилцаа сүүлийн жилд цэргийн зардлыг хуваан төлөх асуудлаас болж сэвтсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хойгт тодорхой тооны цэрэг, техник хэрэгслээ байршуулан аюулгүй байдлын баталгаа гаргасныхаа хариуд Өмнөд Солонгосыг илүү ихийг төлөх ёстой гэж үзсэнээр үл ойлголцол эхэлсэн юм. Мөн Япон, Өмнөд Солонгосын хоорондох зөрчлөөс үүдэн АНУ-тай холбоотны харилцаанд эргэлзээ үүссэн байв.

Эх сурвалж: Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж