Дэлхий нийтэд тархсан цар тахал намжаагүй байгаа ч гэсэн улс орнууд гадаад айлчлалаа сэргээж эхлэв. Монгол Улсын хувьд халдварыг дотроо алдаагүй цөөхөн улсын нэг. Гэвч, халдвар хамгааллын горимыг сайтар сахиж, хилийн хоригийг үргэлжлүүлсээр байгаа билээ.
Гэхдээ цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад бусад улс орнуудтай, ялангуяа Азийн улс орнуудтай нягт хамтын ажиллагааг тэлэхэд анхаарч байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Учир нь, гадаад айлчлал нь Монгол Улсад хэрэгжүүлж буй мега төслүүдийг урагшлуулахад бусад улс орнуудтай хэлэлцээ хийхэд чухал ач холбогдолтой. Монгол Улсын хувьд гадаад айлчлалаар мөнгө гуйх нь тогтсон үзэгдэл болсон. Тиймдээ ч Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Гадаад хэргийн сайд нарын түвшинд хэд хэдэн айлчлалыг зохион байгуулж байна.
Цар тахлаас хойш гадаад улсаас айлчилсан анхны өндөр дээд хэмжээний зочин нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И байв. Тэрбээр манай улсад Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Нэг өдрийн шахуу хувиартай ирсэн Ван И-гийн айлчлалаар хоёр улсын сайд нар өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал мэдэгдсэн байдаг.
- 2018 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-д 700 сая юань
- 2019 онд гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж, гаалийн шинэчлэлд 600 сая юанийг ашиглахаар болсон юм.
БНХАУ-ын Гадаад хэргийн Ван И-гийн айлчлалаар үлдсэн 700 сая юанийг авахаар хоёр тал Солилцох захидал байгуулсан.
Ийн урд хөршийн Гадаад харилцааны сайдын айлчлалаас дөрөв хоногийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д өнгөрөгч есдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд айлчилсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийсэн тус албан ёсны айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн нар 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурж, хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсон юм. Хугацаагүй байгуулсан уг гэрээ нь хоёр улс улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд хөгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлж буйг сайд нар онцлон тэмдэглэв.
Энэ сарын 07-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп COVID-19-ийн халдвар авсантай холбоотойгоор айлчлал цуцлагдсан.
Гэхдээ Азийн айлчлал үргэлжилж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад албан ёсоор энэ сарын 9-10-нд айлчилна. Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн айлчлалаас хамгийн их анхааарал татаж буй нь Япон Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор болов. Уг яаралтай тусламжийн зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь.
Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ гэдгийг Сангийн сайд онцолсон.
Өөрөөр хэлбэл, төсвийн дэмжлэг буюу төсвийн зарлагыг нөхөхөд зарцуулах юм байна. Ирэх оны төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг. Цар тахалтай холбоотойгоор зарим халамжийн бодлогыг үргэлжүүлэхээр болсон нь төсвийн зарлагыг улам нэмэгдүүлэв. Тухайлбал, 2021 оны эхний хагас жилийг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор тооцож ирэх оны төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ. Мөн Халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тэтгэмжийн нэмэгдлийг 2021 оны эхний хагасыг дуустал олгохоор болжээ. Ийн халамжийн зардлууд нэмэгдсэн нь гадны зээлээр төсвийн алдагдлаа нөхөх нь.
Зээлийг бид монгол төгрөгөөр биш гадаад валютаар төлөх учраас хэдий бага хүүтэй зээл ч гэсэн өр үүсгэх нь тодорхой. Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (3.8 хувь) тэрбум, өмнөх улирлаас 352.9 (1.2 хувь) сая ам.доллароор өсжээ.
Засгийн газрын нийт өр 2020 оны эхний хагас жилд 25.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 (14.3 хувь) их наяд, өмнөх улирлаас 1.4 (5.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Холбоотой мэдээ