ЭМСХХ-5 төслийн хүрээнд ГССҮТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар болон шинэ тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй дүрэм, журмыг шинэчлэн, боловсруулж, 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, лаборант, ариутгагч нарын онолын мэдлэг олгож, ур чадварыг сайжруулаад байна.
"ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРЧ, АРИУТГАЛЫН ШИНЭЧЛЭЛТҮҮДИЙГ ХИЙЖ БАЙНА"
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ " Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад халдвараас сэргийлэх хяналтын тогтолцоог бэхжүүлэн ариутгал, халдваргүйтгэлийн чанарыг сайжруулах, ариутгалын орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах, хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгцээ тулгарч байгааг чухалчилж тэмдэглэсэн.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн Төв болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 27 эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.
Төслийн үр дүнд Монгол Улсын Цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжирч, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, эрүүл мэндийн байгууллагад, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын бүртгэл, мэдээлэл сайжирч, эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэл буурсан байна.
Өнөөдөр бид ЭМСХХ-5 төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар (461,6 сая төгрөг), 14 нэр төрлийн 20 ширхэг (845,4 сая төгрөгийн) шинэ тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж, нийт тус төвд 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг энэ оны 5 дугаар сард байгуулсан. Тус санхүүжилтийн хүрээнд 7 (Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн иж бүрэн шинэчлэлийг хийх юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа сайжруулахад Та бүхний дэмжлэг, идэвх оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөө цагт энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж байгаа юм. Энэхүү төслийн залгамж чанарыг хадгалан, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтыг хангах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна." гэсэн юм.
"МАНАЙ ЭМНЭЛГИЙН 80-85 ХУВЬД НЬ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙГДДЭГ. ТИЙМЭЭС ЭМЧИЛГЭЭ, МЭС ЗАСЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ НЬ АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТЭЛИЙН АСУУДАЛ БАЙДАГ"
Үргэлжлүүлэн ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах "Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ГССҮТөв ариутгал, халдваргүйтэлийн нэгдсэн тасгийн их засвар болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нээлтийн үйл ажиллагаа болж байна. Нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461,6 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 840 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч байна.
Манай эмнэлгийн 80-85 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Тиймээс эмчилгээ, мэс заслын хамгийн чухал хэсэг нь ариутгал, халдваргүйтэлийн асуудал байдаг. Тиймээс яг орчин үеийн хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж ажиллаж эхлээд байна." гэсэн юм.
Эх сурвалж: ЭМЯ
Холбоотой мэдээ