Өмнөговь аймагт ахмад настнууд хамтарч “Ина хүнс” нэртэй хүнсний ногооны брэнд гаргажээ. Тэдний хамгийн алдартай брэнд нь сармис. 2019 онд Улаанбаатар хотод зохиогдсон хүнсний ногооны үзэсгэлэнгээс сармисаараа шилдэг бүтээгдэхүүний шагнал авч байсан аж.
Социализмын үед тэд тариа бригадад ажилладаг байсан бөгөөд нэгдэл тарсны дараа гэрийнхээ хэрэгцээнд хэрэглэх ногоо тарьцгааж байгаад хөдөлмөрөө хоршихоор шийдэж “Диваажингийн зам” нэртэй хоршоо байгуулжээ.
“Диваажингийн зам” хоршооны дарга П.Бямбаа “Манай хоршоо 2014 онд байгуулагдсан. Нийт 19 гишүүнтэй. Говийн нөхцөлд усалгаатай хүнсний ногооны тариалалтаар хүлэмжийн аж ахуй эрхэлж, сармисны тариалангийн бизнесийг хослуулан ажиллаж байна. Бид хөдөлмөрөө хоршъё,, хамтдаа зүтгэж, ажлынхаа үр шимийг хүртэж, сайхан амьдрах л гэсэн зорилготой. Тарьсан ногоогоо боловсруулж, хэрэглэгчдэд хүргэж өөрсдийн гэсэн ашиг орлоготой болсон. Манай хоршооны брэнд бүтээгдэхүүн болсон сармис яагаад ийм амттай, чанартай байдаг гэвэл говь нутагт нарны хүч сайтай, түүнчлэн бид ямар химийн бордоо хэрэглэдэггүй. Зөвхөн говийн агь таана, нарийн ургамал идсэн малын өтгөөр жилд хоёр удаа хөрсөө борддог. Тийм болохоор хамгийн амттай ногоо ургадаг байх гэж бодож байна” гэлээ.
Өмнөговь аймгийн төв 26 мянган хүнтэй. Хүнсний ногооныхоо 50 орчим хувийг импортоор авдаг. Зоорь, савны хүрэлцээ муу, хүнсний ногоог боловсруулан хадгалж чадахгүй байгаагаас жилийн турш хүнсний ногоо хэрэглэж чаддагүй аж. Тиймээс Даланзадгад хотын захиргаа “Диваажингийн зам” хоршоог дэмжиж 1,2 га талбай гаргаж өгчээ. Мөн Өмнөговь аймаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюутолгой” ХХК, Говийн оюу хөгжлийг дэмжих сантай хамтран хэрэгжүүлдэг “ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөрт хамруулж, ногоо хатааж савлаж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлжээ.
“Диваажингийн зам” хоршооны гишүүн А.Шүрэнчулуун "Бид аймгаас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдаж брэндийг хэрхэн бүтээдэг, аж ахуйгаа хэрхэн авч явдаг гээд олон зүйл сурч, байнга зөвлөгөө авдаг болсон. Бас нутгийн брэнд бүтээх уралдааныг БИГ төвөөс зарлаж, манай хоршооныхон оролцож 10 сая төгрөгөөр шагнуулсан. Бидэнд их урам зориг өгсөн. Тэгээд шагналын мөнгөөрөө ногоо хальслагч, хэрчигч, хатаагч, савлагч зэрэг төхөөрөмж авч, ногооны бяцхан цехтэй болсон. Ингэж л манай “Ина” брэндийн хүнсний ногоо бүтсэн түүхтэй” гэлээ.
“Диваажингийн зам” хоршооны гишүүн бүр үүрэгтэй. Талбай дээрээ цуглаж ногоогоо арчилж, ургуулахаас гадна зарим нь цехдээ ажиллана, зарим нь дэлгүүр, хүнсний захад сууж ногоогоо борлуулдаг байна. Говьдоо хүнсний ногоог тогтвортой, тасралтгүй нийлүүлж, хатаасан ногооны багц, хатаасан сармис-хүрэн манжингийн багцыг үйлдвэрлэж байна. Цаашлаад хатаасан сармисыг аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болгох, “Ина” брэндээр говь нутгийнхаа нэрийг, Монголынхоо нэрийг дэлхийд гаргах зорилгтой гэж ярилаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ