АНУ, Япон болон Европын холбооны хэд хэдэн улс санаа нэгдэн БНХАУ-ыг Шинжаан Уйгур дахь үндэсний цөөнхийн эрхийг зөрчихөө больж, Хонгконгийн байдлыг дахин нэг харахыг шаардлаа.
“Бид БНХАУ-аас хүний эрхийг хүндлэхийг, тэр дундаа үндэсний цөөнх, ялангуяа Шинжаан Уйгур, Түвдийн хүний эрхийг хүндлэхийг шаардаж байна” хэмээн Германы НҮБ-ын Элчин сайд Кристоф Хейзген ярьжээ.
Санаа нийлж гарын үсэг зурсан 39 орнуудын дунд АНУ, Европын холбооны Албани, Босни зэрэг ихэнх гишүүн орнууд, Канад, Гаити, Гондурас, Япон, Австрали, Шинэ Зеланд улсууд байгаа аж.
Шаардлагад “Бид Шинжаан дахь нөхцөл байдал болон Хонгконгод болсон асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Тиймээс бид бүгд БНХАУ-ыг даруй арга хэмжээ авч, НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар зэрэг хараат бус ажилчдыг Шинжаанд хүссэн үедээ очиж байх боломжоор хангахыг хүсье” гэжээ.
Хятадын элч Жан Жун Герман, АНУ, Их Британид хандаж “Хоёр нүүрт хандлагаа хаяж, их зан, өрөөсгөл ойлголтоосоо татгалзан” улсын дотоод асуудалд хошуу дүрэхгүй байхыг сануулсан аж.
Хүний эрхийн ажиглагчид харин БНХАУ-ын сүрдүүлгийг үл тоон ийм олон орон санал нэгдсэнийг сайшааж байгаа юм. Учир нь өнгөрсөн жил Их Британийн гаргасан санаачлагад ердөө 23 орон санал нэгдэж, гарын үсгээ зурсан байсан юм.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ