Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэрээ 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурна.
Тиймээс өнөөдөр /2020.10.08/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанар Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хоёр улсын Засгийн газар хооронд солилцох нот бичгийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэцлээ.
0.01 хувийн хүүтэй тус зээлийг коронавирусийн цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийг тогтворжуулах, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эмзэг бүлгийн иргэдийг дэмжих зэрэг нийгэм, хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлэхэд хэрэглэгдэх юм байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуув.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагад талархал илэрхийлье. Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд 20 гаруй тэрбум төгрөгөөр нийслэлд жишиг хоёр сургууль баригдаж байгаа. Анхны сургууль нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдсан. Сургуулийн орчин гэж ямар байдгийг үнэхээр төгс шийдсэн, тус жишиг сургууль саяхан ашиглалтад орж, 700 гаруй хүүхэд суралцаж байна. Эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаа. Газар чөлөөлөлтийн 2 тэрбум төгрөгийг төсөвт суулгахгүй байсаар таван жил болсныг шийдэж чадсан. Гишүүд энэ жишиг сургуультай очиж танилцаасай гэж хүсч байна. Монголын талаас зөвхөн газар чөлөөлөлтийн зардал л гарсан. Бусад бүх зардлыг Японы тал гаргасан. Шинээр авах 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн жилийн хүү 0.01, урьдчилгаа, шимтгэл 0.1 гээд таатай нөхцөлтэй байна. Санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил юм байна. Үүнийг яг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ. Зориулалтад нь зарцуулах хэрэгтэй шүү.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
Японоос авах энэхүү зээл төсвийн дэмжлэг буюу төсвийн зарлагыг нөхнө. Төсөвт ороод ашиглагдана гэж ойлгож болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:
Их дүнтэй зээлийн хэмжээ. Монгол Улсын зээлжих зэрэглэл, өрийн таазад яаж нөлөөлөх вэ. Хуучин бол зээлийн өрийн дээд хязгаар 45 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж ярьдаг. Энэ зээлийг авснаар зээлийн өрийн тааз хэтэрнэ. Монгол Улсын зээл 30.8 тэрбум ам.долларт хүрлээ. Найман жилийн өмнө 23 тэрбум ам.долларын өртэй байсан. Дунджаар жилд 1 миллард ам.доллараар өр нэмэгдэж байна. Зээл аваад түүнийг үрэх шиг амархан ажил байхгүй. Өрөөр дамжиж манай улсын үндэсний аюулгүй байдал алдагдана. Гадаадын зээлийн цаана улс төрийн бодлого явж байдаг. Ялангуяа өндөр хүүтэй зээл аюултай. Хэдийгээр Японы зээл бага хүүтэй ч гэсэн түүгээр төсвийн алдагдлаа нөхөх нь. Халамжаар их мөнгө тарааж байгаа. Ирэх жилийн зургаан сар хүртэл 720 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцулна. Хүүхдийн мөнгийг ингэж хавтгайруулж байгаа нь төсвийн алдагдлыг нэмж байгаа.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
Өрийн тааз хэтрэхгүй ээ. 2016 онд Монгол Улсын Засгийн газрын нийт өр ДНБ-д эзлэх хувь өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 78.8 хувьтай байсан бол одоо 55.6 хувьтай болж буурсан. Хуулиар Засгийн газрын нийт өр ДНБ-ийн 75 хувиас хэтрэхгүй байх ёстой. 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад Монгол Улс Японы Засгийн газраас жил бүр 283 сая ам.доллар буюу гурван жилд нийт 800 орчим сая ам.долларын зээл авахаар гэрээ хийсэн. Үүнээс нэг л удаа 283 сая ам.долларын зээл авсан. Үлдсэн 560 орчим сая ам.долларын зээлийг аваагүй. Одоо авах 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг цар тахалтай холбоотойгоор хэмжээг нь бууруулж авч байгаа юм. ОУВС-тай хамаарахгүй, Японы Засгийн газраас олгогдох зээл.
Холбоотой мэдээ