Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.   

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. "Япон Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин Монгол Улсад нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлээд байна. Энэ хүрээнд “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хооронд зээлийн хэлэлцээр байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна. Яаралтай  тусламжийн зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь болно. Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэн эдийн засгийг тогтворжуулан эрчимжүүлэх, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах,  эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын  арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийг санхүүжүүлэхэд хэрэглэгдэнэ" хэмээн Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Зээлийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Т.Доржханд нар асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг зөвшилцөхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. 


Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж