НЭМЭЛТ:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох гомдлыг хэлэлцэх байсан ч өмгөөлөгч С.Оюунцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй байна гэсэн эмчийн магадлагаа ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Булгамаагаас “Миний бие Монголын олон улсын арбитрт 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр товлон зарлагдсан арбитрын маргаанд арбитрчаар оролцох тул Г.Загдаа, Г.Амаржаргал нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэн юм байна. Иймээс шүүх бүрэлдэхүүн хуралдааныг аравдугаар сарын 23-нд 10.00 цагт хийхээр болж, шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг аж.
Г.Загдааг шүүх хурал эхэлжээ
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.08/ эхэлсэн байна. Шүүх хуралдаан 10.00 цагт эхэлсэн ч 10.38 цагт түр завсарлажээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.
Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ