Эрэлттэй мэргэжлээр суралцдаг 5000 оюутныг зээлд хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Эрэлттэй мэргэжлээр суралцдаг 5000 оюутныг зээлд хамруулна

Эрэлттэй мэргэжлээр суралцдаг 5000 оюутныг зээлд хамруулна

Энэ хичээлийн жилд оюутнууд өөрсдөө сургалтын төлбөрөө хариуцах тухай зарим их, дээд сургууль мэдэгдээд буй. Тиймээс оюутны хөгжлийн зээлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батнэмэх мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн хичээлийн жилд 1900 гаруй төгсөх курсын оюутанд 2.4 тэрбум төгрөг төсөвлөж, оюутны хөгжлийн зээлд хамруулсан. Төсвийн тодотгол хийх үеэр өмнөх 2.4 тэрбум төгрөг дээрээ нэмж, 7.6 тэрбум төгрөг нийтдээ 10 тэрбум төгрөгийг 2020 онд төсөвлөсөн.

Энэ хичээлийн жилд батлагдсан 10 тэрбум төгрөгийг их, дээд сургуулийн оюутнуудад олгохдоо 2020 онд Засгийн газраас баталсан 70 дугаар тогтоолыг үндэслэнэ. Уг тогтоолоор эрэлттэй мэргэжил буюу тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтын дагуу их, дээд сургуульд эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг нэн тэргүүнд зээлд хамруулах бодлогыг барьж ажиллана. Ингэснээр нийтдээ 5000 гаруй оюутанд оюутны хөгжлийн зээл олгох тооцоо судалгааг хийж, Сангийн яаманд хүргүүлсэн. Оюутны хөгжлийн зээлийн журамд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Шилдэг 10 их, дээд сургуулийн жагсаалт, шийдвэр хараахан гараагүй байна” гэсэн юм.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Сургалтын чанараараа эрэмбэлэгдэж буй шилдэг 10 сургуулийн оюутнуудыг оюутны хөгжлийг зээлд хамруулна. Боловсролын зээлийн сан хавтгайрах маягтай болсон. Их, дээд сургуулиуд чанаргүй боловсрол олгож байгаа учраас оюутнууд ажлын байрны шаардлага хангахгүй байна. Мөн санхүүгийн төлбөрийг Боловсролын зээлийн сангаас шийдээд явахаар оюутнуудын ар гэрт санхүүгийн дарамт үүсгэхгүй сайн талтай боловч тухайн оюутнууд зорилгогүй суралцаж байна. Их сургуулиуд ч гэсэн төрөөс мөнгө авч, түүгээр нь амьдарч ирлээ.

Тиймээс их, дээд сургуулиуд сургалтын чанараа сайжруулах шаардлагатай. Төрөөс олгож буй оюутны хөгжлийн зээлийн төсөв мөнгө нь хэвээрээ. Жилд оюутны хөгжлийн зээлд 75 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүний 25 орчим тэрбум төгрөг нь гадаадад суралцаж буй оюутнуудад зарцуулдаг. Сургалтын чанараараа тэргүүлж буй их дээд сургуулиудад төр, хувийн хэвшил байх нь хамаарахгүй. Одоогоор шилдэг их дээд сургуулийн жагсаалт гараагүй байна. Улсын төсөв батлагдсаны дараа энэ мөнгийг хэрхэн зарцуулахыг тодорхой дүрэм журмаар нь зохицуулна. Өнөөдөр цаасан дээр буусан зүйл байхгүй” гэлээ.

“2004-2005 оны үед 184 их, дээд сургуультай байсан өнөөдөр энэ тоо 93 болсон. Цаашид ч их, дээд сургуулийн тоог цөөрүүлнэ. Судалгаанаас харахад их, дээд сургууль төгссөн оюутнуудын 40 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна” гэдгийг салбарын сайд Л.Цэдэвсүрэн яриандаа онцолж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж