Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү?

Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг эцэслэгдэх үү?

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх энэ өдрүүдэд  шүүж байна. Уг хэрэг гараад 11 жил болжээ.  Харин хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг.  Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн юм.

Тэгвэл "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох зургаан хүний гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.08/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.

Олон жил шалгагдаж, шүүхэд шилжиж ирсэн Ш.Батхүүд холбогдох зургаан хүний хэрэг одоо л эцэслэн шийдэгдэх нь хэмээн анхаарал тавих олон хүн бий.

“Жаст" группын захирал асан  Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаад байгаа юм.

Тодруулбал, "Жаст"-ын Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавин, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байна. 

ХЭРГИЙН  ЭРГЭН ТОЙРОНД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ НЭХЭН САНУУЛЪЯ: 

2013 оны наймдугаар сарын 15.  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Жаст”-ын Ш.Батхүүд эрүүгийн хэрэг үүсгэв. 

2015-2016 он. Ш.Батхүүгийн зээл хугацаандаа төлөөгүй асуудлаар Олон улсын арбитрын шүүх дөрвөн  удаа хуралдав. 

2017 он.“Стандарт” банк Лондонгийн дээд шүүхэд "Эрдэнэт" үйлдвэрээс зээлийн төлбөрийг даруй гаргаж өгөх тухай гомдол гаргажээ.

Лондонгийн дээд шүүхээс: 
• “Эрдэнэт” үйлдвэрийн эд хөрөнгийг Англи болон Уэльсийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх
• Эд хөрөнгийг нь захиран зарцуулах, худалдан борлуулах
• Арбитрын шүүхээс гаргасан 41.22 сая доллар, дээр нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гаргасан зардал 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн дүнг банкинд байршуулах шийдвэр гаргажээ. 

2018 оны наймдугаар сар. Монгол Улсын Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж, "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлыг судалж, өр төлбөрийг барагдуулах ажлыг шийдвэрлэхээр болов. Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг Английн дээд шүүхийн шийдвэрийг  биелүүлэхгүй бол эрсдэлтэй гэж үзжээ. 

2019 он. Монголын Засгийн газар  Америкийн компаниар дамжуулан  хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрч төлбөрийг "Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлснээр  “Эрдэнэт” үйлдвэр "Стандарт" банкны хооронд үүссэн зээлийн эргэн төлөлтийн маргаан дуусчээ. 

2019 оны долдугаар сарын 3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай тэмцэх газар Ш.Батхүүгийн 190 орчим тооны хөрөнгийг илрүүллээ. Нийт үнэлгээ нь 98 орчим тэрбум төгрөг болно. Эдгээр хөрөнгийг нээлттэй зарж “Эрдэнэт”-ийн Эрсдэлийн сангаас гаргасан зардлыг төлүүлж, хохирлыг нь барагдуулах арга хэмжээ авна” гэж  мэдэгдэв. Процедураараа шүүхийн байгууллагаар Ш.Батхүү нарын хэргийг шүүж, шийдвэр гарсны дараа хөрөнгийг нь зарах эсэх асуудал яригдах аж.  

2020 оны долдугаар сарын 24. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэлэлцэв.  Улмаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 5-ны 10:00 цагт хийхээр  товлосон ч хойшилж, 2020 оны аравдугаар сарын 5-нд хийхээр болж, дахин товложээ. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж