УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төсөл бол Монгол Улсын 2021 оны төсөв болон түүнийг даган өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. Төсөлд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13.9 их наяд төгрөг буюу 30 хувь, төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгажээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж, 2020 оны төсөвт тодотгол хийсэн бөгөөд 2021 оны төсвийг ч мөн цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулжээ. Ингэхдээ,
- Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг 2021 онд бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх
- Цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэх,
- Бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор ирэх 2021 онд татвар нэмэхгүй, татварын хувь хэмжээг тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж татварыг бүрэн хураах, орлогын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийх явдлыг бууруулах дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
- Төсвийн урсгал зардлыг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн түвшинд нийцүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн даатгал, нийгмйин хамгааллын үйлчилгээг коронавирусийн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалж, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
2021 ОНЫ ЗУРГАДУГААР САР ХҮРТЭЛ ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО
Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа ирэх оны зургадугаар сарыг дуустал хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор тусгасан байна. Нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сард гаргаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд нийт 547.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Мөн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар дээрх мөнгөн тэтгэлгийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан юм. Хүүхдийн мөнгийг 0-18 хүртэлх насны хүүхдэд олгодог юм. Анх 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.
ИРЭХ ОНД 42 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО
2020 онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч коронавирусийн цар тахалтай холбоотойгоор нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнээс бага байсан. Тиймээс ирэх онд цар тахал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зэргийг тооцоолж, нүүрсний экспортоо тооцох ёстой. Тэгвэл эрх баригчид ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолжээ.
Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ 2020 оны эхний найман сарын дунджаар 130.5 ам.долларт хүрсэн нь 2019 оны дундажтай харьцуулахад 26.3 хувиар буурсан үзүүлэлт байсан. Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан хэдий ч олон улсын судалгааны байгууллагуудаас БНХАУ-ын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор 2021 онд нүүрсний үнийг тогтворжино гэж таамаглаж ийн 42 сая тонноор төсөөлжээ. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон гарц” түр журам болон гаалийн шинэчлэлийн үр дүнд боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого нүүрснээс төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.
Харин зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 6,500 ам.доллар, экспортын хэмжээг олон улсын зах зээлийн хандлага, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын төлөвлөгөөнд үндэслэн 1.4 сая тонн байхаар тооцож, 2021 онд 1.5 их наяд төгрөгийн орлогыг зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлэх гэнэ.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ “ЧАНГАЛНА”
Монгол Улсад үр ашиггүй, зардал ихтэй, орлого багатай, өртэй олон төрийн өмчит компаниуд бий. Тэгвэл 2021 оны төсвийн орлого, зарлагыг танах чиглэлээр төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг “чангалж” эхлэх гэнэ. Эдгээр компаниудын үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэх удирдлагыг ажлын үр дүнтэй уялдуулан томилох, чөлөөлөх, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллана.
Ингэснээр төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлдөг татвар, ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж тооцжээ.
НДШ-ИЙГ 17 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРУУЛНА
Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн шинэчлэлийг хэрэгжүүлж, чанарыг дээдэлсэн боловсролын шинэчлэлийг эхлүүлэхээр тусгажээ. Коронавирусийн халдварын цар тахлын эрсдэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэх юм байна. Энэ хүрээнд,
Коронавирусийн халдварын эрсдэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харгалзан шимтгэлийн “чөлөөлөлт”-ийн арга хэмжээг 2020 оны 10-12 дугаар саруудад шимтгэлийн “хөнгөлөлт” үзүүлж, аж ахуйн нэгж, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч 5 хувь, даатгуулагч 5 хувь байхаар тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч аж ахуйн нэгжүүд болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээ 22 хувиар төлж эхэлсэн. Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуй нэгжид ажиллаж байгаа даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг бууруулахаар төсөвт тусгажээ. Одоо 20-22 хувь байгаа НДШ-ээс ажилгүйдэл, тэтгэмжийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3-5 пунктээр бууруулж, 17 хувьд хүргэнэ.
2021 ОНД ОРЛОГЫГ 11,8 ИХ НАЯД БАЙХААР ТООЦЖЭЭ
Ирэх онд татвар нэмэхгүйгээр бизнесийн орчныг дэмжиж, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гадаад худалдааг эрчимжүүлж, технологийн дэвшил ашиглан татварыг хялбаршуулан бүртгэлийг сайжруулж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэн, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилж нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 2.4 их наяд төгрөг буюу 22.4 хувиар нэмэгдүүлэн 13.1 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөгийг, Ирээдүйн өв санд 1,180.1 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дагуу тооцсон тэнцвэржүүлсэн нийт орлого 2021 онд 11.8 их наяд төгрөг байна. Үүний 91.2 хувь буюу 10.8 их наяд төгрөгийг татварын орлого, 8.8 хувь буюу 1.0 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлнэ гэж төсөвт тусгажээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ДАВХАРДСАН, ИЛҮҮДЭЛ ОРОН ТОО ДУНД ХУГАЦААНД ХЯЗГААРЛАНА
Сангийн сайдын хэлснээр зардлыг 2020 оныхоос танаж, тэвчиж болох зардлуудыг танасан гэж тайлбарласан. Улсын нийт урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл цалин хөлс 22 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 18 хувь, зээлийн хүүгийн зардал 11 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 49 хувийг тус тус эзэлж байна.
- Төрийн албан хаагчийн цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны түвшинд хадгална.
- Төрийн албан хаагчийн орон тоог цахим системээр хянан баталгаажуулж, давхардсан болон илүүдэл орон тоо, цалин хөлсний зардлын өсөлтийг дунд хугацаанд хязгаарлана.
- Коронавирусийн халдварын цар тахлын эрсдэлтэй нүүр тулж ажиллаж байгаа төрийн байгууллагаас бусад төсөвт байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг бууруулна.
- Тусгай зөвшөөрөл олгох процесс болон иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулж, эдгээртэй холбоотой орон тоо, урсгал зардал, цаг хугацааг хэмнэнэ.
- Төрийн албан хаагчийн гадаад, дотоод томилолт, хурал зөвлөгөөн, сургалт семинарын үйл ажиллагааг цахимжуулж холбогдох зардлыг хэмнэнэ.
2021 ОНД ТӨСВӨӨС ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ
Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4,998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг.
Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62,263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл коронавирусийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.
Эцэст нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын Засгийн газраас оруулж ирсэн төсвийг “дураараа” өөрчилж, нэмж, хасах эрхгүй болсон гэдгийг тодотгоё.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ