Ш.Энхийн-Од багаа хасагдах аюулаас аврав

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Од багаа хасагдах аюулаас аврав

Ш.Энхийн-Од багаа хасагдах аюулаас аврав

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатны тоглолтууд өчигдөр/2020.10.07/ Спортын төв ордонд тун өрсөлдөөнтэй боллоо.


  • Алдар Танан Гарьд 102 – 88 23 Storms

Цувралын эхний тоглолтондоо хожигдсон ч хоёр дараалан ялалт байгуулаад байсан аваргаа хамгаалагч "Алдар танан гарьд" баг лигийн шинэ цэрэг "23 Storms" багийг гурав дахь удаагаа ялж, цувралд давуу байдлыг үүсгэлээ. "23 Storms" багийн тухайд цувралын турш тоглолтын эхлэлийг сайн тавьж байгаа ч гурав болон дөрөвдүгээр үед тун хангалтгүй тоглож, төгсгөлийг тааруу хийж байна. Тус багаас цувралын дөрөв дэх тоглолтонд Т.Их-Уул бэртлээсээ эргэн ирж гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн нь сайн мэдээ болсон. Гэвч тэрбээр талбайд 38 минутыг өнгөрүүлэхдээ ердөө долоон оноо авч довтолгоонд идэвхигүй байв. Харин багийн гол лидер Г.Баттөр 28 оноо аван бүх тоглогчдыг тэргүүлсэн ч долоон удаа бөмбөгөө алдсан нь мөн л бүх тоглогчдыг тэргүүлэх тааруу үзүүлэлт болжээ. Түүнээс гадна лигийн туршлагатай тоглогчид болох Ц.Азбаяр 18 оноо, Д.Мөнхтүвшин 17 оноо тус тус авсан ч энэ нь ялахад хангалтгүй байлаа.

Алдар Танан Гарьд багаас лигийн хоёр удаагийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналт Г.Билгүүн энэ өдөр 19 оноо, 12 самбараас бөмбөг авалт, гурван бөмбөг таслалтыг толилуулж, багаа ялахад чухал үүргийг гүйцэтгэв. Харин цувралын гурав дахь тоглолтын гол баатар М.Тэлмэн 21 оноо, долоон ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ багийнхаа нөхдийг тэргүүлсэн. Мөн тус багийн шилдэг мэргэн буучид болох О.Ууганбаяр 19 оноо, Б.Мөнхболд 14 оноо тус тус аван үүргээ сайн биелүүлсэн.

  • Хан-Уул Хангарьд 93 – 86 SBL Хасын Хүлэгүүд

Цувралыг 3:0 гэж тэргүүлж эхэлсэн "SBL Хасын хүлэгүүд" баг энэ өдөр цувралыг дуусгах гэж талбайд гарсан ч "Хан-Уул Хангарьд" баг амар бууж өгөхгүй гэдгээ харууллаа. Ялангуяа тус багаас энэ жил 18 нас хүрэх Ш.Энхийн-Од “галзуурав”. Тэрбээр 40 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 34 оноо, есөн самбараас бөмбөг авалт, зургаан оновчтой дамжуулалтыг үзүүлж, багаа плей-оффд үлдээж чадлаа. Харин "Хасын Хүлэгүүд"-ээс багийн ахлагч Б.Билгүүн 25 оноо, арван самбараас бөмбөг авалт тус тус аван багийн нөхдөө тэргүүлсэн бол З.Доржсүрэн бэртлээсээ эргэн ирснээ зарлаж, 15 оноо, энэ жилийн плей-оффд сайн тоглолтыг үзүүлж буй С.Өрнүүнбилэг мөн 15 оноо авчээ.

Дээд лигийн плей-оффын ээлжит гал гарсан тоглолтууд маргааш/2020.10.09/ Спортын төв ордонд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж