Т.Мөнхсайхан: Аль болох Монголдоо иргэдээ эмчилдэг болно

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

LiveТ.Мөнхсайхан: Аль болох Монголдоо иргэдээ эмчилдэг болно

Posted by News.mn on Wednesday, October 7, 2020

12 : 43
2020-10-8

ЭМД-ын үндэсний зөвлөлийн даргаар сайд Т.Мөнхсайханыг томиллоо

“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарыг томилох тогтоолын төслийг УИХ-аар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Жилдээ 100 орчим хүн эх орондоо эмчлэгдэх боломжгүйн улмаас гадаадад орныг зорьдог. Нийгмийн сүлжээнд эмчилгээний зардал мөнгө  гуйсан нөхцөл байдлыг бид бүгд харж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд Эрсдэлийн сан гэж бий. Жилд 30 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Энэ сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй  иргэдэд  100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмэгтэй гишүүд ч энэ талаар ярьж байгаа. Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадагшаа эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт нь гарсан иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг больё. Одоо бол 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг, энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд онцгойлон анхаарахыг хүсье” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Аль болох дотооддоо эмчилдэг болох тэр боломжоор нь хангах, гадаадын эмч нарыг авчирч ард иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллана. Аль болох гадагшаа урсгалыг зогсооно. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний  зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар хуульд тусгасан байдаг. Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Ч.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Мардай” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганхүү,“Макро эдийн засаг ба Эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэддагва нар төлөөлдөг. Тэднийг  2017 онд таван жилийн хугацаатай томилсон учраас чөлөөлөгдөх хугацаа нь дуусаагүй байгаа юм.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.

10 : 55
2020-10-8

Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх гадаадын хуулийн этгээд зөвшөөрөл авна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Чухал хууль орж ирлээ. Өнөөдөр анхаарах ёстой асуудлын нэг нь кино. Залуучууд хүмүүжлээ өвөө, эмээгээсээ авдаг байсан бол одоо больчихсон. Солонгос киногоор залуу үеэ хүмүүжүүлдэг болсон энэ үед кино урлагтаа мөнгө зарцуулах гэж байгаа нь зөв. Хожимдсон ч гэсэн хэлэлцэж байгаа нь зөв. Шашин, урлаг бол хүнийг зөв хүмүүжүүлэхэд чухал. Энэ бүхнээ бид 1990 оноос хойш орхигдуулсан. Мөнгийг чухалчлах биш хүнээ хөгжүүлье гэвэл мөнгө хаях хэрэгтэй. Өнөөдөр залуучууд мөнгөний төлөө амьдардаг буруу хүмүүжлийг нийгэм бий болголоо. Эх орондоо ихийг хийх залуучууд нь гадагшаа явцгаачихсан. Үлдсэн нь эндээ хэрэлдэж, сошиалд амьдарч байна. Хошин урлаг ч гэсэн амьдралын болж, бүтэхгүйг харуулж байгаа. Ухаарлыг тайзнаас, дэлгэцнээс авах ёстой. Төсөл хөтөлбөрүүдийг хангалттай бид гаргасан ч харамсалтай нь хэрэгждэггүй. Энэ хууль бодитоор хэрэгжиж чадах уу. Дахиад л цаас болж ширээн дээр үлдэх вий.

Соёлын сайд С.Чулуун: 

Үнэ цэнэтэй монгол хүнийг бий болгоход энэ хууль түлхэц болно. Таны хэлж байгаа нь үнэн. Санхүүжилтгүй олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Энэ хууль батлагдсанаар кино урлагтийг дэмжих сангаас төр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээс гадна бусад хэлбэрээр сангаа аривжуулах нь зөв. Энэ сангийн мөнгө зээлийн хэлбэрээр олгогдоно. Гадаад контентуудыг хязгаарлаж, 50 хүртэлх хувь нь үндэсний контент байна гэж Соёлын тухай хуульд тусгагдсан. Бид энэ чиглэлд түлхүү анхаарна.

 УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

Соёлын яам ажиллаж байна. Хүнд хэцүү цагт энэ яамыг байгуулсан. Яам чиглэл бодлоготой ажиллаж байна вэ. Урлагийн олон салбар дундаас кино урлагийг чухалчилж байгаа нь ямар учиртай юм бэ. Кино урлагийг татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих нь хэр зохистой юм бэ. Үзэл суртлын машин болох юм биш биз. Дэмжвэл дэмжихээр  урлагийн олон салбар байна. Ялангуяа сонгодог урлаг, балет, дуурийн салбарын залуус дэлхийн тавцанд амжилттай явж байна. Энэ чиглэлд анхаарах нь илүү үр дүнтэй юм бишүү. Хаалттай нийгэм рүү явах юм биш биз. Хэн мөнгөө төлсөн нь эзэн болно. Кино урлагийг дэмжих 10 тэрбум төгрөгөө хэн гэдэг, ямар хүнд өгөх юм бэ. Хэн рүү чиглэгдсэн бодлого вэ. Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна. Оронд нь сонгодог урлагаа дэмжмээр байна.

Соёлын сайд С.Чулуун:

Хууль бол маш олон жил яригдсан.  2019 онд өргөн барьсан. Дэлхийн бүх улс орнууд, ямар ч дэглэм системтэй байсан өөрийн  кино урлагийг зохицуулах хуультай. Бараг бүс нутагтаа ганц хуульгүй нь манай улс байх. Соёлын салбарт ангилж, ялгасан, эрэмбэлсэн зүйл байхгүй. Бид бүх чиглэлд тодорхой бодлого байр суурь, гарах үр дүнтэй ажиллаж байгаа. Гурван хуулийг өргөн барьсан.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Кино урлагаар дамжуулж нийгмийг соёлжуулах, ёс зүйтэй болгох хэдий ч нөгөө талдаа үзэл суртал, нийгмийг буруу зүгт нь залах хэрэгслүүр болчихоод байгаа шүү. Сүүлийн үед хийгдэж байгаа монгол кинонууд залуучуудыг буруу зүйлд уриалсан, ёс зүйн зохисгүй агуулгатай байх нь түгээмэл байна. Хуулийн төслөөр кино урлагийг дэмжинэ гэж байгаа ч тухайн киноны хийц, түгээлтэд хяналтын зохицуулалт хэрэгтэй. Агуулгад нь цензур тавих шаардлагатай. Кино түгээх насны ангиллыг хуулийн төсөлд оруулсан байна. Энэ ангиллыг хэрхэн авч үзсэн юм. Олон улсад бол маш олон ангилал байдаг. Гэтэл хуулийн төсөлд гуравхан ангилал байна, илүү олон байсан нь зөв.

Соёлын сайд С.Чулуун:

Нэлээд ярилцаж байгаад насны гурван ангиллыг оруулсан. Олон улсад тав хүртэлх ангилал байдаг. Энэ талаар ажлын хэсэг эргээд  ярих байх. Бие даасан Соёлын яамтай болоогүй байхад нь энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр аль аль асуудлыг яам, агентлаг нь хариуцах уу гэдгийг тодорхой болгох байх. Насны ангиллыг хуулиар биш журмаар зохицуулах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэ хуулв батлагдсанаар кино салбартаа дэмжлэг болж чадах уу. Монгол Улсын тусгаар тогтнол, түүх соёлыг мушгин гуйвуулсан чиглэлээр зураг авалт хийхийг хязгаарлаж, түүх соёлоо сурталчилсан киног монголын төрөөс бодлогоор дэмжинэ гэж оруулсныг дэмжиж байна. Харин бусад асуудлыг бол дэмжихгүй байна. Кино үйлдвэрлэх зөвшөөрлийг нь Соёлын яам өгөх юм байна. Ингэж болох уу. С.Чулуун сайд бүх талын мэдрэмжтэй хүн байж чадахгүй л дээ. Тэгээд ч зөвшөөрөл өгөөд кино урлагийг хөгжүүлнэ гэж байхгүй. ОХУ, Унгарын туршлагыг судалсан гэнэ. Энэ хоёр улсад кино урлаг нь тийм айхтар хөгжчихсөн юм уу. Киноны зураг авалт эхлэхээс өмнө 14-өөс доошгүй хоногийн өмнө Соёлын яаманд хүсэлтээ хүргүүлнэ. Соёлын яамны зөвшөөрөлгүй зураг авалт Монгол Улсад хийхийг хориглоно гэсэн байна. Зураг авалт  зөвшөөрөлгүй хийвэл хувь хүнийг 1 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно гэж заасан байна.  Ийм байж болох уу. Бүх кинонд та зөвшөөрөл өгч яах гэж байгаа юм.

Соёлын сайд С.Чулуун:

Та хуулийн төслөө буруу ойлгосон байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хуулийн этгээд зураг авалт хийхдээ зөвшөөрөл авна. Түүнээс биш Монгол иргэнд хамаарахгүй. Манай улсын иргэн Хятдад очоод киноны зураг авалт хийх ямар ч боломжгүй. Төр улс нь хянаж байдаг. Монгол Улсын иргэн Монголын нутаг дэвсгэртээ кино хийхдээ надаас зөвшөөрөл авахгүй. Кино үйлдвэрлэгч нартаа зөндөө уулзсан. Кино урлагийг дэмжих хуулийг эрхзүйн зохицуулалтыг нь гаргаад өгчихвөл болно гэдгийг бүгд хэлж байгаа.

Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох  байнгын хороонд шилжүүллээ.

 

09 : 47
2020-10-8

Н.Алтанхуяг: МАН-ын гишүүд орон нутгийн сонгуулиар гаргаад өг гээд солиороод явцгааж байна

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Дээд шүүх дээр хэдэн мянган маргаан овоорсон гэж ярьж байгаа. Иргэний хэргийн нэг шүүгч дундаж ачааллаасаа 1.5-2 дахин ачаалалтай. А   жлын өдөр нэг шүүгч хамгийн багадаа хоёр хэрэг маргааныг шийдвэрлэдэг буюу зохиомол ачаалал үүсгэсэн. Нөгөө талаараа анхан болон давж заалдах шатны бүх хэрэг маргааныг хянан хэлэлцэх замаар шүүх босоо удирдлагатай болсон. Хонгил үүсгэдэг. Энэ хонгилыг нураах боломж нь Цэцийн дүгнэлтээр бий боллоо. Энэ дүгнэлтийн дагуу Иргэний хэрэг захиргааны хэргүүд дээр хууль тогтоогч УИХ мөн дээд шүүхийн бүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэлтийг хязгаарлах ийм боломж бүрдсэн гэж ойлгож болох уу.

Цэцийн гишүүн Г.Баясгалан хариулт өгсөнгүй. Учир нь Цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуугаагүй учир хариулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгов. Тодруулбал, УИХ-ын дэгийн тухай хуульд Цэц Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанд шууд танилцуулна. Гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал гаргаж, шийдвэр гаргахгүй гэж заасан байдаг аж. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлттэй мөн танилцаад асуулт, хариултад Байнгын хороо Цэцийн хуралдаанд оролцсон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдох асуултад хариулт хийсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Өмнө нь УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж хариулт авдаг байсан. Гэвч Цэцийн дүгнэлтийг УИХ дээр шүүх нь зохимжгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтээр асуулт асуухгүй гээд Дэгийн тухай хуульдаа оруулчихсан. Тиймээс Цэц хариулт өгөх боломжгүй.

Үргэлжлүүлэн Зарим хууль, тогтоолын төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 С.Бямбацогтын тайлбарыг сонсохгүй шүү. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэтэл хариулах хүн байхгүй гээд нэрийг минь хаслаа. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хааж байгаа юм. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь солиороод орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой биздээ. Яагаад гишүүний үг хэлэх эрхийг хасаж байгаа юм бэ. Саяны Цэцийн дүгнэлт хэлэлцэгдээгүй. Хэрэв та нар хэлэлцсэн гэж үзвэл би Үндсэн хуулийн цэцэд хандана.УИХ-д 65 суудал авсан чинь хангалттай. Эхний асуудал дээр үгээ хэлмээр байна. УИХ-ын дарга аа, ингэж болохгүй. Дахин хэлэлцэх ёстой. Чухал асуудал байсан. Надад асуух асуулт байсан. Асуулт асуухгүй юм бол энд суух хэрэг байгаа юм уу. Сонгуулиас сонгуулийн хооронд худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Одоо орон нутгийн сонгуулиар гаргаад өг гээд явцгааж байна, та нар. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

УИХ-ын Тамгын газар Н.Алтанхуяг гишүүнд хууль зүйн зөвлөгөө өг. Асуудал хэлэлцэгдээгүй. Танилцуулсан.  Хуулиа дээдэл.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

Хууль танилцуулаад байх юм байхгүй. Цэц дээр уулзъя. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Маргалдаад яахав. Гишүүд хуулиа сайн судалж уншмаар байна. Хуулиа уншаад хуулийн дагуу яримаар байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж