Хивсний үйлдвэрийн хүний нөөцийн ажилтнаас эхлээд Хүн ам хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч зэрэг төрийн албан тушаалыг шат дараатай өгсөж, удирдах арга барилд олон жил бэлтгэгдсэн бүсгүйг ярилцлагын хоймортоо урилаа. Баянгол дүүргийн 12 дугаар хороонд амьдралынхаа 20 жилийг өнгөрүүлсэн энэ эмэгтэйг Гочоогийн Нарангэрэл гэдэг.
-Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил ажиллаж, цаашлаад та нарыг дахин төлөөлж Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд /ИТХ/-д ажиллахыг хүсэж байна хэмээн дүүрэгтээ, хороондоо өрсөлдөхөөр ирж буй Г.Нарангэрэл бүсгүйтэй цөөнгүй хүмүүс танилцахыг хүсэж байгаа. Би ч бас таны тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна?
-Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Хоёр ах, нэг эмэгтэй дүүтэй. Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ажил, амьдралын гараагаа хивсний үйлдвэрээс эхэлж байлаа. Дараа нь “Монгол кран, лифт” компанид Гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад ХАХНХЯ-нд ахлах мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга болтлоо ажилласандаа. Харин 2016 оноос хойш Баянгол дүүрэгтээ Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Ардчилсан намын дэд дарга, Баянгол дүүргийн ҮБХ-ны гишүүн, Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгээд таны өмнө сууж байна даа.
-Аав, ээж хоёрынхоо талаар эргээд дурсвал. Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Манай хөршийнхөн Гочоо гуайнх гэж бурхан шиг л хүмүүс гэж ярьдаг байсныг сонсож л байлаа. Хүүхэд байхдаа гайхдаг байсан ч хожмоо энэ үг хэчнээн том хүндлэл байсныг ухаарч билээ. Архи дарс, гэр бүлийн хэрүүл маргаан гэж байхгүй бүгд л дор бүрнээ хичээл сургуульдаа явж, ажлаа хийцгээнэ. Аав ээж хоёр маань биднийг зөв хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө л нэг насаа зориулцгаасан. Би багадаа уран гимнастикаар хичээллэдэг, онц сурдаг хүүхэд байлаа. Ээж бидний бүх л асуудлыг зохицуулдаг, туйлын нямбай, аав харин гэрийн хойморт дүнхийгээд сууж байдаг их л дуугүй хүн байсныг тодхон санадаг юм.
Хийж дуусгаагүй, эхлүүлсэн олон ажлаа дуусгахаар дахин нэр дэвшиж байгаа юм
-Дүүрэг, хорооныхоо аж ахуйн асуудлыг шийднэ ээ, хүн нэг бүрийн зовлонг сонсож, тэдний төлөө зүтгэнэ гэсэн улс төрийн шийдвэр гаргах мэдээж амаргүй. Та яагаад төрийн албанаас татгалзаж, улс төрийн ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Өөрийнхөө 20 гаруй жил амьдарч байгаа хорооныхоо асуудлыг жижиг гэхгүй шийдэхийн тулд ажиллаад үзье гэж бодсон л доо. Орон сууц хувьчлагдаагүй байх үед 13 дугаар хорооллол дахь аавынхаа гурван өрөө байрны нэгэнд нь би ханьтайгаа, хоёр хүүхэдтэйгээ, нөгөө өрөөнд нь миний дүү гэр бүлээрээ амьдарч байсан. Хивсний үйлдвэрт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа ч энэ дүүргийн зам талбай, гудамжаар ажилдаа явдаг байлаа. Хивсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны асуудлыг шийдэх үед аавынхаас өрх тусгаарлаж, XII хорооны “Бичил” хороололд нүүж ирсэн түүхтэй. Миний хоёр хүү ч тэнд эрүүл саруул өсөж, торниж, өрх тусгаарлах хүртлээ амьдарсан. Тиймээс л залуу халуун нас, дурсамж бүхнээ үлдээсэн хорооныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах гэж дөрвөн жил ажиллаж, дахиад ч хийж дуусаагүй олон ажлаа хийхээр нэр дэвшиж байна.
-Ирэх дөрвөн жилд та дүүргийн, хорооны иргэдийн төлөө юу хийхээр зорьж байна. Ямар бодлого гаргаж тавив?
-Гурван том малгай хөтөлбөр манай дүүрэгт бий. Төрийн ажил, төрийн үйлчилгээ жигд явж байдаг. Гэхдээ гурван том бодлогоо цаашид тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилго, зорилт байгаа. Мөн өмнө хэлсэнчлэн хорооныхоо хоёр талын орц гарцнаас гадна хороолол дундах замуудаа шинэчилье. 2020-2024 онд түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргалаа. Нөгөөтэйгүүр, амины орон сууц хөтөлбөрийг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ. Манай дүүргийн найман хороо гэр хороолол. Ертөнцийн зүгээр хойд талдаа байрладаг. Агаар, хөрсний бохирдол, модон жорлонгийн асуудлыг шийдэх үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэд бүтцийг нь дүүргээс шийдэж өгөх зарчмаар явах юм. Хашааны багтаамжаар сонголтоо хийгээд барилгын материалын зээл аваад байшингаа барих зарчмаар ажил явна. Энд төрийн дэмжлэг маш чухал. Төвлөрсөн дулаан хангамж, ус бохирыг нь шийдээд өгчихөөр тухайн айл бараг л орон сууцанд орчихсон юм шиг амьдарна шүү дээ. Дахин төлөвлөлт хэдий явж байгаа ч заримдаа бэрхшээл их бий. Тухайлбал, нэг газартаа 40, 60 жил амьдарчихсан, тэр хашаандаа хүү , охинтойгоо амьдарч байгаа айл зөндөө бий. Гэтэл дахин төлөвлөлтийн компани ирээд 60 м/кв хоёр өрөө байраар солино гэхээр тэр гурван айл хоёр өрөө байранд багтах уу. Тиймээс дэд бүтэц, дулаан, усны асуудлыг нь шийдчихвэл га газартаа дөрвөн тал руу харсан хаалгатай хаус бариад амьдарвал илүү боломжтой байгаа биз. Энэ мэтээр сонголт өгөх хөтөлбөрийг бид хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадна пасадны дулаалгын том хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр дүүргийн өнгө үзэмж ч сайжирч, иргэд ч дулаан тохитой байрандаа үргэлжлүүлэн амьдрах боломж бүрдэх юм. Энэ бүхнийг хийж эхлүүлсэн, хийхээр төлөвлөж байгаа хамт олныг үргэлжлүүлэн ажиллах боломжийг нь хангаж өгөөсэй гэж Баянголчуудаасаа хүсье.
Та эхлээд сайн аав ээж бай, дараа нь улс төр хий
-Завгүй ажлынхаа хажуугаар ээж, эхнэрийн үүргээ хэр биелүүлдэг бол. Ажлын бухимдал стрессээ гэрийнхээ гадна гээх таван ач таныг өдөр бүхэн л хүлээж суудаг байх нь?
-Яг үнэн. Тэр таван нөхрийн хажууд л хамгийн сайхан аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Ер нь гэртээ бол маш хурдтай ээж, эхнэр шүү. Оройтож очсон ч бүх ажлаа зэрэг амжуулна. Амралтын өдрөөрөө ч буйдан дээр хэвтэх завгүй өнгөрдөг дөө. Долоо хоногийнхоо хоол, мах, идэх зүйлсээ бэлтгэнэ. Миний хань маш мундаг хүн бий. Чи эмэгтэй, би эрэгтэй гэсэн явцуухан үзлээр хэзээ ч ханддаггүй. Хэн түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийчихдэг, хэн ажилтай байгаадаа санаа тавьчихна. Оройтож ирвэл халуун хоол хийгээд хүлээж байдаг тийм л сайн хань. Тийм ч учраас би энэ зэрэгт улс төр хийж, удирдах албан тушаал хашиж, иргэдийн төлөө сэтгэл тавьж, ажиллах боломжтой яваа юм. Манай хоёр хүү ч гэсэн эмэгтэй хүнийг маш сайн ойлгоно. Миний хоёр бэр өнөөдрийг хүртэл ээжээ, ааваа таниар хүүхдээ харуулна гэсэнгүй. Өөр, өөрсдийн хэмжээнд төр, хувийн хэвшилд ажиллаж байгаа ч хүүхдээ өөрсдөө хүн болгоно, өсгөнө гэдэг хариуцлагатай аав, ээжүүд. Миний хоёр бэр бас сайн ээжүүд шүү. Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг бол энэ дэлхийн ямар ч том албан тушаалтнаас илүү хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс эмэгтэйчүүдээ цаг ямагт хайрлаж, эхнэрээ үргэлж хүндэлж, хайрлаж яваарай л гэж хэлье. Үр хүүхдээ өсгөж том болгосны дараа ажилд ороход нь ч үргэлж дэмжиж, хажууд нь зөвлөж, хамтдаа урагшилж байвал гэр бүл бат бөх оршиж байдаг.
-Таны ажлын арга барил юу вэ?
– Би ойлгомжгүй хүмүүстэй ажиллах их дургүй. Гарцгүй ажил байсан ч гэсэн шийдлийг нь хамтдаа боддог, хамт олчих юмсан гэж хичээнэ. Би яагаад бухимдав, чи юуг нь буруу хийсэн бэ гэдгийг маш сайн ойлгуулахыг хичээдэг. Тийм ч учраас хоёр хүүхдээ үзэл бодлоо илэрхийлдэг, юу бодож байгаагаа хэлдэг байх ёстой гэж сургасан. Цаг ямагт уулзаад, өдөр бүхэн хамт байхгүй ч утсаар ярихдаа, уулзахдаа ханьдаа, ээж, аавдаа, үр хүүхэддээ нээлттэй бай гэж хэлдэг маань л нөлөөлсөн байх. Ойлгоцол гэдэг ажлын талбарт ч гэр бүлд ч маш чухал. Тийм ч учраас “Өнөөдөр би ийм ажилтай. Тэдэн цаг гэхэд тарчихна. Өнөөдөр ийм ажил амжуулаад ирлээ” гэх мэтээр бүх зүйлсээ ойлгомжтой байлгахыг хичээдэг. Тэгж байж гэр бүл бат бөх, ойлголцол дээр амьдрал оршин тогтноно. Ажилтай явж, явж ирээд л бусдад бухимдсан уураа гэртээ гаргаад байвал тэр гэр бүл хүйтэн хөндий, тэнд байгаа хүүхдүүдийн амьдралд ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс л ажил, амьдралаа зөв хослуулж, аль алийг нь орхихгүй авч явахыг зорилго болгодог. Ерөөсөө л та эхлээд сайн ээж, аав бай. Энэ бол хамгийн том үүрэг. Түүнийхээ дараа улс төр, нийгмийн ажлаа хийх ёстой юм шүү.
-Та улс төрийн сонголт хийхдээ яагаад АН-ыг сонгож байв. Социализмын үед ажлын байранд гарсан залуус ихэвчлэн Ардын намын улаан батлах өвөртөлж байлаа шүү дээ?
-Миний хань 1990 оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож байсан юм. Ил гарч зурганд орж, эрх мэдэлд очоогүй ч талбай дүүрэн зогсож байсан олон залуусын нэг нь байлаа. Намайг хивсний үйлдвэрт ажиллаж байхад нөхөр маань арьс, ширний үйлдвэрт ажиллаж байсан юм. Тухайн үедээ сургууль, цэцэрлэгээс хэн түрүүлж харьсан нь хүүхдээ авна. Гэтэл заримдаа би ажилтай оройтож хүүхдээ аваагүй байхад манай хүн аваагүй, аав ээжээр авахуулчихсан байх жишээтэй. Тэгээд асуухаар манай хүн “Талбай дээр зогсож байгаад ирлээ” гэсэн ганцхан хариулт өгнө. Ингэж л ардчиллын үйл хэргийн төлөө, зах зээлээ дагаад хүмүүс хөгжих ёстой гэсэн үзэл бодлоор хандаж байсан учраас би ч дагаад тэр үзэл бодолд л хөтлөгдсөн байх. Хань маань Германд сурчихсан, хөгжингүй орнуудыг харчихсан учраас тэдгээр улс орнууд шиг хөгжих ёстой гэсэн үзэл бодлоор ардчиллыг дэмждэг байсан гэж ярьдаг юм. 1990-ээд оны үед ардчилсан хувьсгалыг магнайлж явсан хүмүүсийг хивсний үйлдвэртээ урьж лекц уншуулах ажлыг зохион байгуулах багт би багтчихсан явж байлаа. Үзэл бодол, үнэт зүйлийн хувьд нэгдэж байсан учраас жагсаал, цуглаанд оролцож, хурал зохион байгуулж, дэмжиж явсан юм. Ардчилал ялснаараа амьдралд хожсон, оносон зүйл маш их учраас өнөөдрийг хүртэл тэр үзэл бодлоосоо ухраагүй л явна. Том улстөрч биш хэдий ч нэг дүүргийн асуудал, нэг хорооны иргэдийн төлөө ажиллаж, тэдгээр иргэдийн эрх ашиг хаана нэгдэж байдгийг олж харсан учраас л АН-ыг сонгосон сонголтдоо харамсаж байгаагүй. Хүний анхан шатны хэрэгцээ болсон орон сууцаа хувьчлах, худалдаж авах, унах машинтай болох, хилийн дээс алхаж сурах, жагсаж тэмцэх эрх чөлөөг олж авсан юм шүү дээ.
-Цаг зав гаргаж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
Л.СУГАР
Холбоотой мэдээ