Тайванийн Ардчилсан прогрессив нам, сөрөг хүчний Гоминдан намууд санал нэгдэн тогтоол гаргаж, Гадаад харилцааны яамыг АНУ-тай албан ёсны дипломат харилцаагаа сэргээхийг уриалжээ. Үүнээс хоёр долоо хоногийн өмнө Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд Тайванийн Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд аюул заналхийлсэн мэдээлэл дамжуулсан юм.
Хоёр нам ийнхүү санал нэгдэж, хуулийн төслийг дэмжиж буйд олон шалтгаан, хүчин зүйлс байгаа бөгөөд тэдгээр нь бүгд БНХАУ-ын коммунист намын Тайваньд чиглэсэн түрэмгийлэлтэй холбоотой юм. Хоёр долоо хоногоос илүү хугацааны турш өдөр бүр БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн байлдааны онгоцууд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Тайванийн эзэмшиж буй агаарын аюулгүй бүсийг зөрчиж байгаа билээ.
Ийнхүү байлдааны онгоцоор хил зөрчсөөр байгаа нь Тайвань болон тэдний хамгийн ойрын холбоотон, Тайванийн хоолойд тэнгисийн цэргийн оролцоотой байдаг АНУ-ын цэргийн хариу үйлдэл харах гэсэн Бээжингийн далд санаа, өдөөн хатгалгын нэг хэсэг байж болох юм. Түүнээс биш БНХАУ-ын арми тогтмол нэг газартаа сургуулилалт хийдэг билээ.
Тайванийн сонгуульд Ерөнхийлөгч Цай Ин Вэн ялж, Бээжингийн хуурамч мэдээний санаа бүтэлгүйтэв. Гэвч сүүлийн үед дуулиан шуугиан дээд цэгтээ хүрч байна. Хятадын коммунист намын дэмжлэгтэй үндсэрхэг үзэлт "Глобал Таймс" есдүгээр сард Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн нийслэл Тайбэй хотдоо АНУ-ын төрийн өндөр албан тушаалтныг хүлээн авсан нь “галаар наадаж буй” явдал гээд энэ хэвээр ардчилсан засаглал, бие даасан байдлын төлөөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл “дайн дэгдэж, Цай Ин Вэнийг арчин хаях болно” хэмээн мэдээлсэн аж.
Үүнийг ажиглагчид Тайванийн ардчилсан зарчмаар сонгогдсон төрийн тэргүүний эсрэг төрийн мэдлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийсэн хүчирхийлэл, шууд заналхийлэл хэмээн үзэж байна.
Наймдугаар сарын эхээр АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээний нарийн бичгийн дарга Алекс Азар Тайваньд айлчилж, 1979 оноос хойш тэнд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болсон билээ. Мөн удалгүй есдүгээр сарын дундуур АНУ-ын төрийн департментийн элч Кит Крач нийслэл Тайбэйд буудалласан юм. Тайванийн хууль тогтоогчид Гадаад хэргийн яамыг БНХАУ-ын түрэмгийллийн эсрэг АНУ-д хамтрах хэрэгтэй хэмээн үзэж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар АНУ Тайванийг бие даасан улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа боловч батлан хамгаалах зорилгоор Тайванийн армид цэргийн техник хэрэгсэл тогтмол нийлүүлдэг юм.
Харин Хятадын коммунист намын хувьд Тайвань бол эртнээс сонирхол татсаар ирсэн сэдэв билээ. Бээжин Тайванийн арлуудыг өөрсдийн нэг хэсэг гэж үзэн, өөрсдөдөө нэгтгэхийг санаархсаар ирсэн. 2019 оны нэгдүгээр сард коммунист намын дарга Ши Жиньпин намын албан хаагч, цэргийн офицеруудад хандан “Хятад хүчирхэгжиж, үндэстэн залуужиж, тасарсан хоёр хэсэг эргэн нийлэх агуу түүхэн цаг үе айсуй” хэмээн хэлсэн аж.
Энэ бүхнээс Бээжин цэрэг дайчлахад бэлэн байгааг дүгнэж болохоор байна. Тиймдээ ч уг аюулаас сэргийлэхийн тулд Тайванийн эрх баригчид их хэмжээний зэвсэг худалдан авсан билээ. Есдүгээр сард Трамп Тайваньд долоон тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэх төлөвлөгөөг баталсан аж. Мөн энэ нь БНХАУ-ын арми Тайванийг эрчимтэй өдөөн хатгаж эхэлсэн үе юм. АНУ-ын нийлүүлж буй зэвсгүүд дунд далайн мина, дрон, далавчит пуужингууд багтаж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн нэг тэрбум ам.долларын зөрүүтэй хоёр дахь том наймаа болж байгаа юм.
Ийнхүү Тайвань том сөнөөгч онгоц гэх мэт үнэтэй зэвсэг худалдан авахын оронд хямд үнэтэй зэвсгүүдээс олныг авч байгаа нь тэд БНХАУ дайн эхлүүлбэл довтлохын оронд найдвартай хамгаалах аргад бэлдэж буй явдал хэмээн дүгнэж болохоор байна.
Өнгөрсөн жил Тайбэй хотын гадаад бодлого, олон улсын асуудалд анхаарлаа хандуулан судалдаг хүрээлэнгийн аюулгүй байдлын технологийн зохицуулагч Холмс Лиао “Тайванийн армийн батлан хамгаалах стратеги нь Хятадын хүчтэй байлдаанд орохоос урьдчилан тооцоолж, найдвартай хамгаалан эрэг дээр гарч ирмэгц нь устгах аргад шилжиж байна. Тайванийн хамгийн гол зорилго бол Хятадын ардын чөлөөлөх арми Тайванийн хамгаалалтыг сэтлэх, эсэргүүцлийг дарахад маш их өртөгтэй болгох явдал юм” хэмээн ярьжээ.
Тайвань бол БНХАУ, АНУ хоёр бие биедээ үргэлж цэргийн сануулга үзүүлдэг газар билээ. Тиймээс хоёр их гүрэн хоорондоо мөргөлдвөл Тайваний ойролцоо агаар болон усаар байлдах магадлал өндөр юм. Сүүлийн үед хоёр улсын сануулга улам ноцтой болж байгаа бөгөөд БНХАУ-ын үйлдлүүдээс харахад Хятадын ардын чөлөөлөх арми байдлыг улам хурцатгахад бэлэн байгаа бололтой. Мөн тэдний зүгээс АНУ Тайванийн ойролцоо цэргийн хүчээ хадгалахын тулд хэр хол явж чадахыг шалгах санаатай баж магадгүй юм.
Эх сурвалж: DAILYBEAST
Холбоотой мэдээ