Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.08-нд нийтлэгдсэн

Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсоноос зохиомлоор түгжрэл үүсгэх, цаашлаад хүний амь насыг эрсдэлд оруулах зэргээр олон сөрөг үр дагавар дагуулж буй.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 1.3 сая орчим иргэн жолооны үнэмлэхтэй бол бүртгэлтэй 1.1 сая тээврийн хэрэгсэл байна. Гэтэл 2020 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1.522.505 замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил бүртгэгдсэн нь зөрчил гаргаагүй жолооч бараг байхгүй гэж хэлж болохоор байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, хариуцлагагүй жолооч нарын буруутай үйлдлээс болж, энэ оны эхний есөн сарын байдлаар 46.567 зам тээврийн осол гарч, 317 хүний амь нас хохирсон аж. Мөн 2073 хүн гэмтэж, нийт 14.8 тэрбум төгрөгийн хохирол учруулаад буйг албаныхан хэллээ.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нийслэлд автомашины түгжрэл эрс нэмэгдсэн нь дүрмээрээ хөдөлгөөнд оролцдоггүй, торгуулиа төлдөггүй жолооч нарын хотын төв хэсгээр зорчих эрхийг хязгаарлавал ямар вэ гэдэг санал ч гарах болсон.

Бидний уулзсан 10 жолоочийн найм нь их, бага хэмжээгээр торгуультай гэдгээ хэлж байв. Тэднээс машин барьж байхдаа ямар зөрчил гаргасныг асуувал “Дугаарын хязгаарлалт зөрчсөн”, “Гэрэл дохио зөрчсөн”, “Эгнээ байр буруу эзэлсэн” гэдэг хариулт өгсөн юм.

“Жолооч хүнд хувь хүний хариуцлага заавал байх ёстой. Замын дундын гэрэл дохион дээр нэг ч жолооч зогсдоггүй. Уг нь тэр болгон дээр замын хөдөлгөөний дүрмээ биелүүлбэл, торгууль оногдуулахгүй шүү дээ. Тэд анхааралгүй явснаас л хүүхэд дайрч байна. Ер нь олон удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хариуцлагагүй жолооч нарын машин барих эрхийг нь шууд хасах хэрэгтэй. Тийм хариуцлагагүй жолооч нарт машин барихыг дэмжиж болохгүй.

Торгуулиа төл эсвэл эрхээ хасуулах хэрэгтэй. Энэ хариуцлагагүй байдал нь замын түгжрэлд ч гэсэн сөргөөр нөлөөлж байна. Зарим хүмүүс “Цагдаа нар хэтэрхий их торгож байна” гэдэг. Хэрвээ тэр жолооч замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөгүй л бол торгохгүй. Би ч гэсэн торгуультай. Нэг удаа Налайхын замд хурд хэтрүүлсэн. Саяхан III, IV хороололд явж байгаад эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гаргасан. Хотын иргэд бие биеэ хүндэлж, хариуцлагатай байх ёстой” гэдгийг жолооч Ц.Бумцэнд хэлсэн юм.

Харин жолооч Х.Батхоролоо эсрэг байр суурьтай байв. Тэрбээр “Өндөр торгуультай жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байгаа ч гэсэн машинаа худалдах, төрийн үйлчилгээ авахын өмнө заавал торгуулиа төлсөн байхыг шаарддаг. Тийм учраас их, бага хэмжээний торгуультай байсан ч гэсэн төлөх хөшүүрэг нь байгаа учраас дэмжихгүй байна. Ер нь торгуулийн арга хэмжээ авах нь зөв л дөө. Жолооч нар дүрмээ баримтлаад явбал торгуулахгүй шүү дээ. Миний хувьд сүүлд торгуулиа шалгахад торгуульгүй байсан” гэв.

Монголын Хүүхдийн ордны уулзвар дээр цагдаагийн албан хаагч ажиллаж байгаатай тааралдав. Тэрбээр таван жолоочийг зогсоож, дугаарын хязгаарлалт зөрчсөн 20 мянган төгрөгийн бэлэн бус торгуулийг оногдуулж, хамгийн ойр авто зогсоол машинаа байрлуулахыг зөвлөж байв. Энэ үеэр дугаарын хязгаарлалт зөрчсөн жолооч Э.Уранбайгаль “Миний хувьд өндөр торгуультай машины жолоочийг замыг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжиж байна. Зарим жолооч нар машинаасаа үнэтэй торгуультай байна шүү дээ. Тэр чинээгээрээ замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцож, эрсдэл дагуулж байгаа гэсэн үг. Надад замын нэгдүгээр эгнээгээр зорчсон хоёр торгууль байгаа. Би машиныхаа улсын дугаарыг Torguuli.mn сайтад хийж, торгуулиа шалгадаг” гэлээ.

“Хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа өндөр торгуультай машинуудыг ч гэсэн цэгцлэх хэрэгтэй. Харамсалтай осол гарч байгаа мэдээ дуулахаар л жолооч нь хурд хэтрүүлсэн, олон удаагийн торгуультай байсан гэж сонсогдох юм. Миний хувьд торгуультай. Яг хэдэн төгрөгийн торгууль байгааг шалгаж чадаагүй л явна. Яваандаа торгуулиа төлдөг л байх даа” хэмээн жолооч Д.Гэрэл хэлж байв.

Мөн “Надад торгууль байхгүй. Би 20 гаруй жил машин барьж байна. Жилдээ ганц нэг торгууль оногдуулж байснаас олон удаагийн зөрчил гаргаж байгаагүй” хэмээн замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч Д.Нямрагчаа хэлсэн юм.

"ТОРГУУЛИЙГ 15 ХОНОГИЙН ДОТОР ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ"

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдоос торгуультай тээврийн хэрэгслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Хууль зүйн сайдын 2015 оны А/188 тушаалаар батлагдсан бэлэн бус торгууль оногдуулах журмын дагуу зөрчил гаргасан жолоочид торгууль оногдуулдаг. Журамд зааснаар зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор шийтгэлийн хууудсанд заасан дансанд хийж, төлөх үүрэгтэй. Тогтоосон хугацаанд торгуулиа төлөөгүй бол цагдаагийн байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран төлүүлэх үүргийг хүлээсэн. Торгууль шийтгэлээ хугацаанд нь төлөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу дахин 20 хүртэлх мянган төгрөгөөр торгох торгуулийн заалттай.

Зарим жолооч нар тээврийн хэрэгслээ найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэндээ өгснөөр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр дээр олон удаагийн торгууль бичигдэх тохиолдол гардаг.

Тээврийн хэрэгслийг бүртгэх, оношлогоо, татвар, даатгалд хамруулах, жолоочийн үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу оногдуулсан бэлэн бус торгуулийг төлөхийг шаардаж, хэрэгжилтийг хангуулна гэж заасан байдаг. Тийм учраас тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх, улсын дугаараа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд  заавал торгуулиа төлсөн байхыг шаарддаг” гэв.

2020 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1.522.505 замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг  илрүүлж, арга хэмжээ тооцжээ.  Нөхөн төлөлт нь 68 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан 10 жолоочийн долоо нь хугацаандаа  торгууль шийтгэлээ төлдөг бол гурав нь огт төлөхгүй, дахин торгуулдаг гэсэн үг.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дүгээр зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан шаардлагыг сахин биелүүлнэ, түүнийг зөрчих юм бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэсэн заалт бий.

Торгуулийн санкцийн хувьд тухайн зөрчлийн нийгэмд учруулж буй хор уршгаас хамаарч, 10-400 мянга хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг. Хамгийн хүнд шийтгэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгуульж, нэг жилийн хугацаагаар жолоо барих эрхээ хасуулдаг. Хэрвээ эрхээ хасуулсан үедээ машин барих юм бол 30 хоногийн хугацаатай баривчилдаг байна.

"63 МЯНГАН ЖОЛООЧ 10-ААС ДЭЭШ УДААГИЙН ТОРГУУЛЬТАЙ"

Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “2020 оны есдүгээр сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 604.816 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн. Мөн 4.5 сая ширхэг торгууль огт төлөгдөөгүй байна. Үүний 63 мянган жолооч 10-аас дээш удаагийн торгуультай бөгөөд хамгийн их торгууль найман сая төгрөг байна. Мөн нийт жолооч нарын 44 хувь нь улсын үзлэг оношлогоонд хамрагдаагүй хөдөлгөөнд оролцож байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Нийслэлийн замын хөдөлгөөнд орж буй автомашины тодорхой хувь нь авто машиныхаа торгуулийг төлөөгүй байна. Ер нь жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр торгууль бичүүлж байгаа. Жолооч бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж чадвал торгуулахгүй, замын хөдөлгөөний ачаалал ч буурна. Зарим нарийн зам дээр урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх зэрэг зөрчлөөс болоод 30-40 минутын замын түгжрэлийг үүсгэдэг.

Хотын даргын А/1037 тогтоол шийдвэрийн дагуу “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам буюу авто машины дугаарын хязгаарлалтын журмыг баталсан. Үүний 2.3 зүйлд “Дараах тохиолдолд нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгосон зөвшөөрлөөр  тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтаас тодорхой хугацаанд чөлөөлж болно” гэлээ.

ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ ХЯЗГААРЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зориулагдсан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд өчигдөр /2020.10.07/ үүрэг болгожээ.

Үүнд:

Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах,

Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах,

Авто зогсоолын нэгдсэн системийн ажлыг яаралтай эхлүүлэх, хотын төвд барилга байгууламж баригдаагүй байгаа талбайг хувийн хэвшилтэй тохиролцон түр зогсоолуудыг яаралтай байгуулах, ашиглах ажлыг эхлүүлэх,

Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийх,

Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн шинэ системийг даруй нэвтрүүлэх,

Хот тохижилт болон зам засварын ажлыг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хэвшихийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох дарга нарт үүрэг даалгавар болгов.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж