"Баримал нь орон зайн урлаг учраас цаг хугацаа их шаардана" | News.MN

"Баримал нь орон зайн урлаг учраас цаг хугацаа их шаардана"

"Баримал нь орон зайн урлаг учраас цаг хугацаа их шаардана"

"Баримал нь орон зайн урлаг учраас цаг хугацаа их шаардана"

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, уран барималч Т.Даваасамбуугийн анхны бие даасан “Эгнэгт” үзэсгэлэн энэ сарын 2-ны өдрөөс “Монгол арт” галерейд нээгдээд байна. Тус галерей нь залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллах хүрээнд энэхүү үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж буй юм. Үзэсгэлэнгээ нээгээд удаагүй байх цаг мөчид уран барималч Т.Даваасамбуутай ярилцсанаа хүргэе.


-Таны бүтээлүүдэд морь голлох байр суурь эзэлдэг бололтой. Морины үйл хөдлөлөөр дамжуулан бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж явсан агуу түүх бидний өвөг дээдэст бий. Харин өнөөдөр гадаадад монгол хүнийг илэрхийлэх, нүүдлийн соёл ахуйг таниулах гол брэнд монгол морь. Харамсалтай нь, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн бидний ахуй соёл алдагдаж, нүүдлийн зан заншлаа мартахад хүрч байгаа нь харамсалтай.

Морь бол монголчуудыг илэрхийлэх нүүдлийн ахуй соёл, зан заншлын гол төлөөлөл учраас уран бүтээлээрээ эртний зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээхийг зорьдог.

Уран бүтээлд ч бас морийг илэрхийлэхэд сайхан мэдрэмж төрдөг. Хийморьлог, эрч хүчтэй, уян хатан хөдөлгөөнтэй байдаг. Үүнийг л барималд бодит атлаа хийсвэрлэг байдлаар дүрсэлж буулгахыг хичээдэг. Морь, хүн хоёрыг урладаггүй монгол бүтээлч гэж үгүй болов уу. Гэхдээ хүн бүр өөр өөрийн мэдрэмж, утга санаагаар тухайн амьтныг дүрсэлдэг. Хэрэв бид Европын урлагийг дуурайж, санаа авч нүд хуурах бүтээл хийвэл гадны хүний нүдээр сонин биш. Харин дэлхийд монголчуудыг таниулах гол зүйл нь ахуй.

-Анх барималч болсон түүхээсээ сонирхуулахгүй юу. Хамгийн анхны бүтээл нь юу байв?

-Багаасаа л баримал шавраар тоглох дуртай байсан минь уран баримлын урлагт хөтөлсөн. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж Хүүхдийн урлан бүтээх төвөөс эхлээд Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж төгсч байлаа. Би анхны бүтээлдээ их хайртай. Диплом хамгаалах ажилдаа зориулж “Өглөө” нэртэй адуучин залууг урлаж байсан. Уг бүтээлдээ адуундаа мордохоор зогсч буй адуучин залууг дүрсэлсэн. Эргээд бодоход оюутан байхдаа уран бүтээлийнхээ дийлэнх санааг гаргасан байдаг.

-Уран бүтээлчид өөр хоорондоо адилгүй. Өөрийн гэсэн урсгал чиглэлтэй, бүтээлүүд нь онцлог ялгаатай байдаг. Та уран бүтээлийнхээ чиглэлийг тодорхойлбол?

-Суурь урлагт тулгуурласан орчин үеийн баримал. Яг ямар "изм"-д хамаарагдахыг нь тодорхойлж чадахгүй байна. /инээв/ Кубизм юм уу гэхээр тусдаа, сюрриализм юм уу гэхээр сюррализмээс хэсэгхэнийг нь аваад хэлбэр формын хувьд өөр шийдлүүд ороод байдаг. Гэхдээ ер нь бол эрчтэй хөдөлгөөн, орон зайг чухалчилдаг. Бүтээлүүдийн маань өнгө бодит дүрслэлд хийсвэр зохиомжуудыг хослуулан дүрсэлдэг. Хамгийн чухал нь, тухайн илэрхийлэх гэж буй утга агуулга нь харагдаж байх ёстой.

Суурь уран баримлын гол төлөөлөл бол бат бөхөд тулгуурласан байдаг бол  би  аль болох хөнгөн, агаар дээр тогтсон мэт шийдэхийг илүүтэй зорьдог учраас морь гэхэд агаарт давхиж буй мэт, эмээлээ дэрлэж буй хүн гэхэд агаар дээр байх мэтээр дүрсэлж урласан.

-Таны хувьд анхны бие даасан “Эгнэгт” үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлд дэлгэсэн бол одоо “Монгол арт” галерейд урилгаар үзэгчдийн хүртээл болгоод байна. Цаашид ямар бүтээл дээр ажиллахаар зорьж байна вэ?

-Уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлд өнгөрсөн сарын 24-нд нээсэн. Энэ сарын 2-ны өдрөөс “Монгол арт”  галерейд үзэсгэлэнгээ гаргасан. Тус галерейн хувьд залуу уран бүтээлчдийг дэмжиж, хамтран ажилладаг нь их том хөрөнгө оруулалт болж байна гэж харж байна. Миний хувьд анхны бие даасан үзэсгэлэнгээ нээнэ гэхээр догдолж байсан ч сэтгэл ханах болоогүй байна. Үзэсгэлэнгээ нээхтэй зэрэгцэн илүү их хариуцлагатай байх ёстой гэж бодсон.

Анхны бие даасан үзэсгэлэнгээ “Эгнэгт” хэмээн нэрлэсэн учир нь үргэлжлэл гэсэн утга агуулгатай. Энэ удаа 24 бүтээлээ үзэгчдэдээ толилуулж байгаа юм. Бүтээл бүр өөр өөрийн утга санаа, өгүүлэмжтэй ч онцлох бүтээл нь “Тоонот” нэртэй цэцэрлэг, талбайн зориулалттай баримал.

Үүгээр үзэсгэлэнгийнхээ гол утга агуулгыг илэрхийлэхийг зорьсон. Цаашдын зорилго маань талбайн, паркийн зориулалттай баримал бүтээх. Ийм бүтээл Монголд ховор. Үндсэндээ хөгжөөгүй. Гэтэл баримал хүнийг тайвшруулж, хүмүүжүүлж, гоо зүйн мэдрэмж өгдөг. Хүмүүс зөвхөн галерейг зорих бус цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явахдаа баримлаас гоо зүйн мэдрэмж авч, тайвширч байх ёстой. Энэ утгаараа энэхүү урлагийг хөгжүүлж, хүмүүсийн хүртээл болгохыг зорьж байна.

-Хүүхдийн урлан бүтээх төвд багшлахын сацуу уран баримал урлана гэдэг бас л их цаг завгүй их ажиллах болдог юм шиг. Нэг томоохон баримал урлахад хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

 -Ямар ч  их ажилтай байсан уран бүтээлдээ хамгийн багадаа нэг цаг зарцуулдаг. Ажил дээр цайны цагаар бүтээлийнхээ сэдэв, судалгааг хийнэ, баримлаа хийнэ. Гэр бүлдээ ч зарцуулах цаг маш бага. Надад амралтын өдөр гэж байдаггүй. Уран бүтээлдээ дунджаар таван цаг зарцуулдаг. Баримал нь орон зайн урлаг учраас цаг хугацаа их шаардана. Чанартай бүтээлд  цаг хугацаа их орсон байдаг. Нэг бүтээл төрөхөд маш олон үе шат дамжлагатай. Бүтээлийн санаа төрөхөөс эхлээд судалж, баримлын төрх гарсны дараа нь  хэв авах, цутгах ажлууд үргэлжилнэ. Эцэст нь бүтээл төрж, үзэгчдэд хүрэх нь уран бүтээлч хүнд хамгийн том шагнал, хамгийн сайхан мэдрэмж байдаг.  Хүмүүс тухайн бүтээлээс таашаал, бясалгал, гоо зүйн мэдрэмж авахаас биш яаж, ямар үе шаттайгаар бүтдэг вэ гэдгийг мэдэхгүй болов уу.

-Уран баримлын “амин сүнс” нь юунд байна вэ. Тухайн бүтээлийн хөргөөс гадна дотоод сэтгэлийг таниулж амилуулна гэдэг уран бүтээлчээс их мэргэжлийн ур чадвар шаарддаг байх?

-Бүтээл бүр өөрийн сүнстэй. Тухайн бүтээл бүхэн хэмжээнээс үл шалтгаалсан нууц бий. Үүнийг хүмүүс олж харах нь уран бүтээлч хүний хувьд жинхэнэ кайп. Гэхдээ заримдаа тухайн бүтээлийг амилуулахад маш их цаг хугацаа алдах тохиолдол их. Аливаа бүтээлийг амилуулахад судалгаа маш чухал.

Судалгаа бол бүтээлийн амин сүнс гэхэд хилсдэхгүй. Уран бүтээлчид давхар судлаач байдаг. Бид амарч байхдаа, аялж байсан ч бүтээлийнхээ амин сүнсийг эрж хайж байдаг. Заримдаа бүтээл төрөх агшинд бодлыг минь гарын хурд гүйцдэггүй.

-Таны хувьд хамгийн их сэтгэл ханамж авч байсан бүтээл юу байв. Өөрийн бүтээлүүдээ тоолж үзэж байсан уу?

-Би хэчнээн бүтээл урласнаа мэдэхгүй, тоолж байгаагүй. Ер нь уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ тоолж байгаагүй болов уу. Бид цаг ямагт л шинийг эрэлхийлж, бүтээлээ урлаж байдаг. Сэтгэл ханамжийн тухайд баримал урлах нь миний хувьд бясалгал юм. Хөдөлмөр зарцуулсан бүтээлийнхээ ард нь гарахад амарсан ч юм шиг мэдрэмж төрдөг. Уг нь бүтээл дээрээ ажиллах үедээ заримдаа их ядарна. Гэтэл дараа нь амралт болсон байдаг.

-Уран баримлын бусад урлагийн төрлүүдээс ялгагдах онцлог юу вэ?

-Баримал оргүй хоосныг дүүргэж бүтээдэг. Уран зураг  хавтгай дээр дүрслэгддэг бол баримал орон зайд илэрхийлэгдэнэ. Зургийг бодоход бүтээх явцдаа ч орон зай шаардагдана. Нэг зургийн бүтэх хугацаа баримлын бүтэх хугацаа ч асар их ялгаатай.

Баримал хийхэд хамгийн чухал зүйл бол карказ буюу тухайн баримлын гол төмөр. Баримлын 90 хувийг бүрдүүлдэг гэхэд болно. Карказ өөрөө зөв байвал бүтээл маань цаашдаа зөв болно. Дан ганц хараад, хуулаад хийдэг зүйл бас биш л дээ. Уран барималчаас маш их тэсвэр тэвчээр, хүнд хөдөлмөр шаарддаг гэх утгаараа зарим нь шантардаг байж магадгүй.

Ер нь бид урлагийг тооно уу гэхээс урлаг биднийг тоохгүй. Өчүүхэн шантрах төдийд зэвэрдэг. Уран барималч гэдэг бусдаас онцгой мэргэжил. Зураач байхад бас барилгачин ч болно. Мөн бүтээлийн сэдэв хэзээ ч дуусдаггүй.

-Уран баримлын хөгжлөөр Монгол Улс дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж чаддаг уу?

-Уран баримлын хөгжлөөрөө манай улс дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж байна. Олон улсын уралдаан, тэмцээнд манай уран бүтээлчид нэгдүгээр байр эзэлдэг, дээгүүрт жагсдаг. Бидний бусдаас ялгагдаж буй онцлог бол монгол ахуй соёл.

-Өнөөгийн урлагийн хөгжилд ямар шинэчлэл харагдаж байна вэ?

-Орчин үеийн урлаг одоо нэгдмэл шинжтэй болж байна. Зураачид хүртэл баримал хийдэг болж. Гэвч энэ нь орон зайн хэлбэр формын ойлголтгүйгээс хийж байгаа баримал нь жин массын алдаатай байна. Материалын хувьд ч  чөлөөтэй болсон. Олгой хамер, мод, чулуу, резин гээд. Байгаль дээр байдаг юу ч байж болно. Цаасыг базаад хүртэл урлаг гэж хэлж болно. Гэхдээ тэр нь тодорхой өгөгдөлтэй, агууламжтай байх ёстой. Хүн юу сэтгэж байна, тэрийгээ гаргаж болно.

-Барималч,  уран бүтээлч хоёрт ялгаа бий юу. Та өөрийгөө уран бүтээлч гэж үздэг үү, барималч гэж боддог уу?

-Их дээд сургуулиа төгссөний дараа уран барималч гэж хэлүүлэхийн тулд их хөдөлмөрлөх шаардлагатай.  Бүтээл бүр нь амилж байж л уран бүтээлч болно. Хүмүүст бас үнэлэгдэх ёстой. Энэ үе шат бол маш их цаг хугацаа шаарддаг. Үе үеийн ихэнх алдартай уран бүтээлчид 40-өөс дээш насандаа л уран бүтээлч болдог.  Өөрөөр хэлбэл, залуу насаа бүтээлдээ зориулж байж дараа нь уран бүтээл төрдөг.

-Урлаг таны бодлоор?

-Уран бүтээлч хүн бүр урлагийг өөр өөрийнхөөрөө тодорхойлсон байх ёстой. Тэгэхээр миний бодлоор  урлаг бол оюун санааны гайхамшигт үзэгдэл. Хүнийг мал амьтнаас ялгадаг цорын ганц зүйл бол урлаг. Урлаг хүнд ямар нэгэн сэтгэгдэл үлдээдэг байх хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-08 202.126.88.191

“Mongol Art “haa bna ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж