Сүүлийн 30 жилийн хугацаанд нийгэм, улс төрийн шилжилтийн үйл явцад хамгийн хүчтэй өртсөн салбар бол боловсрол. Тус салбарт 2004 оноос хойш хэд, хэдэн өөрчлөлт хийсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын арван жилийн шатлалаас арванхоёрдугаар анги руу шилжиж, нэгдүгээр ангид долоон настай ордог байсан бол зургаа болгосон. Уг өөрчлөлт шинэчлэлт хүүхэд бүрт жигд хүртээмжтэй хүрч чадаагүй хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг.
Тэгвэл өнгөрсөн жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд анализ хийхэд төрийн өмчит сургуулийн сурагчдын англи хэлний дундаж оноо хувийн сургууль төгсөгчдөөс гурав дахин бага байжээ.
Тодруулж хэлбэл, англи хэлний сургалтын түвшин хувийн дунд сургуулиудын хувьд өндөр бол төрийн өмчит сургуулиудад маш муу байгааг дээрх судалгаа харуулж байгаа юм. Төрөөс хэрэгжүүлж байгаа Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг цөөн хэдэн сургуулиудыг эс тооцвол төрийн өмчит ерөнхий боловсролын бүх л сургууль сурагчиддаа тавдугаар ангиас нь англи хэл зааж байна. "Хамгийн гол нь, англи хэлийг анхлан заахдаа эхлээд үсэг заадаггүй, үг цээжлүүлдэг. Үсгээ мэдэхгүй хүүхдэд хэчнээн үг цээжлүүлээд нэмэргүй, мартдаг. Мөн үсгээ заалгаагүй болохоор үгээ ч бичиж чаддаггүй. Тавдугаар ангид үзэж буй англи хэлний сурах бичигт нь үсэг ч байдаггүй. Хэрвээ цагаан толгой шиг сурах бичигтэй байсан бол арай өөр" хэмээн эцэг эхчүүд ярьж буй.
Тэгвэл энэ асуудлыг Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Ундармаагаас тодруулахад:
–1992 оноос ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрт англи хэлний хичээл багтсан. Ингээд 1997 оноос бүх шатны боловсролын байгууллагад англи хэл судлах эхлэл тавигдаж, 2008 онд "Англи хэлний боловсролын үндэсний хоёр дахь хөтөлбөр" батлагдсан. 2015 оноос ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас англи хэлний хичээлийг үзэж эхлээд байгаа юм. Одоо хэрэгжиж байгаа англи хэлний хөтөлбөрийн зорилго нь:
- Бага боловсролд өдөр тутмын хэрэглээний агуулгыг энгийн өгүүлбэрээр илэрхийлэх чадварт сургах, гадаад хэл сурах эрмэлзэлтэй болгох,
- Дунд боловсролд өдөр тутмын амьдрал, ахуй нийгэм, соёлын хүрээнд харилцдаг, үндэснийхээ соёлыг хүндэтгэх хүсэл эрмэлзэлтэй болгоход,
- Бүрэн дунд боловсролын хүрээнд нийгэм, соёл, шинжлэх ухаан, ахуйн хүрээнд харилцах, цаашлаад бие даан гадаад хэл суралцах чадварт сургахад чиглэж байна.
Хичээлийн цагийн хувьд бага анги долоо хоногт гурав, ахлах ангийн сонгон судлах цаг 2-6 байдаг. Ингэхдээ тавдугаар ангийн хүүхдүүдэд англи хэл сурах сонирхлыг нь төрүүлэхийн тулд цагаан толгойн үсгийг хөнгөн аргаар буюу дуу, шүлэг сонсгох хэлбэрээр заадаг. Үүний дараа үсгээ нүдлүүлдэг. Түүнээс биш монгол хэл шиг шууд цагаан толгойн үсэг заадаггүй. Хүүхдийн хувьд анх яаж хэлд ордог билээ, тэр зарчмаар явна. Дөнгөж хэлд орохоос өмнө байнга л сонсох процесс явагддаг. Дараа нь аав аа, ээж ээ гээд ярьж эхэлдэг. Тэрний дараагаас хүүхэд уншдаг, бичдэг. Үүнтэй яг ижилхэн хүүхдэд тийм арга барилаар англи хэл заах нь илүү үр дүнтэй байдаг. Бага насны хүүхдийг сургах гэдэг бол маш олон талын бэлтгэл шаарддаг. Наад зах нь анги танхимыг орчин бүрдэлтээс эхлүүлээд тухайн хүүхдийг сонирхлыг нь татахуйц байлгах шаардлагатай байдаг. Хичээлийн хөтөлбөрийн хувьд хүүхдийг хэтэрхий залхаасан, дүрэм онол дээр суурилсан, өгүүлбэрийг бүтэц бүрэлдэхүүн заах нь боломжгүй зүйл" гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ